МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛГААР БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан.  Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн  бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төв сууринаа  оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван тансаг идээний нэгэн болох нуур, гол мөрөн, рашаан, усны дээж, таван үрийн дээж, таван үнэртний дээж, таван эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн байна.

Хүндэтгэлийн тайзнаа “Чингисийн чулууны бичиг” гэрэлт хөшөөний эх хуулбарыг байрлуулжээ. Энэхүү гэрэлт хөшөө нь монгол бичгээр эзэн Богд Чингис хааны зарлигаар бичигдэж үлдээсэн хамгийн эртний дурсгал  болно. Уг түүхийн дурсгалт бүтээлийн эх хувь Монголын эзэнт гүрний үед Есүнхэ мэргэний Хархираа хотоос 1818 онд олдсон бөгөөд эдүгээ ОХУ-ын Санкт - Петербург хотноо Эрмитаж Улсын музейд хадгалагддаг. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санкт - Петербург дэх Эрмитаж музейд зочилж “Чингисийн чулууны бичиг”-ийн эх хуулбарыг хүлээн авсан юм. Тэрээр “Чингис хаан” музей байгуулах санаачилгыг гарган, бүтээн байгуулалтыг удирдан ажиллаж, Их хаан Эзэн Чингисээ мөнхөд алдаршуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд шүншиг байрлуулах ёслолыг хүндэт зочдын хамтаар гүйцэтгэлээ.          

"Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаасан аж. Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн  музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай.

Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг, ажлын хэсэг Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзлийг сэргээн бадраах, Монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэй нийцүүлэн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорин ажиллаж байна.

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт - танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болно.

‘Чингис хаан’ музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

2020/04/02

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос