
Чингис хааны музей байгуулах ажлын хэсгийн гишүүд болон улс, орон нутгийн музейн захирлууд нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй баг 2020 оны 2 дугаар сарын 01-нээс 06-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж 6 музей, 1 их сургуульд зочлон музейн үйл ажиллагаа, сан хөмрөгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, Конжу их сургуульд зохион байгуулагдсан “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт” сэдэвт сургалт, семинарт хамрагдлаа.
Ингээд та бүхэнд БНСУ-ын 6 музейн товч танилцуулга болон тус сургалт, семинарын талаарх тэмдэглэлээс хүргэж байна.
СОЛОНГОСЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
БНСУ нийтдээ 1000 гаруй музейтэй бөгөөд Солонгосын үндэсний музей нь 14 салбар музейгээс бүрдэнэ. Музей бүр өөр өөрийн өнгө төрх, утга агуулгыг өөртөө шингээж баригдсан тухайн нутгийн эртний түүхийг үзмэр үзүүлэгтээ харуулсан байдлаар дэглэгдсэн байна. Одоогоос 14 жилийн өмнө Сөүл хотод Үндэсний шинэ музейгээ барьж байгуулж байжээ. Тус музейн удирдлагыг БНСУ-ын ерөнхийлөгч томилдог бол 14 салбар музейн удирдлагыг тус улсын ерөнхий сайд томилон ажиллуулдаг байна. Үндэсний музейн барилга нь 2 хөл бөмбөгийн талбай нийлүүлсэн хэмжээний маш том талбайг ашиглаж барьсан байлаа. Тус музей нь 3 давхар барилгатай дээшээ харахад тэнгэр харагддаг бөгөөд дээд хэсгийг солонгос ятгын хэлбэрээр бүтээсэн байв. Энэ нь газраас тэнгэр хүртэл нээлттэй гэсэн утгыг өөртөө агуулсан бөгөөд ятгын утас шиг өв соёлын харилцааг холбон ажиллана гэсэн утга агуулгатай юмсанж.
1-р давхарт Чулуун зэвсгийн үеэс эхлээд Чусоны хаант улс хүртэл бүх өв соёлыг дэглэн харуулсан, 2-р давхарт БНСУ-ын үндэсний бичиг, уран зургууд байршсан, 3-р давхарт Дэлхийн өв соёлын үзэсгэлэнгүүдийг гаргадаг мөн Буддын шашны дурсгалуудаас бүрддэг байна. Биднийг очиход эртний Египетийн түүхийн өв соёл үзэсгэлэн нээгдсэн байлаа.
Солонгосын Үндэсний музейд зочлох үеэр буюу 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон Солонгосын музейн холбооны ерөнхийлөгч Юүн Ёлсү нар хоёр улсын музейн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон.
СӨҮЛ ХОТЫН ХАНСОН ПЭГЖЭ МУЗЕЙ
2000 жилийн түүхтэй Пэгжэ улсын нийслэл Вэ хэрмийг 20 жилийн өмнө археологийн малтлагаар илрүүлэн энэ газар тус музейг барьж байгуулсан бөгөөд Сөүл хотын музей болгосон байна. Тус хэрмийн өндөр 11 м, урт 401м, 1700 жилийн өмнө баригдсан гэж тодорхойлсон байна. Музейн хамгийн дээд давхраас Сөүл хотыг тольдон харах боломжтой. Эртний Пэгжэ улсын нийслэл байсан газар тус музейг байгуулсан байна.
ҮНДЭСНИЙ БҮЁО МУЗЕЙ
Пэгжэ улсын нийслэл түүхэндээ гурван удаа нүүсэн байдаг. Хоёр дахь удаагаа одоогийн Буёо хотод нүүж ирсэн байдаг юм байна. Энэ музейд Солонгос улсын хосгүй үнэт үзмэр эх хувиараа хадгалагдаж байдаг. Маш уран нарийн хийцтэй сангийн бойпорыг нь үзэх гэж олон жуулчид Буёог зорин очдог. Хажуудаа хүүхдийн музейтэй бөгөөд зуны улиралд боловсролын ажлыг явуулдаг байна. Тус боловсролын ажилд хамрагдахаар Солонгосын олон хотоос хүүхдүүд зорин ирдэг алдартай музей.
Тус музейн захирал Юүн Хёнвөн бидний энэ удаагийн айлчлалын Солонгос талын зохион байгуулалтыг хариуцан ажилласан. Тэрээр мөн Солонгосын төв азийн судлалын холбооны ерөнхийлөгчөөр давхар ажилладаг.
ҮНДЭСНИЙ КОНГЖУ МУЗЕЙ
Конжу музейг Пэгжэ улсын 2 дахь нийслэл, Чунсон Намжу аймгийн археологийн олдвор дээр тулгуурлаж нээсэн байна. Тус музейн хажууд сан хөмрөгийн шинэ барилга баригдаж байсан бөгөөд биднийг барилгын стандарттай танилцуулсан юм. Уг барилга нь газраас доош 2 давхар байхаар төлөвлөгдсөн бөгөөд нийт талбай нь 2349 м2, 15 тэрбум воноор төсөвлөгдөн баригдаж байна. БНСУ нь музейн барилгын стандарт үзмэр үзүүлэг дэглэлтийг маш нарийн төлөвлөж олон жилийн судалгаа туршлага дээр үндэслэн барьж байгуулдаг байна. Жишээлбэл тус сан хөмрөгийн барилгын дотор талыг гадна дотроосоо дулаан хадгалдаг шинэлэг материалаар барьж байгаа бөгөөд гадна талыг нь энгийн тоосгоор харин дотор талыг Мурён хааны булшнаас олдсон тоосготой ижил өнгийн тоосгоор барих юм байна.
ҮНДЭСНИЙ ИГСАН МУЗЕЙ
Тус музей нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шинээр ашиглалтанд орсон Солонгосын хамгийн отгон музей. Тус музейг эртний сүмийн туурин дээр барьж босгосон. Музейн гадна талдаа эртний суваргатай бөгөөд энэ музей нь буддын шашны үзмэр элбэгтэй байлаа.
КИМХЭ ХОТЫН ҮНДЭСНИЙ КИМХЭ МУЗЕЙ
Солонгосын эртний улсын нэг Гаяа улс/1-4 зууны үед хамрагдах/- ын нийслэл байсан тус хотын музей нь төмрийн үеийн дурсгал ихтэй. Музейн гадна талын барилгын пасатыг төмрөөр хийсэн нь сонирхол татахуйц бөгөөд төмрийн үеийн олон дурсгалуудыг энэ музейгээс үзэх боломжтой.
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ХАМТРАН “СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
/КОНЖУ ИХ СУРГУУЛЬ/
Конжу музейн хажууд Конжу их сургууль байдаг бөгөөд тус сургууль нь 1941 онд байгуулагдсан БНСУ-ын их дээд сургуулиудын дотроос 3 дугаарт ордог бөгөөд соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлээр элсэлт авч сургадаг. Үүний нэг болох Конжу их сургуулийн соёлын өвийн танхимд тус сургуулийн соёлын өвийн танхимын багш Чу Нам Чол 3D скайнер, дижиталь байдлаар сэргээн засварлах ажлыг хэрхэн хийх талаар сонирхолтой лекц уншиж танилцууллаа. Мөн сургуулийн сэргээн засварлалтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын ШУТИС, БНСУ-ын Конжу их сургууль хамтран соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр 7 жилийн төслийг эхлүүлж байгаа юм байна. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр монгол оюутнууд соёлын өвийн сэргээн засварлалтаар мэргэшин суралцах боломж нээгдэх юм. Конжу их сургуулийн нэгэн проф. доктор багшийн илтгэлд манай улс үндэснийхээ музейг барихдаа 30 жил судлан, үзмэр үзүүлэг дэглэлтээ 10 жил бэлтгэн хийдэг, музейн барилгыг барихдаа хамгийн наанадаж 100 жилийн баталгаатай барьж байгуулдаг гэж ярив. Үнэхээр бодлого төлөвлөлт бүрийг шимтэн сонсож тэднээр бахархаж суулаа. Музей бүр үйлчилгээний чанар хүртээмжийг маш сайн хангаж ажилладаг төдийгүй нэрийн дэлгүүрүүд болох shop-уудаар давхар өв соёлоо сурталчлан таниулах бэлэг дурсгалуудыг худалдан борлуулдаг. Үзмэр үзүүлэг сан хөмрөгийг хадгалах, хамгаалах талаар олон улсын стандартыг өндөр түвшинд хангаж ажилладаг зэрэг сурч, судлах, суралцах зүйл маш их байлаа.
Тус сургалт, семинар дараах 3 сэдвийн хүрээнд явагдлаа. Үүнд:
- “Хүүхдийн музей болон музейн боловсрол” Бүёо Үндэсний музейн Боловсролын албаны дарга Ким Сонён
- “Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн хадгалалтын өнөөгийн байдал болон хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны үүрэг” Бүёо Үндэсний музейн мэргэлжилтэн Шин Юнби
- “Дэлхийн чиг хандлага музейн үзэсгэлэнгийн арга болон дизайн” Сун Илсог
Энэхүү сургалт нь өндөр ач холбогдолтой, чанартай сургалт болсон. Удахгүй баригдах, баригдаж байгаа, ирээдүйд баригдах музейн удирдлагуудад цаг үеэ олсон сургалт болсон гэж дүгнэж байна.