ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАЖ АВНА

Медиа > Мэдээ, мэдээлэл

Монгол улсын засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан "Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам"-ын дагуу хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдөр хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газарт хүлээн авч байна. Улсын санд худалдан авах үйл ажиллагааны удирдамжтай танилцана уу

 

ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД
ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

НЭГ. ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

Соёлын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 21.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын хэрэгжилтийг хангана. 

 

ХОЁР. ЗОРИЛГО

Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг баяжуулах, хөгжмийн зохиолчдын бүтээн туурвих бүтээлч хандлагыг дэмжихэд оршино.

 

ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУГАЦАА       

3.1 Оролцох бүтээлийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийг хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын байранд 124 тоотод ажлын цагаар хүлээн авч, бүртгэнэ.

3.2 Бүртгэлд хамрагдсан нийт бүтээлүүдийг Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөл 12 дугаар сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн дотор шалгаруулалтыг зохион байгуулж, шагнал гардуулна.

ДӨРӨВ. УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

4.1 Бүтээлийн сэдэв, агуулга чөлөөтэй

4.2 Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлүүд болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний том хэлбэрийн бүтээл байна.

4.3 Бүтээл нь мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна.

4.4 Зохиогч нь улсын санд худалдах бүтээлээ дараах материалын хамт ирүүлнэ. 

Үүнд:

  • Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл
  • Бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ
  • Тухайн бүтээлийн талаарх мэргэжлийн хөгжим судлаачийн бичсэн 2-оос доошгүй шүүмж, судалгаа  
  • Сонин хэвлэлд гарсан нийтлэл
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт
  • Сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг
  • Хөгжмийн бүтээлийн клавир, партитур, парт буюу хөгжим тус бүрээр тоглох нотыг тус бүр 2 хувь, цахим хувилбарын хамт авч ирж бүртгүүлнэ.

4.5 Өмнөх жилүүдэд уг наадамд оролцон мэргэжлийн зөвлөлийн шаардлага хангаагүй хасагдсан бүтээлүүдийг хүлээн авахгүй, бүртгэлийн хугацаанд нот, партитураа бүрэн өгөөгүй, хугацаа хожимдсон бол бүртгэхгүй болохыг анхаарна уу.

4.6Дэлгэрэнгүй мэдээллийг www.culture.gov.mn сайт, www.facebook.com/culture.gov.mn цахим хаяг, 51-264947 утсаар холбогдон авна.

 

2021/11/19

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос