Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам” – ын хүрээнд жил бүр уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор тайз, дэлгэцийн оны шилдэг уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг, мөнгөн шагналын хамт гардуулдаг билээ. Уг үйл ажиллагаа 2008 – 2018 онд нийт 11 удаа зохион байгуулагдаж 75 уран бүтээлч шилдгээр тодорсон юм.
Тэгвэл 2019 оны шилдэг уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод” ёслолын ажиллагаа 2019 оны 12-р сарын 29-нд зохион байгуулагдаж Тайз, дэлгэцийн найруулагч, тайз дэлгэцийн жүжигчин, тайз, дэлгэцийн зураач, хөгжимчин, дуучин, бүжигчин болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5.5-д заасан билэг авьяастан нийт 7 хүн тус бүр "Мөнгөн мод" цом, батламж, 3.000.000 төгрөгийг гардан авлаа. Ийнхүү 2019 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна. Хүлээн авна уу.
ШИЛДЭГ ДУУЧИН
УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ
Тэрээр дуурийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан, Дэлхийн болон үндэсний сонгодог дуурьт 16 гол дүрийг бүтээж мэргэжлийн өндөр түвшинд дуулан, Олон Улсын хэмжээний уралдаануудад жил бүхэн амжилттай оролцож, дуулах ур чадварынхаа чансааг байнга дээшлүүлэн
o 2019 онд Казакстан Улсын Алмата хотноо зохион байгуулагдсан "Бибигуль Тулегеновои" уралдааны 3 - р байр,
o Якут Улсад зохион байгуулагдсан "Айталины Адамовой Афанасывой"-н нэрэмжит уралдааны 4 - р байр,
o МУАЖ, Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари романс дуулаачдын Олон Улсын V уралдааны Гранпри шагнал тус тус хүртсэн.
ШИЛДЭГ ХӨГЖИМЧИН
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр
Морин хуурч Р.Амарбаяр нэг үе мартагдаад байсан язгуур морин хуурыг мэргэжлийн тайзнаа сэргээн залах, түгээн сурталчлах зорилгоор “Уламжлалт ширэн цартай хуураа сэргээхүй” төслийг санаачлан хэрэгжүүлсэн, 2019 онд Япон улсад уран бүтээлийн концертоо толилуулсан, хөрш орнуудад зохион байгуулагдсан Монголын Соёлын өдрүүдийн концертод гоцлон хөгжимдсөн, Үндэсний болон Олон Улсын хэмжээнд хөгжмийн сургуулиудад Морин хуурын тухай мастер класс зохион байгуулсан, ТШ, АЖ Г.Жамъяаны 100 жилийн ойн хүрээнд "Уртын дуу - Морин хуур" тоглолтыг зохион байгуулсан, "Г.Жамъяаны шилдэг уран бүтээлийн дээжис" бие даасан тоглолтыг үзэгчдийн хүртээл болгосон.
ШИЛДЭГ БҮЖИГЧИН
Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчин Ё.Дамчаабадгар
• 2019 онд концертын 8 бүжгийн бүтээл, бүрэн хэмжээний 2 бүжгэн жүжгийг дэглэн найруулсан.
• ХБНГУ - ын Штуттгарт хотноо зохион байгуулагдсан Олон Улсын бүжиг дэглээчдийн 23-р Solo Tanz Theater уралдааны 256 бүжиг дэглээчдээс Үзэгчдийн таашаалд нийцсэн оролцогч шагнал.
• БНСУ - ын Бусан хотноо зохион байгуулагдсан гоцлол бүжигчдийн 2-р уралдааны Контенпорари этник бүжгийн төрөлд 2-р байр,
• БНСУ - ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон Улсын ардын урлагийн их наадамд хамтлагаар Тэргүүн байр,
• Улаанбаатар хот "Номадик баллет" сонирхогчдын VI - р уралдааны орчин үеийн бүжгийн төрөлд бүжгийн дэглэлтээр 1, 2, 3, 6 - р байр
• Азийн ардын урлагийн их наадмын бүжгийн цөөхүүл төрлөөр Тэргүүн байр эзэлсэн.
ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ШИЛДЭГ ЗУРААЧ
Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од
Тэрээр 2019 онд "Бүлтээхэй Дэлдээхэй хоёрын найзууд" жүжиг, "Бүлтээхэй Дэлдээхэй дуу зохиосон нь" жүжиг, "Хунт нуур" хүүхэлдэйн жүжиг, МҮОНРТ-ийн "Бүлтээхэй Дэлдээхэй 2" , "Хөхөө шувууны домог" хүүхдийн жүжгийн 48 ангит хүүхдийн нэвтрүүлэг, Хүүхэд хөгжил хамгааллын 45 цуврал фото контент, 10 ангит видео контентийн ерөнхий зураачаар ажилласан. Мөн "Сайн уу найз минь", "Амьд тоглоом" номын зураачаар ажилласан. Symbol багт 13 хүүхэлдэйн бүтээл хийсэн байна.
ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН
УДЭТ-ын жүжигчин Б.Жаргалсайхан
Тайзны 72 бүтээлийн гол болон туслах дүр, дэлгэцийн 35 бүтээлийн гол болон туслах дүр, телевизийн 4 уран сайхны олон ангит кинонд II дүр болон туслах дүр, телевизийн 4 жүжгийн гол болон II дүр, 7 уран бүтээлийн найруулагч, гадаадад тоглосон 11 уран бүтээл мөн 21 аймагт аялан тоглосон.
2019 онд “Бүсгүйн зурвас” драмын жүжгийн Архай сайдын дүрийг бүтээсэн.
ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
СУИС – ийн БУС – ийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл
Нийт 157 бүжигт бүжигчнээр, 91 бүтээлийг дэглэн найруулж, 60 онцлох уран бүтээл, тоглолт, 2007 - 2019 онд 9 бие даасан тоглолтыг туурвижээ.
2019 онд Хөмөргөн гурвалжин" этно бүжгэн жүжгийг найруулан БНФУ-ын Парис хотод ЮНЕСКО-ийн төв тайзанд тоглуулсан. Мөн 2019 онд "Хүн" гэр театрын үүсгэн байгуулагч.
СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Баяртай
Монголын олон ястны бий биелгээ, зан үйл, хуур ихлийн татлага, хувцас хэрэглэл түүний онцлогийг язгуур төрх уламжлалаар нь өвлөн уламжилж хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Шавь сургагч" төслийг санаачлан хэрэгжүүлж төслийн хүрээнд 7 ястны 10 биелгээг 15.000 гаруй хүнд зааж сургасан, ХУД, СХД, БГД – ийн бүх сургууль, мөн ЧД, БЗД – ийн сургууль, цэцэрлэгийн багш нарт бий биелгээний ястан бүрийн онцлог, хувцас хэрэглэл, ахуй амьдралын талаар лекц унших, хөдөлгөөн бүрийн намба төрхийг язгуур шинжээр тайлбарлан зааж сургасан.
Шилдгээр шалгарсан нийт уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе!