Соёлын салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, салбарын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, гүйцэтгэлийн тайлан илгээх, хүлээн авах, мэдээллийг удирдах, хянах, хадгалах, ашиглах зорилго бүхий “Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим сан”-г хэрэглээнд нэвтрүүлэх танилцуулга сургалт өнөөдөр боллоо. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Ухаалаг засаглал” ТББ хамтран цахим хэлбэрээр зохион байгуулсан уг сургалтад аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтыг “Ухаалаг засаглал” ТББ Гүйцэтгэх захирал С.Батсүрэн удирдан явуулж, танилцуулга мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулав.