ХӨГЖИМ СУДЛААЧ С.ЭНХБУЛАГ: “АЛТАН НАМАР-2019” ХӨГЖМИЙН НААДМЫН ТУХАЙД

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

“Өрнийн үзэл санаа, хэв загвараас холдох” гэсэн үзэл санаагаа бүтээлүүдээрээ харуулах гэсэн байхыг үгүйсгэхгүй..,    

2019 оны “Алтан намар” хөгжмийн наадмын эхний үдшийн тоглолтыг сонирхож сонслоо. Сонирхсон төдий бус ерөөсөө л хөгжмийн зохиолчдынхоо шинэ бүтээлийг хүсэн хүлээж байдаг хөгжмийн “баяр”, тийм л цаг үе юм, энэ “Алтан намар” болбоос. Энэ удаагийн наадмын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар зохион байгуулсан нь чухал алхам болжээ гэж үнэлэгдэхээр байв. Учир нь өмнөх “Алтан намар” наадмын концертууд жилийн жилд “сайн дурын тоглолт” болдог байсансан. Хэн дуртай нь, завтай нь, нэг хоёр харж бэлдсэн зохиолоо концертын явцад дараалал байхгүйгээр оруулж сонсгодог байсан хэрэг. Тийм концерт хэзээ дуусах нь тодорхойгүй, хэний зохиолыг сонсох нь тодорхойгүй. Ямартай ч 2019 оны “Алтан намар” зохион байгуулалтын хувьд амжилттай боллоо гэж дүгнэхээр байлаа.

“Алтан намар - 2019” концертод эгшиглэсэн бүтээлийн тоо ч мөн хязгаартай цөөн байсан нь “босго” өндөр байсан болов уу гэж таамаглахаар. Нээрээ л дорвитой цөөн тооны “том хэлбэрийн бүтээлүүд” байлаа. Шинэ уран бүтээл сонсохыг хүсэхийн учир нь нэг талдаа гоо зүйн ач холбогдолтой хэдий боловч нөгөө талдаа уран бүтээлчдийнхээ зохиол туурвилтай танилцах, тэдний сэтгэлгээний хөгжлийг мэдрэх, эрдэм, боловсрол, ухааныг олж харах гэх мэт танин мэдэхүйн ач холбогдолтой юм.  Харин энэ удаа сонссон бүтээлүүдийн тухай хэдэн үг хэлэхгүй орхиж болохгүй санагдсан учраас доорх зүйлсийг бичиглэв.    

Наадмын эхний үдшийн тоглолтын хамгийн эхэнд хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн тоглуулсан бүтээл нь концертын хөтөлбөрт байгаагүй хэрнээ тааруухан хөгжим байв. Дутуу боловсруулсан, өөрийн хэв маяг, арга барил нь олдохгүй, юу хэлэх гээд байгаа нь үл ойлгогдох зохиол байлаа. Энэ үдшийн хөтөлбөрт бичигдээгүй байсныг бодоход төлөвлөгөөний гадуур “анархизм” байх бололтой юм.

“Алтан намар 2019” хөгжмийн наадмын тухай бичвэрээ эерэг талаас нь эхлүүлэхэд юуны түрүүнд хөгжмийн зохиолч С.Тараагийн “Шанз, төгөлдөр хуурын холбоо аялгуу буюу концертино” – г дурдах хэрэгтэй болно. Хөгжмийн хэллэгийн хувьд маш энгийн, сонссон хүнд бол гайгүй боломжийн сэтгэгдэл төрүүлэхуйц зохиол байлаа. Эхний удаа сонсоход жазз маягтай мэт сонсогдох боловч үндэсний хөг аялгуу түлхүү дуурьсах нь зарим нэг талаар шудрагын уламжлалт хөг аялгуу, хэмнэлийг санагдуулах аж. Энэ хөгжмийг таалан сонсож байхад хөгжмийн зохиолч С.Бүтэдийн “Сартай хүрэний хатираа”, агуу Мөрдоржийн “Унаган жороо” санагдаж байх юм. Гэхдээ тэдгээр хөгжмийн зохиолчдын бүтээлээс “хуулчихлаа” гэх мэт өөр, нөгөө талаас нь асуудлыг хөндөх гэсэн бус сүүлийн үед үгүйлэгдээд байсан шударгын гоцлол, дээрх зохиолуудыг санагдуулахуйц сайхан бүтээл бий болсонд талархах сэтгэгдэл төрсөндөө тэдгээрийг харьцуулж бодсон хэрэг. Концертын бүтээлд байвал зохих өрнийн сонатын хэлбэрийг хэрэглэсэн хэрнээ мартагдах шахсан Da capo хэлбэрийг авсан нь амар бөгөөд хялбар, тэр тусмаа сонсогчдод төвөггүй мэт. Сонатын хэлбэрийн үндсэн зарчим болох гол болон туслах аялгууны ялгарамжийг эхний хэсэгтээ харуулсан бол дунд хэсэг нь нэлээд өвөрмөц хийцтэй юм. Зохиолын хамгийн голын хэсэгтээ каденц оруулсан бол тэндээсээ хоёр тийшээгээ тэгш хэмнэлтэй байгаа нь жинхэнэ утгаараа нөгөө “сонгодог” зарчим бусуу.    

Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Их хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-ыг энд дурдахгүй байхын аргагүй юм. Их хуур хөгжмийн урын санд үгүйлэгдээд байж болох тэр л уран бүтээл энэ мөн. Сонсоход ойлгомжтой, ая аялгуу, хэм хэмнэл нь орчин цагийн их хуур хөгжимчдийг урагш нь чирэх зохиол болсон мэт санагдаж байна. Их хуурын уран санд, хөгжимдөх арга барилд шинэлэг байж болох давхар өнгө, пиццикато болон дээд өнгөндөө нэлээд хийх ажилтай аж. Өрнийн сонгодог концертын зарчмаар бичигдсэн энэхүү 3 ангит зохиолын нэгдүгээр анги нь сонатын хэлбэрт бичигдсэнийг загварчилбал нэг иймэрхүү харагдана.

Энэ бол сонатын хэлбэрийн тонгоруу давтал хэсэгтэй хувилбар юм. Яг ийм сонатын хэлбэрийн хувилбарыг А.Дворжакийн Морин хийлд зориулсан концертын нэгдүгээр анги, Ф.Листын “Прелюд” симфони найраглал зэргээс харж болно. Ийм тодорхой хэлбэртэй бичигдсэн зохиол сонсоход цэгцтэй, логиктой, гол нь сонсогчид өгөөж нь их байдаг. Үүнийг бичигч энэ тухай санаанаасаа зохиогоод байгаа бус хүн төрөлхтөн хөгжмийн урлагийн энэ хэлбэрийг хамгийн том, хамгийн чухал хэлбэр хэмээн үзсээр 400 гаруй жил болжээ. Үүнийг дагахгүй байж болно. Харин тэр тохиолдолд өөрийн гэсэн мөн тиймэрхүү “логик” агуулсан хэлбэр байх хэрэгтэй бизээ. Энэ удаад хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн энэхүү концерт бол зохиогчийнхоо боловсролын түвшинг, уран бүтээлч сэтгэлгээг харуулсан бүтээл болсон байх юм. Концертын хоёрдугаар анги нь вариацын хэлбэрт бичигдсэн бөгөөд залуу уран бүтээлчийн аялгууны “арга ухаан”-ыг тодотгож байгаагаараа онцлог юм. Нөгөө л амьдралын ухаан, гүн бодлогошрол, хөвөрсөн санаашрал... Энэ утгаараа хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “философи” сэтгэлгээний зарим нэг шинжүүдийг санагдуулах аж.

Манай хөгжмийн зохиолчдын бүтээл туурвилдаа бяд сууж, бяраа харуулсан нэг хөгжим бол хөгжмийн зохиолч Д.Ариунболдын “Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжимд зориулсан концерт” байлаа. Энэ хөгжмийг сонсож байхад нэг санаа төрсөн нь тухайн зохиолыг амилуулагчид болох хөгжимчдийн асуудал байсан юм. Эхний ээлжинд хөгжмийн зохиолчид үндэсний хөгжимд зориулсан концерт бичих нь таатай, сайхан боловч түүнийгээ хүч ихтэй, тембр чангатай өрнийн “бүхэл бүтэн” симфони найрал хөгжимтэй хослуулан бичих нь таарамж муутай мэт. Жишээ нь морин хуур болон симфони найрал хөгжимд зориулсан концерт гэх мэт. Нэг талдаа үндэснийхээ хөгжмийн зэмсэгийг симфони найрал хөгжимтэй харьцуулах нь бахархалтай хэдий боловч эвийг нь олж чадаагүй тохиолдолд үндэсний хөгжим нь өөрөө хүчин мөхөсдөж сонсогдоно. Эндээс үүдээд морин хуурт (зөвхөн морин хуур төдий биш бусад үндэсний хөгжмүүдэд) зориулсан зохиолоо үндэснийхээ найрал хөгжимтэй хоршуулбал хүчний, хүчдэлийн талдаа төдийгүй, тембрийн хувьд илүү зохистой мэт бодогдож байх юм. Энэ удаад бол хөгжмийн зохиолч Д.Ариунболд икэлд зориулсан концертынхоо “хамтрагчаар” төгөлдөр хуур, цохивор хөгжмийн цөөхүүлийг сонгосон нь нэлээд аятайхан сонголт болжээ гэмээр байсан боловч цохивор хөгжимчдийн “хэт сайн тоглолт”, тэдний мэдрэмжгүй үйлдлүүд нь тухайн зохиолыг хатуу, түрэмгий өнгө аястай болгож орхив. Икэлд зориулан концерт туурвиж, энэхүү хөгжмийг мэргэжлийн түвшинд гарган ирж байгаа нь, морин хуурын хэмжээнд икэлийг гарган тавьж байгаа нь сайн хэрэг боловч манай хөгжмийн урлаачид зэмсгийнхээ өвөрмөц тембрт анхаарч түүнийг хадгалах нь зүйтэй мэт санагдаж байх юм.

Д.Ариунболдын бүтээсэн “Икэл, төгөлдөр хуур, цохивор хөгжимд зориулсан концерт”

A

C

A

Presto

Adagio

Presto

es-moll

f-moll

es-moll

es-moll

es-moll

es-moll

es-moll

a

b

a

c

c1

C2

a

  Энэ бол тухайн зохиолын үндсэн хэлбэр: нийлмэл 3 анги. Бидний сурч дассанаар бол өрнийн хөгжмийн хэлбэр бүтэц ба хэсгүүд нь хоорондоо ялгарамжтайгаараа онцлог байдаг бол дээрх концертод аялгуу, хурд, хэмнэл талаасаа ялгарамж байгаа хэдий ч түүнийг нь дэвсгэр хөгийн ижилсэл (минорын хөг) нь бүрхэгдүүлж байгаа юм. Магадгүй үүнийг дорнын “статик” явц гэсэн утгаар тайлбарлаж болох юм. Өөрөөр хэлбэл ялгарамж бага байх нь хөгжмийн агаарыг зөөлрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг биз. Гэсэн хэдий боловч уг зохиолын дотоод логик явц, цэгцтэй хөгжүүлэг зэргийг үнэлүүштэй юм. Икэлийн уламжлалт татлагыг орчин үеийн хэмнэлтэй зохируулан хэрэглэсэн байгаа нь сонсогчдын сэтгэлийг татах, тэднийг, магадгүй “доргиох” нэг үндэс байж болох юм. Энэ бүтээл бол “Алтан намар-2019” хөгжмийн наадмын нэгэн онцлох хөгжим байсныг товч дурдахад ийм байна.         

   Хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Токкато” болон “Эрч ба хурд” хэмээх зохиолууд нь олон жилийн дадлага туршлагатай, олон тооны уран бүтээлийн ард гарсан уран бүтээлчийн хувьд шинэ өнгө аясыг эрэлхийлсэн, хайсан, тэгээд гаргаж ирж чадсан гэхээр бүтээлүүд байлаа. Хөгжмийн зохиолчийн суурь боловсрол, мэргэжил зэргээс хамаарч түүний өмнөх бүтээлүүд нь түлхүү өрнийн маягтай байгаад, бид тэндээс боломжийн хэрээр сайхныг сонсож мэдэрч байсан бол энэ удаад харин “залуу” хүний эрч хүчийг мэдрэх боломжтой боллоо.

Морин хуур болон симфони найрал хөгжимд зориулсан “Токкато” бол дээрх эрч хүчийн илэрхийлэл. Сонсоход уйдамгүй хөгжим. Уйдамгүй гэдэг нь хэлбэр бүтцийн хувьд хэсэг бүлгүүдийн ялгарамжийг хурц тод гаргаж өгсөн, гаргахын үндэс нь хөгжмийн хэллэг, фактурын сонирхолтой арга барилуудыг сонгон хэрэглэсэн байгаа юм. Үндэсний монгол хөг хэмнэлийг багтаасан, агуулсан, мөн дээр нь морин хуур хөгжмийн зэмсгийн онцлогийг гаргаж чадсан бүтээл болжээ. Халх жононгийн татлагыг орчин үеийн хөгжмийн, мөн дээр нь өрнийн хөгжмийн токкато төрлөөр илэрхийлсэн байдаг нь сонирхолтой сайхан, сонсмоор “амттай” хөгжим болгосон байх юм.  

“Алтан намар” хөгжмийн наадмын үеэр анхаарал татсан, сонирхолтой байж болох бүтээл бол Ж.Энхбаярын “Симфони №1” байсан юм. Симфони бичнэ гэдэг бол хөгжлийн асар их хурдтай энэ цаг үед бол хүссэн болгоны хийгээд байдаг ажил биш юм. Харин эхэлсэн бол “симфони” шиг симфони бичих нь нэг хэрэг биз гэж ойлгож байна. Симфони хэмээх төрөл зүйл нь өөрөө дан хөгжмийн бүтээлүүд дундаа хамгийн дээгүүр байр эзэлдэг, хөгжмийн сэтгэлгээний өвөрмөц, төвөгтэй арга барил, сэтгэлгээг шаардаж байдаг. Аялгуу талаасаа, хэм хэмнэл талаасаа, дуурьсал, найрал хөгжмийн бичлэг, ер нь аль ч талаасаа нэлээд асуудалтай. Ийм л зүйлийн ард хөгжмийн зохиолч Ж.Энхбаяр гарах хэрэгтэй, гарсан байх ёстой байв. Энэ удаагийн нэгдүгээр симфонид сайн зүйл байгаа нь найрал хөгжмийн бичлэг (мэргэжлийн хэллэгээр бол “оркестровк”) байсан. Манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдэд барагтай л бол сонсогдоод байдаггүй симфони найрал хөгжмийн бичлэг дуурьсаж байсан нь талархалтай. Мөн бидний сонгодог хэмээн авгайлдаг хөгжмүүдэд ихэвчлэн хэрэглэгддэг аккордуудын донжийг олж дуугаргасан нь бас боломжийн хөгжим гэмээр. Харин симфони хэмээх хөгжимд заавал байх ёстой тасралтгүй үргэлжлэх хөгжмөн буюу хөгжмийн сэтгэлгээ мэдрэгдсэнгүй. Магадгүй энэ нь уг симфонийн үргэлжлэх хугацаа маш бага байсантай холбоотой байж болох боловч сонгодог хөгжмийн хэлбэр бүтэц, зохиомжийн явц, уран сэтгэмж гэх мэтээр бусад талуудыг нь дурдвал учир дутагдалтай симфони болсон мэт. Мөн полистилийн хөгжим баймааргүй. 8 минут хүрэхтэй, үгүйтэй симфони (8 секундын зохиол байдаг гэж үзвэл 8 минут гэдэг уг нь харьцангуй их хугацаа) сонсоод нөгөө хүсээд байсан философи, нөгөө сэтгэлгээ, нөгөө өнгө будгийг олж мэдэрч амжсангүй, мэдрүүлсэнгүй. Магадгүй энэ зохиол нь хөгжмийн зохиолч Ж.Энхбаярын “жинхэнэ” симфони бүтээлйнх нь эхлэл буюу үзүүлэх (экспозиц) хэсэг байж болохоор аж. Хэрвээ тийм бол дараагийн нэг удаа бид түүний симфонийг бүтнээр нь сонсох боломжтой болж болох юм. Дээр нь нэмж бичих зүйл бол симфони найрлын хөгжимчид ямар ч зохиолыг хөгжимдөх ур чадвар, хөгжимдөх хариуцлага үүрэх нь аливаа зохиол хөгжмийн зохиолчийн бичсэнээр эгшиглэх боломжийг бий болгоно гэж найдаж байна.              

Энэхүү наадмын хөгжмийн бүтээлүүдээс сэтгэл сэргэмээр, сайхныг бодмоор, мөрөөдмөөр, сэтгэл баясмаар зохиол байсангүй гээд биччихвэл нэг их хол зөрөхгүй биз. Энэ бол “Алтан намар 2019” тоглолтын эхний өдрийн сэтгэгдэл.

Манай хөгжмийн зохиолчид өөрсдийнхөө хэв маягийг олохгүй л явна даа гэмээр байх юм. Ямар нэг концерт, симфони байлаа гэхэд тодорхой нэг түвшинд тухайн бүтээлийн драматург гэж зүйл байх ёстой юм. Агуу Л.Бетховен, Г.Малер, Д.Шостакович гээд өрнийн симфонистуудын жишиг “сүүдэр” бараадвал ямар байх бол?. Зохиолын хэлбэр бүтэц талаасаа өрнийн сонгодог уламжлалаас зугтах гэсэн санаа байхыг үгүйсгэхгүй хэдий боловч тухайн төрөл зүйлийнхээ ололтыг хадгалах нь зүйтэй мэт санагдаж байх юм. Энд ойрхоноос нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын симфони туурвил, өөрийгөө нээх гэсэн, нээсэн, харуулсан жишээ бас байна.

Манай хөгжмийн зохиолчид “өрнийн үзэл санаа, хэв загвараас холдох” гэсэн үзэл санаагаа энэ удаагийн “Алтан намар”- т ирүүлсэн, эгшиглүүлсэн бүтээлүүдээрээ харуулах гэсэн байхыг үгүйсгэхгүй. Эс бөгөөс тэрхүү зугтах гээд байгаа төрөл зүйлийг, түүний нэр төрлийг огт хэрэглээгүй нь дээр хэмээн бодогдох аж. Үүнийг бичигч Ц.Эрдэнэбатын концерт, Ж.Энхбаярын нэгдүгээр симфони, С.Соронзонболдын дөрөвдүгээр симфонид дээрх санаагаа хамаатуулан тэмдэглэж байгаа юм. Энд дурдаад байгаа хэлбэр бүтэц бол өнгөцхөн ярих, дурдаад өнгөрөх асуудал биш юм аа. Хэлбэр нь агуулгаа тодорхойлж байдаг бол эргээд агуулга нь мөн хэлбэрээ тодорхойлж байдаг. Тэдгээрийн дунд драматург хэмээх зохиолыг авч явдаг, зохиолыг тань сонсогчдод хүргэж өгдөг тасралтгүй үргэлжилсэн хөгжмөн сэтгэлгээ, хөгжмийн сэтгэлгээ байх ёстой юм. Уран бүтээлийн хамгийн чухал нь болох эдгээр хэм хэмжээ алдагдахаар бүдүүн баараг гэх, боловсролгүй ч гээд хэлж болох (боловсролын тухай асуудлыг сургууль төгссөн дипломын хэмжээгээр бус боловсорсон, ухаарсан, мэдсэн гэдэг утгаар хэрэглэж байна), бүтээлийн соёлгүй ч гэж хэлэгддэг саарал, бараан, тааламжгүй, тааруухан үр дагавар, дуурьслыг бий болгоод байгаа юм. Энэ бол хөгжмийн түүхэнд байдаг, хөгжим судлаачид, хөгжмийн түүхчдийн шүүмжлээд бичээд байдаг, сэрэмжлүүлээд байдаг тэр л зарчим юм. Нэгэнт л ийм үр дүнд хүрсэн бол дээрх хэлбэр бүтэц, агуулга, драматургийг тодорхойлж өгдөг хөгжмийн хэллэгийн тухай хэлэлцүүлэг хамгийн доод түвшинд, сэтгэл өвдмөөр сөрөг зүйлсээр дүүрэн байх болно.

Сонгодог хөгжмийн сургааль номын хэллэгээр бол симфони гэдэг нь дуурьсал мөн. Нөгөө HARMONY. Ая, аялгуу, ритм хэмнэл, гармони дуугаралт, цаашилбал найрал хөгжмийн зэмсэгжүүлэлтийн асуудал ч энд голлож яригдах ёстой юм. Харамсалтай нь энэхүү harmony байсангүй. Нэгэнт л “HARMONY” байхгүй бол энэ үдшийн бүтээлүүдийг “уран бүтээл” гэх аргагүй. Дээр нэг удаа дурдсан байгаа, хөгжмийн зохиолчид өөрийн гэсэн хэв маягаа олоогүй байна гэж. Нөгөө “үргэлжилсэн сэтгэлгээний явц” тэнд байсангүй. Тодруулбал олон янзын хэсгүүдийн “зүйдэл”(магадгүй үүнийг “коллаж” гэж болох юм) байлаа. Нэгэнт л олон эрээн бараан зүйдэл байгаа бол тэдгээрт дээр дурдсан “үргэлжилсэн сэтгэлгээний явц”(хөгжмийн онолын ухагдахуунаар бол том хэлбэрийн бүтээл оршин тогтнох үндэс гэсэн үг) байх учиргүй.

Орчин үеийн хөгжимд “диссонанс” байхыг үгүйсгэхгүй, байж болно. Тэрхүү диссонанс – харш дуурьсал нь эргээд нийцтэй сонсогдож болдогийг өрнийн олон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сонсож болно. Австрийн Арнольд Шёнбергээс авахуулаад Р.Щедрин, К.Пендерецкий, Ж.Адамс, Д.Лигети гээд нэрлэвэл олон тооны хөгжмийн зохиолчдын үлгэр жишээ болохуйц бүтээлүүд байна. Тэнд ч, энд ч диссонанс адилхан л байна. Ингэж бичихэд баярламаар. Харин манай энд “диссонанс нь фальш”(false) болж сонсогдоод байна. Манай хөгжмийн зохиолчид хэдийгээр авъяастай боловч боловсрол нимгэн гэмээр. Эсрэгээр боловсролтой юм уу гэхээр хөгжмийнх нь зохиол бүтээл нь зохиогчоо боловсролгүй гээд батлаад байгаа юм. Хөгжмийн зохиолчид маань авъяасаа хөгжүүлээсэй. Түүний тулд боловсроосой, юм үзээсэй, сонсоосой гэж бодогдох юм. Үүнийг бичигч энэ бодлыг их олон жил тээж явна...

“Алтан намар-2019” наадмын “хамгийн гайхамшигтай сайхан” хөгжмийн нэг бол арга байхгүй хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур, найрал хөгжмийн V концерт” байлаа. Квинтийн хөгтэй икэл (ширэн цартай хуурт зориулсан) буюу хөглөгний онцог байна, тембрийн онцлог байна. Энэ удаа энэхүү концертын хөгжмийн хэллэг, хэлбэр, агуулгын талаар дурдалгүй өнгөрөөд (жич задаргаа хийсэн байгаа нь энд илүүц зүйл болох юм) нийт хөгжмийн зохиолчдод чухал байж болох нэгэн зүйлийг тэмдэглэхэд оркестровкийн асуудал юм. Монголын маань сонсогчдод үндэсний хөгжмийн хэрэгцээ байгаа учраас л манай хөгжмийн зохиолчид өрнийн төгөлдөр хуурт гэхээсээ илүү морин хуурандаа зориулж бүтээл туурвих нь элбэг. Тэр нь зөв биз. Гэхдээ манай үндэсний хөгжмийн зэмсгийн тембр сул, бөглүү (муу гэсэн утгаар бичсэнгүй), хүч багатай гэдгийг бодолцоод тэдгээрийг симфони найрал хөгжимтэй хоршуулж байхаар, хүчийг нь барж байхаар дээрх Ш.Өлзийбаярын “Морин хуур, найрал хөгжмийн V концерт” шиг үндэсний найрал хөгжимтэй нь зэрэгцүүлбэл ихээхэн таатай мэдрэмж өгөх бусуу.    

Монгол Улсын филармонийн симфони найрлын хөгжимчдийн ур чадвар сайжирсан, олуулаа болж байгаа гээд дурдвал сайн талууд их байгаа. Тэд хичнээн сайн байлаа гээд манай хөгжмийн зохиолчид “хүндхэн” зохиолуудаараа тэдний хуруу хумсыг эвдээд байж болохгүй шүү гээд биччихэд нэг бодлын инээдтэй, нөгөө бодлын харамсмаар. Мэргэжилдээ сайн, гялалзсан хөгжимчид филармонийн аль ч найрал хөгжимд дүүрэн байна. Тэдний урын сангийн дийлэнх хувийг сонгодог болон өрнө дахины орчин цагийн кино хөгжмүүд эзлэх болж байгааг хэн ч гэсэн хүлээн зөвшөөрөх буй заа. Энэ чинь л юм хэлээд байгаа хэрэг юм. Тоглох зохиол байхгүй гэсэн үг. Мөн энд энэхүү найрал хөгжмүүдийн урын сангийн бодлого дээр ч анхаарах хэрэгтэй юм. Уран бүтээлийн удирдлага, удирдаач ...

Жил бүрийн “Алтан намар” хөгжмийн наадам учир замбараагүй эхлэл, төгсгөлгүй болдог байсан бол энэ жил зохион байгуулалттай болжээ. Тоглогдох зохиолууд нь тодорхой болсон, урилга дээрээ тэдгээрийг КОНЦЕРТ-ын дараалалд оруулж хэвлэсэн байгаа зэрэг нь эерэг хандлагын эхлэл гэж ойлгогдож байлаа. Энэ жилийн “Алтан намар 2019” – наадамд найман хөгжмийн зохиолч ур чавдар, авъяас билгээ уралдууллаа.

     Хөгжим судлаач С.Энхбулаг.

2020/01/28

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос