Уудам эх орныхоо өнцөг булан бүрт аж төрөн суугаа соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг анх удаа орон даяар зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Соёлын яам, Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газар, хээрийн судалгааны багтай хамтран зохион байгуулна. СББӨ-ийн үзлэг, бүсчилсэн судалгааг Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсийн дагуу зохион байгуулах бөгөөд өнөөдөр Төв ажлын хэсэг, зүүн бүсийн судалгааны баг тус тус хуралдаж, соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны удирдамж, ажиллах чиг үүрэг, арга зүйн зааварчилгааны талаар хэлэлцэв.
Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэгийг 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үүнд:
1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;
2. Ардын язгуур урлаг;
3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;
4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;
5. Уламжлалт арга ухаан;
6. Мал маллах арга ухаан;
7. Уламжлалт гар урлал.
Үзлэг, бүсчилсэн судалгааны үр дүнд СББӨ-ийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах боломжтой ажээ.
СББӨ-ийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажил нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.
2022/10/11