Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд 76 жилийн хугацаанд хүүхэд, багачуудад зориулан хүүхэлдэйн олон төрөл хэлбэрээр уран бүтээлээ туурвиж соёл, урлагийн боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж буй хүүхэлдэйн урлагийн цорын ганц мэргэжлийн театр юм.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52-р тогтоолын 2-р хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1.5.6-д “Нүүдэлчдийн соёлыг олон улсад сурталчлах, үндэсний агуулга бүхий олон ангит кино, бүжгэн жүжиг, багт жүжиг гэх мэт урлаг, соёлын хөтөлбөр, агуулгыг бий болгон хөгжүүлж, үйл ажиллагаа, хөтөлбөрийн мэдээллийн нэгдсэн системийг бий болгон дэлхий нийтэд таниулж, үндэсний онцлогтой дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлнэ” гэж заасан байдаг.
Энэхүү хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Улсын Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Морин хуур” жүжгээр Оросын Холбооны Улсын Образцовагийн нэрэмжит Улсын Эрдмийн Хүүхэлдэйн төв театрын 2 дахь удаагаа зохион байгуулж буй хүүхэлдэйн олон улсын “Истоки” фестивальд 2024 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд оролцох гэж байна.
Энэхүү фестивальд оролцож буй зорилго нь гадаад орнуудын хүүхэлдэйн театруудтай харилцаа холбоо тогтоох, гадаад харилцаагаа өргөжүүлэх, Монголын соёлын өвийн шавхагдашгүй баялаг уламжлал, хүүхэлдэйн урлагийг сурталчлах, хүүхэлдэйн урлагийн хөгжлийн чиг хандлагатай танилцах, бусад театруудаас туршлага судлахад оршино.