"МОНГОЛЧУУД: СОЦИАЛИСТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ (1960-1989) НОМ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Монголчууд цувралын VI боть Монголчууд: Социалист бүтээн байгуулалт (1960-1989) ном уншигчдын хүртээл боллоо.

2010 оноос эхэлсэн “Монголчууд” төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас авхуулан 1990 оныг хүртэлх монголчуудын түүхийг харуулсан

  • Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал (Нэн эртнээс XII зууны эхэн)
  • Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII зууны II хагасаас XVII зууны эхэн)
  • Монголчууд: Харийн тамган доорх нүүдэлчид (XVII-XX зууны эхэн)
  • Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)
  • Монголчууд: Нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)

гэсэн 5 боть бүтээл гарсан билээ.

Тус цуврал нь өнөө цагт эх оронч үзлийг төлөвшүүлэх чиг бүхий бүх нийтийн түүхийн боловсролд зориулагдсан бүтээл юм. Тэр ч утгаараа ойлгоход маш хялбар текст, тохирсон хэмжээт дүрс зураг бүхий хялбаршуулсан нэвтэрхий толь хэлбэрийн бүтээл болсон. Хүн бүр түүхийг өөр өөрсдийн дураар тайлбарлах нь шинжлэх ухааны судалгаанд байж болох асуудал хэдий ч нэг улсын хувьд Нэг түүх, Нэг соёл, Нэг хэлтэй байх шаардлагатай. Монголчууд бид түүхийн талаар эмх цэгцтэй нэгдсэн нэг ойлголттой болох, нэр томьёоны асуудлыг жигдлэх зүйл дээр ч бид анхаарч ажиллалаа. Тус бүтээлд түүх судлалын мэргэжлийн болон мэргэжлийн бус өнөө цагийн хамгийн тэргүүний эрдэмтэн, мэргэжилтэн 70 орчим хүн гар бие оролцож арав гаруй жил  үргэлжлэн амжилттай дуусаж байна.

Цувралын сүүлийн ботид 1960 оноос Монгол улс 3 дахь үндсэн хуулиа батлан гаргаж, мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьснаас өөрчлөн байгуулалтын өмнөх цаг үеийн түүхийг өгүүлжээ.

Энэ хугацаанд монголд аж үйлдвэржилт явагдаж, дэлхий дахины хөгжил дэвшилтэй танилцаж эхлэв. Салбар бүхэнд мэргэжилтэй боловсон хүчин бий болж сэхээтний гэх нэгэн давхарга бүрэлдэн тогтжээ.

Хотжилт явагдаж Улаанбаатарын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлахын зэрэгцээ орон сууц, хорооллууд сүндэрлэв. Гадаад харилцаа хөгжиж, улсын хилийг тогтоож, нэгдсэн үндэстний байгууллагад элсэн орж, монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг түүхийг энэхүү номоос мэдэх боломжтой. Түүнчлэн III, IV, V 5 жилийн төлөвлөгөөний он жилүүдэд монголын боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болж, урлаг спортын тив, дэлхийн тэмцээнүүдэд тамирчдаа илгээж эхэллээ. Түүгээр ч барахгүй улс орныхоо батлан хамгаалах чадавхыг ихээр нэмэгдүүлжээ.

Социализм бүхэлдээ дан ганц сайн сайхан цогцолсон, өө сэвгүй нийгэм байсангүй. Эрх баригч нэг нам, нэг үзэл суртал хуваарьгүй ноёрхсон, хүний эрх, эрх чөлөө хэрэг дээрээ хязгаарлагдмал, бараа материалын болоод хэвлэл мэдээллийн хомсдол нүүрлэсэн, үзэл суртлын хатуу цагдалт хяналт тогтсон, улс төр, эдийн засаг, оюун сэтгэлгээний хувьд ЗХУ-аас хамааралтай оршдог, түүний дагуул улсын нэг байлаа. Тийм ч учраас социалист байгуулалт эцэстээ мухардалд орж, задран унахад хүрсэн юм. Мандах социализмын далбаан дор өрнүүн байгуулсан их бүтээн байгуулалт зах зээлийн хатуу хүйтэн шуурганд хэдхэн жилийн дотор нуран унасан түүхтэй.

Эцэст нь тэмдэглэхэд, социалист бүтээн байгуулалтын үеийн бодит түүх Монголын түүх судлалд зохих ёсоор байраа эзэлж, бүрэн дүүрэн судлагдаж амжаагүй байна. Үүнд, нэг талаар өмнөх түүх бичлэгийн үндэс улбаа хадгалагдан буй явдал, нөгөө талаар энэ үеийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн субьектив чиг хандлага арилаагүй, олны дунд социализмын он жилүүдийг сайн сайхнаар дурсах ностальжи сэтгэлгээ цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болж байгаа явдал ч зүй ёсоор нөлөөлж байна.

2021/01/29

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос