
2020 оны 10 сарын 30-ны өдөр "ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2020" үзэсгэлэнгээс Улсын санд шалгаруулан авсан бүтээлүүдийг зарлаж, батламж гардуулах ёслол Монголын уран зургийн галерейн Их танхимд болж өнгөрлөө.

2020 оны Шилдэг бүтээлээр Р.Энхтайваны “Чандмань” уран баримлын бүтээл, Л.Очирсүхийн ”Ваар” ваар урлагийн бүтээлүүд тус тус шалгарч, улсын санг баяжуулж байна. Мөн Б.Орхонтуулын “Түлхүүр” бүтээл үзэгчдийн таашаал хүртэж, “Галерейн нэрэмжит цом”, долоо хоногийн турш үзэсгэлэн гаргах эрхээр шагнуулсан юм.

Оны шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагааг салбарын сайдын жил бүр томилсон мэргэжлийн зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулдаг бөгөөд 2019 оноос эхлэн хоёр шатны шалгаруулалтаар явагдах болсон.

Үзэсгэлэнд оролцуулах бүтээлүүдийг 2020 оны 09 сарын 28-наас 10 сарын 28-ны өдрүүдэд хүлээн авснаас нийт 98 уран бүтээлчийн уран зураг, график, уран баримал, сийлбэр, гобелен, инстоляци, холимог техникийн 125 ширхэг бүтээл ирж нэгдүгээр шатны шалгаруулалтаас журамд заасан хугацаанд хамаарахгүй, ур хийц, гоо зүй, уран сайхны болон үзэсгэлэнгийн шаардлага хангахгүй зэрэг үзүүлэлтээр 28 уран бүтээлчийн 32 ширхэг бүтээл хасагдсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтад тэнцсэн 76 уран бүтээлчийн 93 ширхэг бүтээл “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2020” үзэсгэлэнд дэлгэгдэн 2020 оны 10 сарын 28-наас хойш та бүхэнд хүрч байна.

















2020/12/07