ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙГ “МУЗЕЙН ХҮЧ НӨЛӨӨ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭНЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдаад 98 жилийн түүхийг элээжээ. 2022 оны байдлаар төр, орон нутгийн болон хувийн өмчийн нийт 37 музей үйл ажиллагаа явуулж, соёлын үнэт зүйлийг цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсийг жилийн дөрвөн улирал тасралтгүй явуулж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар 2016 онд байгуулагдаж, музейн албан хаагчдыг чадавхжуулах, ажиллах орчин, нийгмийн баталгааг дээшлүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах болон дотоод, гадаадад үзэсгэлэн гаргахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих зэрэг соёлын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсаар ирсэн.

Музейн тухай анхны хууль 2021 онд батлагдсанаар музейн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилган, холбогдох хууль тогтоомжтой уялдаж, музейн тогтвортой хөгжлийг дэмжиж, музейгээр хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх, музейн үзмэртэй шууд харьцаж ажилладаг албан хаагчид 8 жил тутам 1 жилийн үндсэн цалингийн хэмжээтэй урамшууллыг олгох зэрэг боломжууд бүрдсэн.

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ- International Council of Museums - ICOM) 1977 оноос эхлэн 40 гаруй жил “Олон улсын музейн өдөр”-ийг (International Museum Day) жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд Олон улсын музейн зөвлөлийн Монгол дахь үндэсний хороо тус өдрийг 2003 оноос тэмдэглэж байна.

 Энэ жил музейн өдрийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд дэлхий даяар тэмдэглэж байгаа бөгөөд манай улсын нээлтийн арга хэмжээг 5 дугаар сарын 18-ны өдрийн 11.40 цагаас Монголын Үндэсний музейн задгай талбайд зохион байгуулна.

Музей бол соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд олон нийтийг соён гэгээрүүлэгч, ирээдүй хойч үед бахархлыг төрүүлэгч хүч юм.  

Музейн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа үе, үеийн албан хаагчид та бүхэнд олон улсын музейн өдрийн баярын мэндийг хүргэе!

#IMD2022

#ThePowerOfMuseums

#Засгийн_газрын_хэрэгжүүлэгч_агентлаг_Соёл,_урлагийн_газар

2022/05/18

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос