2021 оны 01 -р сарын 16, Бямба

НИКОЛАЙ АНДРЕЕВИЧ РИМСКИЙ-КОРСАКОВ

Медиа > Мэдээ, мэдээлэл

СОНСОХ ТУСАМ ДАРХЛАА ДЭМЖИХ СОНГОДОГ ХӨГЖМИЙГ ТАНЫ СОНОРТ
Оросын суут хөгжмийн зохиолч, удирдаач, багш, нийгмийн зүтгэлтэн, хөгжмийн шүүмжлэгч, 19-р зууны Оросын сонгодог урлагийн сэргэн мандалтын анхдагч “Хүчирхэг бүлгэм”-ийн таван гишүүний нэг. Тэрээр амьдрах хугацаандаа 15 дуурь, 3 симфони, гоцлол болон найрал хөгжим, цөөхүүл хөгжимд зориулсан концертууд, магтуу, дуулаачийи төрөлд зориулсан бүтээлүүд, сүсэг бишрэл, үндэсний соёл, ёс суртахууны чиглэлээр хэдэн арван бүтээлүүдийг туурвисан байна. Тэрээр 1844 оны 3 сарын 6-нд Новогород мужийн Тихвин дүүрэгт удмаараа тэнгисийн флотод алба хааж ирсэн язгууртан гэр бүлд төржээ. Тэднийх “Дагшин Успенскийн хийд”-ийн эсрэг талд Тихвинка голын эрэг дээр байдаг байжээ.
Аав Андрей Петрович Римский-Корсаков нь нэг хэсэг Новогород мужийн орлогч дарга хийж байгаад Волын хотын захирагчаар томилогдсон ба ээж Софья Васильевна нь баян хамжлага, газрын эзэн Василий Федорович Скарятины охин байсан бөгөөд франц хэлээр чөлөөтэй ярьдаг, төгөлдөр хуур хэрхэн тоглодог, тэр үеийн чинээлэг гэр бүлийн залуу хатагтай биеэ яаж авч явах ёстойг бүгдийг мэддэг байв. Бяцхан Коля /Николай/ 6 настайдаа гэртээ төгөлдөр хуур суран тоглож эхэлжээ. Номтой харьцуулбал хөгжим түүнд бага сэтгэгдэл төрүүлдэг байсан ч яваандаа сүмийн хөгжим, Оросын ардын дуунд илүү анхаарал татагдан дурлаж эхэлсэн байдаг. 11 настайгаасаа тэрээр анхны хөгжмийн бүтээлээ туурвиж эхлэв.
Николай багаасаа далайгаар аялахыг мөрөөддөг байсан тул аав нь түүнийг 1856 онд тэнгисийн цэргийн офицерын корпуст өгчээ. 1858 оноос тэр Россини, Доницетти, фон Вебер нарын дууриудтай танилцаж хөгжим рүү тэмүүлж эхэлсэн боловч Михаил Глинкагийн бүтээлүүд болон Бетховен, Моцарт, Мендельсон нарын хөгжмийг илүү сонирхон биширдэг байв. Үүнээс шалтгаалан хөгжмийн боловсрол эзэмших хэрэгцээ байгаагаа мэдэрч, 1859 оны намар тэр үеийн нэрт төгөлдөр хуурч Ф.А.Каниллаар хичээл заалгаж эхэлжээ.
1862 онд түүний эцэг нас барж, Римский-Корсаковын гэр бүл Санкт-Петербург руу нүүжээ. Тэр үед хөгжмийн зохиолч, шүүмжлэгч Мили Балакиревийн толгойлсон шинэ давалгаа гарч Оросын сэргэн мандалтын "Хүчирхэг тав" гэж хожим нэрлэгдсэн хөгжмийн зохиолчдын дунд Н.Римский-Корсаков, А.Бородин, М.Мусоргский, Ц.Кюи нар багтаж байв. Балакировын нөлөөн дор Николай анхныхаа симфонийг эхэлсэн байдаг. Тэр хавар Николай Тэнгисийн цэргийн корпусыг онц дүнтэй төгсөж, 1862-1865 онд Хойд Америкийн эрэгт хийсэн экспедицид оролцон Алмазын хайч дээр ажиллаж байхдаа Англи, Норвеги, Польш, Франц, Итали, Испани, АНУ, Бразил зэрэг олон оронд зочилжээ.
Энэ сэтгэгдэл хожим нь "Далайн зургууд" бүтээлд нь шингэсэн бөгөөд хөгжмийн зохиолч симфони найрал хөгжмийн өнгийг ашиглан бүтээлүүддээ буулгаж чаджээ. Буцаж ирэхдээ тэр “Хүчирхэг бүлгэм”-дээ дахин орсон ба шинэ гишүүд болох химич А.П.Бородин, А.С.Даргомыжский, Глинкагийн эгч Л.И.Шестакова, П.И.Чайковский нартай танилцав. 1865 онд Римский-Корсаковын анхны симфонийг Балакирев удирдан тоглуулсан байдаг. Түүний бүтээлүүд нь чихний тусламжтайгаар хүлээж авах уран зураг шиг байдаг аж. Николай Римский-Корсаков нь хөгжмийн зохиолчоос гадна нэрт сурган хүмүүжүүлэгч байсан бөгөөд А.Аренский, А.Глазунов, М.Гнесин, А.Гречанинов, М.Ипполитов-Иванов, А.Лядов, Н.Мясковский, С.Прокофьев, И.Стравинский зэрэг дэлхий даяараа мэддэг 19-20-р зууны 200 гаруй хөгжмийн урлагийн суут зүтгэлтнүүдийг Орос улсад бэлтгэж өгсөн гавьяатай юм.
Римский-Корсаковын бүтээлч байдал нь Оросын сонгодог болон франц, италийн хөгжмийн хөгжилд маш их нөлөө үзүүлсэн байдаг. Римский-Корсаков, II Екатерина хатны удирдлаган дор Москвагийн Их Сургуульд хуулийн багшаар ажиллаж байсан Иоганн Пургольдын ач охин, ахыгаа даган А.Даргомыжскийн дугуйланд явдаг байсан, Надежда Пургольд гэдэг бүсгүйтэй танилцжээ. Надя нь Санкт-Петербургийн Консерваторид хөгжим, онолын мэргэжлээр сурахын зэрэгцээ хэсэг хугацаанд Николайгаас хөгжмийн найралжуулгын чиглэлээр зөвлөлгөө авдаг байв. Николай найз нөхдийнхөө хамт Надеждагийн эгч нарын зусдан дээр байнга зочилдог болов.
1871 оны хавар Гоголийн "Таван сарын шөнө" туужийг дуурь болгох санаатай зохиолыг нь хамтарч унших үедээ Николай Надеждад гэрлэх санал тавьсан гэдэг. 1872 оны 7-р сарын 30-нд Надежда, Николай нар Спасо-Парголовская сүмд гэрлэж 7 хүүхэд төрсөн бөгөөд 2 нь бүр багадаа энджээ. Хүүхдүүдийг насанд хүрэхэд ЗХУ-ын үе эхэлсэн ба ууган хүү Михаил нь Зөвлөлтийн алдарт амьтан судлаач, шавьж судлаач байв. Дунд хүү Андрей Философийн доктор, нэрт хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, жүжигчдийн бүтээлийн талаарх олон тооны өгүүллийн зохиогч, бага хүү Владимир хийлч, Ленинградын Филармони ба Драмын театрын найрал хөгжимд ажиллаж байв.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Николай Римский-Корсаков хүндээр өвчилж байгаад 1908 оны 6-р сарын 21-нд Псков мужийн Любенск дахь өөрийн эдлэндээ нас баржээ. Түүнийг Санкт-Петербургийн Новодевичийн оршуулгын газарт оршуулсан юм. Түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулж 1944 онд одоогийн Санкт-Петербургийн Консерваторийг Римский-Корсаковын нэрэмжит болгож 1952 онд Ленинградын “Театрын талбай”-д Римский-Корсаковын хөшөөг нээжээ. 1944 онд Ленинград мужийн Тихвин хотод, мөн 1971 онд Ленинград (Санкт-Петербург) түүний дурсгалд зориулсан гэр-музей нээгдэв.
 

2020/12/09

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос