Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 57 жилийн ой тохиож байна. Тэртээ 1967 оны энэ өдөр монголын ууган телевиз анхны эфирээ цацаж, нийгмийн соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрээ оруулж эхэлсэн билээ.
1966 оны 3 дугаар сарын 29-ны өдөр - Үндэсний телевизийн станцын шав тавих ёслол
Түүхийн хуудсыг эргэн сөхвөл:
1966 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд “Найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан туслах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний хүрээнд 1966 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Үндэсний телевизийн станц байгуулах суурь тавигдаж, ЗХУ-ын хөрөнгө оруулалт, техникийн туслалцаатайгаар баригдаж 1967 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний телевизийн станцыг ашиглалтад оржээ.
БНМАУ-ын Улс төрийн товчооны 193 дугаар тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл радиогийн улсын хорооны бүрэлдэхүүнд Монголын зурагт радиогийн захиргааг байгуулж, өөртөө коллеги, уран сайхны зөвлөлтэй, (Улс төр, эдийн засгийн суртал нэвтрүүлгийн, мэдээллийн, хүүхэд залуучуудын, соёл урлагийн, хөгжмийн, киноны, программын) 7 редакцтайгаар Монголын Үндэсний телевизийг анх байгуулсан түүхтэй.
1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн гаргаж байв. 1991 оноос Азиасат системээр анх удаа нэвтрүүлэг цацах боломжтой болж, телевизийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ хүргэдэг болжээ.
2005 оны 2 дугаар сард “Олон нийтийн радио телевизийн тухай” хууль батлагдаж Монголын Үндэсний радио, телевиз “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевизтэй болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан томоохон үйл явдал байсан юм.
Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нийт хамт олон, үе үеийн уран бүтээлчид Та бүхэндээ Монголын телевизийн урлаг, Монголын Үндэсний телевиз үүсэн байгуулагдсаны 57 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Эх сурвалж: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовын "Амьдралын зам" номноос....
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР