МИХАИЛ КЛЕОФАС ОГИНСКИЙ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

СОНСОХ ТУСАМ ДАРХЛАА ДЭМЖИХ СОНГОДОГ ХӨГЖМИЙГ ТАНЫ СОНОРТ
 
Хун тайж Михаил Клеофас Огинский нь Польшийн төрийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолчийн зэрэгцээ Польш-Литвийн хамтын нийгэмлэг ба Оросын эзэнт гүрний улс төрч, Костюшкогийн бослогын удирдагчдын нэг, Вильна их сургуулийн хүндэт гишүүн, Удирдах Сенатын гишүүн, эх оронч сэтгэлгээ нэвт шингэж, өөрийнх нь нэрээр мөнхөрсөн алдарт "Огинскийн полонез"-ыг бүтээсэн билээ. Тэрээр Огийнскийнхны удмын “Брама” сүлдийг залгамжлах хариуцлагатай гарал үүсэлтэй бөгөөд Литва-Польшийн хунтайжийн овгийн Ретова салбарын төлөөлөгч, Трокскийн амбан захирагч Анжей Игнатис Огинскийн цорын ганц хүү юм. Михаил Огинский 1765 оны 9 сарын 25-нд Варшав хотын ойролцоох Гузов сууринд алдарт Огинскийнхны удмын гэр бүлд төрөөд дээд боловсролтой язгууртны хүрээнд өсжээ.
Түүний авга ах Михаил Казимир Огинский нь Литвийн агуу гетман /командлагч/ зөвхөн төрийн зүтгэлтэн төдийгүй урлаг, тэр дундаа хөгжим, яруу найрагт маш их дуртай нэгэн байсан тул өөрөө хэд хэдэн хөгжмийн зэмсэг эзэмшдэг, дуурь, полонез, мазурка, дуу зохиодог байжээ. Михаил Казимир босоо ятгын хийцийг сайжруулж, тэр ч байтугай Францын соён гэгээрүүлэгч Дидрогийн гаргасан нэвтэрхий толь бичигт ятгын тухай нийтлэлийн зохиогч болжээ. Залуу Михаил Клеофас, Слоним дахь авга ахынхаа байранд байнга ирдэг байсан бөгөөд тэнд нь польш, итали, франц, герман дуурь балет, драмын бүрэлдэхүүн бүхий театр, найрал хөгжим тоглолт байнга болдог байжээ.
Түүний нагац ахыг сэргэн мандалтын үеийн жинхэнэ дүр төрх гэж тодорхойлдог бөгөөд тэр дундаа хүүхдийг гэгээрүүлэн боловсруулах сургуульд маш их анхаарал хандуулдаг байжээ. Залуу Михаил Клеофаст, Огинскийнхны гэр бүлийн ордны хөгжимчин Осип Козловский төгөлдөр хуур зааж, Жиованни Жорновики хийл сургаж, дараа нь Италид очиж Ж.Б.Виотти, Байо нар дээр мэргэжил дээшлүүлэх зэргээр хөгжмийн урлагтай гүнзгий нөхөрлөжээ. Дүү Михиал Огинский 1789 онд улс төрийн үйл ажиллагаа эрхэлжээ. 1790 оноос хойш Голланд дахь Польш-Литвийн хамтын нийгэмлэгийн элчин сайдаар, 1791 оноос хойш Их Британид, 1793-1794 онд Литвийн Их Вант улсад ажиллаж байв. 1794 онд тэрээр өөрийн байгуулсан байгаль хамгаалагчдын батальоныг толгойлон Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн тусгаар тогтнолыг сэргээх бослогод оролцов. Бослого ялагдсаны дараа тэрээр Константинополь руу цагаачилж, цагаачлалын идэвхтэй хүн болж, дараа нь Парис руу нүүсэн байдаг.
Парист тэрээр Польш-Литвийн хамтын нөхөрлөлийн тусгаар тогтнолыг сэргээх зорилгоор гадаад хэргийн сайд, хунтайж Талейранд болон Францын удирдлагатай холбоо тогтоожээ. Польшийн тусгаар тогтнолыг сэргээх найдвар алдагдсан тул, 1802 онд өршөөлөөр чөлөөлөгдөж Огинский Оросын баруун хязгаар луу буцаж ирээд одоо Беларусийн Сморгон мужийн нутагт Залесье нэртэй эдлэнд суурьшиж, үл хөдлөх хөрөнгө барьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулан жирийн амьдарч эхэлсэн бөгөөд 1807 онд тэрээр Италид очихдоо Наполеонтой уулзжээ. 1810 онд Огинский Санкт-Петербург руу нүүж, Оросын эзэнт гүрний сенатч болж, улс төрд идэвхтэй оролцож эхлэв. 1810-1812 онд тэрээр эзэн хаан Александрийн итгэлт хүн болсон бөгөөд “Огинскийн төлөвлөгөө” гэгддэг Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох Литвийн Их Вант улсыг байгуулах төслийг санал болгосон боловч татгалзсан байна. 1817 онд Огинский Литвийн Вильна хотод иржээ. 1823 онд бие нь муудаж, амьдралынхаа сүүлийн 10 жилд Итали руу нүүсэн юм.
Тэрээр 1833 оны 10-р сарын 15-нд Флоренцид нас баржээ. Михаил Огинскийг Д.Алигьери, Г.Галилей, Б.Микеланджело, Ж.Россини, Н.Макиавелли нарын адилаар Санта Кроцегийн Флоренцын сүм дэх Пантеонд оршуулжээ. Михаилын хөгжим зохиох авьяас 1790-ээд онд илэрчээ. Энэ хугацаанд тэрээр олон тооны байлдааны дуу, жагсаалын марш, полонез бичсэн байдаг. Энэ нь Наполеоныг алдаршуулсан түүний цорын ганц том бүтээл болох 1799 онд бичсэн "Зелида, Валькур хоёр буюу Каир дахь Бонапарт" дуурь гарч ирсэнтэй холбоотой юм. Түүний бичсэн олон полонезуудаас хамгийн алдартай нь Огинскийн полонез нэрээрээ алдаршсан “Эх орон минь баяртай” гэдэг хөгжим байдаг.
Тэрээр Польш-Белорусь гаралтай Оросын хөгжмийн зохиолч Осип Козловскийн шавь байсан бөгөөд 1791 онд алдарт "Ялалтын аянга, сонсогтун!" зохиолоо бичсэн нь Оросын албан бус төрийн дуулал болж нэгэн цагт Огинскийн полонезаас дутахааргүй алдартай байв. Михаил Огинскийн бүтээлүүд 1794 оны бослогод оролцогчдын дунд маш их нэр хүндтэй болж байв. Цагаачлалын үеэр ч хөгжмийн зохиолч бүтээлч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байлаа. Түүний бүтээлийн нэлээд хэсэг нь Польш бүжиг /полонез, мазурка/, жагсаалын марш, мэнуэт, вальс, романс зэрэг төгөлдөр хуурт зориулсан туурвил байдаг. Тэрбээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анх 1789 онд тэрээр нэг насаар эгч Изабелла Лясоцкаятай гэрлэсэн боловч 1803 онд салж, Мария де Нери гэдэг 13 насаар дүү бүсгүйтэй дахин гэрлэсэн гэдэг. 33 настайд нь анхны хүү Тадеуш Антони мэндэлсэн бөгөөд араас нь Франтишек Ксаверий, Амелия нар төржээ. Охин нь хожим нэрт цэргийн удирдагч О.А.Игельстромын хууль бус хүү Польшийн нэрт хувьсгалч Карол Теофилус Залускийн эхнэр болсон байдаг. Ийнхүү Михаил Клеофас Огинский гэдэг хүний амьдрал улс төр, урлаг хоёрын дунд сүлэлдэн Польш үндэстний бахархал болон мөнхөд үлджээ.
 

2020/12/07

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос