СОЁЛ УРЛАГИЙН ГАЗРЫН ЭРХ, ҮҮРЭГ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Соёл урлагийн газар” нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 07 – р сарын 27 өдрийн 4 –р тогтоолоор байгуулагдсан. Мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Соёл урлагийн газрын дарга томилогдсоноор 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр дор дурьдсан хууль эрх зүйн хэм хэмжээнд чиг үүргээ тодорхойлон үйл ажиллагаагаа явуулж байна.
АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
7 дугаар зүйл.Агентлагийн нийтлэг эрхлэх асуудал
7.1. Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:
7.1.1.хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;
7.1.2.холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.3.төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгөх саналыг үндэслэл, тооцоотой боловсруулах;
7.1.4.агентлагийн хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төслийг хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид оруулах;
7.1.5.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагад эрхэлж буй ажлын чиглэлээр мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
7.1.6.салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
7.1.7.хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах;
7.1.8.Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах;
7.1.9.хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
7.1.10.хууль тогтоомжид заасан бусад нийтлэг эрхлэх асуудал.
7.2. Агентлагийн эрхлэх тодорхой асуудлыг хууль тогтоомж, хуулиар эрх олгосон бол Засгийн газрын шийдвэрээр тогтооно.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
СОЁЛЫН ТУХАЙ
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СОЁЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ БҮРЭН ЭРХ
19 дүгээр зүйл.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо
19.1.Соёлын үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо нь Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, соёлын байгууллагын удирдлагаас бүрдэнэ.
22 дугаар зүйл.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
22.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
22.1.1.соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
22.1.2.дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан соёлын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох арга хэмжээг авах;
22.1.3.соёлын статистик мэдээллийг нэгтгэн гаргаж, дүн шинжилгээ хийх;
22.1.4.соёлын үнэт зүйлийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулах, үндэсний соёл, дизайны уламжлалыг дэмжин хөгжүүлэх;
22.1.5.түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах болон дотоод, гадаадад үзэсгэлэн гаргахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих;
22.1.6.соёлын салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах;
22.1.7.соёл, урлагийн мэргэжлийн холбоод, олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрт дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
22.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 141 дүгээр зүйл.
Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
141.1.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага соёлын өвийг хамгаалах чиглэлээр дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
141.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
141.1.2.соёлын өвийн улсын үзлэг, тооллогыг хуулиар тогтоосон хугацаанд явуулж, дүнг Засгийн газарт тайлагнах;
141.1.3.соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах, бүртгэгдсэн өвийг хадгалж хамгаалах арга хэмжээ авах;
141.1.4.соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг тогтоох, бүртгэх;
141.1.5.соёлын өвийг хувилах, бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих;
141.1.6.дуудлага худалдаагаар худалдах соёлын биет өвийн бүртгэлийг хөтлөх, тайланг хүлээн авах, хяналт тавих;
141.1.7.нийтийн өмчийн соёлын өвийг хадгалах, бүртгэх ажлыг мэргэжлийн ажилтнаар гүйцэтгүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
141.1.8.устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж, улс, орон нутгийн төсвийн болон хандивын хөрөнгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
141.1.9.соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг хөтлөх;
141.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/