ФРАНЦ УЛСАД ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН, МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАНА

Медиа > Мэдээ, мэдээлэл

        Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейтэй хамтран анх удаа Их эзэн Чингис хаан ба Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэнг 2023-2024 онд зохион байгуулах бөгөөд Европын зарим улсуудад тус үзэсгэлэнг үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Үзэсгэлэнг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд БНФУ-ын Нант хотын музейн захирал Бертран Гиеэ, Нантеррэ их сургуулийн профессор, судлаач Марие Фавгу, куратор Жон Пол Дегоше, Номад Эксибишнс компанийн захирал Тимоти Петик нар Монгол Улсад хүрэлцэн ирж, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чингис хаан музей, Хархорум музей, Хөшөө Цайдам музей, Эрдэнэ Зуу музей зэрэг байгууллагуудад зочилж, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Мөн, төлөөлөгчдийг Соёлын дэд сайд М.Батбаяр тэргүүтэй албан тушаалтнууд хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, үзэсгэлэнг гаргахад боломжит бүх дэмжлэгийг үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн, тус үзэсгэлэнг Франц Улсад зохион байгуулах үеэр Монгол Улсыг сурталчлах эрдэм шинжилгээний бага хурал, фото зураг болон Монгол уран бичлэгийн үзэсгэлэн, хөгжмийн фестиваль зэрэг соёл урлагийн цогц арга хэмжээнүүдийг хамтатган зохион байгуулахаар төлөвлөж байна.  

800 гаруй жилийн түүхтэй тус музейд өмнө нь Грек, Япон зэрэг олон орны үзэсгэлэн гарч байсан бөгөөд Чингис хаан, Монголын эзэнт гүрний тухай үзэсгэлэнгийн үзмэрүүдийг Францын Лувр (Louvre), Сэвр (Sevres), Азийн урлагийн Гимэй (Guimet), Франц Улсын Ерөнхийлөгч асан Жак Ширакийн нэрэмжит Брэнли (Quai Branly) музей болон Европын Холбооны бусад (Холбооны Бүгд Найрамдах Герман Улс) улсаас авахаар төлөвлөж буй юм.

 

2022/06/10

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос