“ТАЙГЫН НАЦАГАА” НЭРЭЭР ОЛНЫ ТАНИЛ БОЛСОН Б.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Уран бүтээлч Балгансүрэнгийн Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд 10 сарын 9-нийг хүртэл үргэлжилж байна.

Зураач Б.Нацагдорж 1944 онд Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт төржээ.  Тэрээр 1964 оноос Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны харьяа Баянхонгор аймаг дахь Урчуудын Эвлэлийн салбарт зураачаар ажиллаж эхэлсэн байна. 1973 онд Улаанбаатар хотод татагдаж ирээд МУЭ-ийн үзэсгэлэн сурталчилгааны газрын дарга, Залуу Урчуудын Нэгдлийн даргын сонгуульт ажил давхар гүйцэтгэн 1983 он хүртэл 10 жил ажиллаад 1983 оноос МУЭ-ийн чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байжээ.

Хуучнаар Түшээт Хан Засгийн хошууны /одоогийн Архангай/ Цэрэн-Очир тайжийн хүү Балгансүрэнгийн хойч залгах үр нь болж мэндэлсэн тэрээр олонтойгоо хүн байсан бөгөөд түүний уран бүтээлийн замнал нь "Тайгын Нацагаа" хэмээн Хөвсгөлийн тайгаар овоглоход хүргэсэн ажээ.

Учир нь Монгол орны хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай Хөвсгөлийн Цаатан ардын нутаг хойд хязгаарын байгалийн гайхамшигт дурлан биширч энэ нутагт уяатай ботго шиг 6 жилээ өнгөрөөсөн гэдэг. /1984-1990/ Энэ хугацаанд өөрийн хөтөлсөн өдрийн тэмдэглэл, уулзаж учирсан Цаатан, Дархад хүмүүсийн түүх намтар, тэдний хууч яриа болон судалж хуримтлуулсан материалдаа түшиглэн ном бүтээжээ.

Тэрээр 1967 оноос өөрийн бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдээ Монгол оронд төдийгүй Герман, Финланд, Япон, Америк, Франц, Испани зэрэг оронд гаргаж байв. Усан будгаар зургаа зурдаг байсан учраас түүнийг зураач нөхөд нь байгалийн зураач хэмээн дүгнэдэг байсан.

Зураач Б.Нацагдорж дан ганц зураг зурахаас гадна өөрийн хайрлаж хүндэлдэг байсан зураач “Ван Гогийн амьдрал уран бүтээл”, “Уран зургийн материал”, “Хөвсгөлийн цэнхэр уулс” зэрэг уран зургийн судалгаа, антропологийн, түүхийн чухал номуудыг гаргасан. Түүний уран бүтээлийг монголын төрөөс үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2009 онд шагнаж байжээ.

Энэхүү үзэсгэлэнд тус галерейн сан хөмрөг болон МУЭ-ийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүний бүтээлүүд, хувь хүмүүсийн цуглуулгын 60 гаруй уран бүтээл, судалбараас толилуулж байна. Түүний уран бүтээлээс гадна өөрийнх нь сонирхолтой тэмдэглэл, постер, гэрэл зургууд, баримт бичиг, захиа, номын эх дээжээс дэлгэжээ.

 

2024/10/02

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос