2021 оны 01 -р сарын 16, Бямба

До. ЦЭНДЖАВ: ДОРНЫН ГОВИЙН ХАЙРГА ЧУЛУУГ ҮСЧҮҮЛЭН ДОНЫ ИХ МӨРӨН РҮҮ ЮУНД УУЛГАЛНА ВЭ?

Медиа > Мэдээ, мэдээлэл

-Зохиолчийн урлангийн ажиглалт тэмдэглэл-


“Утга зохиол урлаг“сонины 2020 оны 021 дугаарт “М.Шолоховын романыг Б. Догмид үргэлжлүүлж байна” гэснийг уншиж үзээд, “Энэ чинь юу гэсэн үг вэ? ийм үзэгдэл байдаг бил үү? нөхөр маань дэмийрч, халуурч байна уу? гэсэн бодол сэрхийж, түүний үргэжлүүлэн бичиж байгаа “Дөлгөөн Доныг” эхний бүлгийг уншлаа. Энэ бол мань хүний даажигнал, сахилгагүйтэл, егөөдөл, хошигнол юмуу? гэж эргэцүүлээдд, түүн рүү залгаж, “Догмид оо, юу хийх чинь энэ вэ? эл дэлхийн сав их... хэдэн арван сая зохиолчтой шүү дээ. Тэдний хэний ч санаанд ороогүй, хэний ч тархинд зоогдоогүй үүнийг яаж санаав? Болж байгаа юмуу? Тэр агуу ертөнцийн өмнө сульдахгүй биз, тамир тэнхээ чинь хүрэх юмуу? гэсэн эв хавгүйхан асуултад тэр аягүйцэх шиг хэгжүүрхэл хоолойд нь мэдэгдсэнээ “Би одоо хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байна. Яагаад ингэж болохгүй гэж...Зохиолчийн бодол санааг сааж хорьдог сансрын салхи ч байхгүй. Надад төрсөн юм...хэн үүнийг хорих юм...

Би насан туршдаа “Дөлгөөн Доноос” салаагүй, санаснаа хийж байна. Монгол зохиолч гэж мод шилбүүр унасан балчир хүүхэд шиг байх ёстой юмуу? яахав, янз бүрээр хэлнэ л биз...Боловсрол чадал дутна гэж бодож байна уу? Тиймээ, надад Монгол Улсын Их сургуулийн монгол хэл уран зохиолын гуравдугаар ангийн боловсролоос өөр юм байхгүй. Дөрвөн жилийг нь гүйцээж чадаагүй нь миний хохь. Харин тэгэж ярих юм бол, би харин “Шолоховын урлангийн их сургуулийг төгссөн юм шүү. Айтматов, Есинин гээд миний уншсан, шүтсэн минь тэгсхийгээд зогсоно. Өөр олныг уншдаг ч үгүй. Би ямар Шолоховын оюуны өмчийг хулгайлж байгаа биш, харин тэр суутны оюун санааны ертөнцийг нь дорнын нэг зохиолч, тухайлбал Дорноговийн Догмид уухайлан дүрэлзүүлж, үргэлжлүүлж байгаа юм. Болох юмуу үгүй ч юмуу. Дур эзнээ голдоггүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг биз дээ. Залуугаасаа Шолоховоор өвчилсөн, тэгээд л ийм юм рүү орчихлоо. Хязгааргүй их юм харагдаж байна. Хүрэхийг бодноо. Цоодол нэг юм хэлж магадгүй, харин чи нэгийг хэлж магад. Чи миний нүүр номын “Bajir Dogmid” руу ороод, бүгдийг нь үзэхгүй юу? дуусаагүй,,,дуусгана гэж адрах шиг, аашлах шиг хэлэв. Догмидынхоо занг ямар мэдэхгүй биш...Эрүүл үедээ ч согтуу юм шиг агсам тавьж, гоё гэмээр ончтой, тохуу егөөтэй, шогтой инээдтэй, бүр балай ч гэмээр ил задгай үгийг чулуудаж явдаг хүн. Онож хэлсэн хар бааз үгийг нь заримдаа бодохлоор түсхийтэл инээд алдмаар байдаг. Энэ ч бас авьяас бизээ. Ер нь ярьсан нь өгүүллэг болчихдог. Хааяа дэлхий хаана байна гэж хөлөө олохгүй дэнхэлзтэл гишгэж ч мэднэ. Гэгээн цагаан өдөр дэн бариад ч чи харагдахгүй байна гэж хатгаж үгээр алгадаж ч магад. Хэн нэгэн рүү улаан нүүр рүү хараад, улалзтал хэлчихдэг болохоор дайсантай ч байх, андтай ч байх. Аль алиныг нь нэг их тоохгүй ээ. Балжирын Догмид гэгч хэн бэ? гэх зурвасхан хөрөг маягархуу юм руу хальтирчихлаа, одоо хэлэх гэсэн юмандаа орьё. Үүнийгээ би “Зохиолчийн урлангийн ажиглалт-тэмдэглэл” гэж шинээр нэрлэж байгаа болохоор энэ тэрийг чөлөөтэй самардана шүү.


“Аварын ард түмэнд өөрийн Ромео, өөрийн Жульетта бас байсан. Харин өөрийн Щекспир байгаагүй учраас л дэлхий дахин манай ард түмнийг мэдэхгүй байна” гэж Дагестаны халуун цуст цэцэн мэргэний домогт хүү Расул Гамзатов аль жараад онд л харамсан халаглаж, магад өөрийгөө ч оронд нь тавьж байсан болов уу? гэмээр надад санагддаг. 52-хан жил наслахдаа 37 жүжиг, 2 том найраглал, 154 сонет хэмээх арван дөрвөн мөрт сонетыг биччихсэн дөрөв, таван зууны өмнөх үеийн дэлхий даяараа өвдөг сөгдөн мэхийдэг Шекпсирийн дайд өөрийгөө өрсөлдүүлж хурцална гэдэг аргагүй л том омогшил...”Тэнэг хүн тэнгэрээс арай доохнуур байдаг бол мэргэд миний чинийхийгээ мэднээ” Харин ХХI зуунд манай Догмид Нобелийн шагналт М.Шолоховын “Дөлгөөн Доны” халуун цуст, яахаас ч буцашгүй бүдүүлэг, хурц дайчин, тэнэг хэнэггүй Доны казакуудын болоод гол баатар Григорийн морин дэлэн дээрээс шүүрч, шүүхэрэн дайрч авсан нь Расул Гамзатовын дээрх үгийг эрхгүй эргэцүүлэхэд хүрэв. Аз уу? эз үү? гэдгийг өнөөд тааварлашгүй.


Б. Догмидын үргэлжлүүлсэн “Дөлгөөн Доны” тухай ажиглалтын өмнө энэ ташрамд Михиал Шолохов гэгч чухам хэн болохыг өнөөгийн ялангуяа залуу идэр уншигчид мэдэхгүйдээ тулсан тул цухас төдий дурдсу. Зарим нь ч анх сонсох биз. Миний үеийнхэн түүний үлгэр домог мэт цав цагаан яруу дуурсгалт амьдралыг л мэднэ. Харин нууц далд амьдралыг мэдэж ч магад, мэдэхгүй ч байж магад, өөрийнхөө хэрээр л товчхон дурдая. Түүний зам басчиг дардан шулуун байсангүй. Нобелийн шагналт Михиал Шолоховыг дэлхийд нэрд гаргасан нь зөвхөн энэхүү “Дөлгөөн Дон” гэдэг дөрвөн боть зузаан роман. “Атрыг эзэмшсэн нь” гэх албархаг нэгтэй ном нь ч чадалтай зохиол. За тэгээд, “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” зэрэг өгүүлэг туужууд нь бараг л манай луугаруудаас ялгарах юмгүй юм билээ. Нобелийн шагналыг зүүдэлсээр байгаад хорвоог орхисон Чингиз Айтматовыг ч гүйцэхгүй. Энэ бол миний бодол, ташаа ч байж болох. Эрт өөрийгөө шавхвал эрт төгсдөг зохиолч ч бий, алгуур аажуу алдсаар дээшээ явбал идэн барьдаг зохиолч ч бий. Шолоховыг түрүүчийнх нь юмуу гэж боддог.

 

Шолохов “Дөлгөөн Доноо” үргэлжлүүлж болох байсан, Гэвч ядарч сульдсан уу, эсвэл атаа жөтөө, ар хударгын хуйвалдаан самуунаас болсон уу? цаг үедээ зүрх алдсан уу? романаа үргэлжүүлэлгүй зогсоосон гэхэд ч болох юм шиг. Доны казакуудын тэр жижигхэн газрын зураг дээрх ер бусын үйл явдал, тэдний болхи толхи ч гэмээр хачирхалтай бөгөөд шарсан гахайн махны хиншүү үнэртэм үнэн бодит амьдрал, харамсмаар ч юм шиг, үхэн хатан хайрламаар ч юм шиг хонгорхон охид бүсгүйчүүдийн аальгүй ааш, адууны жүчээний морины шээс хомоолны үнэр танар, гудамжны задгай амьдрал, тахианаасаа илүү хашгирах хашааны хэрүүл хараал, тохьгүй өвгөд эмгэд, Запорожийн какакуудын украйн орос болоод олон хэв маяг холилдсон язгуур тариачдын хуучирсан үг яриа, даашинзны нугалаасанд үлдсэн салхи савир, улаантан цагаантнаар ялгарсан балмад хийрхэл, нэг үндэстэн ястаны хоорондын ялгарал дайсагнал, шумуул ч үргэхээргүй намуухнаар урсах Дон мөрнөөс үсэрхийлхэх загас жараахай, яйжгар морины тэргэний өвгөн дэлбэгч, хуял тачаалт үүл борооны явдлын дор сөхөрсөн өвс ногоо, хөгшин өвгөний шүд шиг сарампай хашаа, үдшийн саран доорх согтуурхал хөлчүүрхэл, дурын хүнээ буудчихдаг хорхойн чинээ амь нас, махоор тамхины үртэс, хасаг цэргүүдийн тачаал, адгийн наад зах нь орны дэрэн дээр савирч үлдсэн шар шүлсний толбыг хүртэл орхилгүй шороон шуурга бужигнаж буцлах шиг хурц хурц үйл явдал уншигчийн зүрх сэтгэлийг маажиж өдөөн хатгасан гэж болно.


Шолохов цаашаа энэ романаа үргэлжлүүлэн гучаад оны аймшигт хэлмэгдүүлэл, хамтаржуулалт, эх орны дайн, сэргээн босголт, хот тосгон, үндэстэн ястны хоорондын зөрчил, коммунист намын эзэрхийлэл дарангуйлал, дээдсийн хоорондын зөрчил гээд Зөвлөлт засгийн түүхийг тэр чигээр нь багтаан үргэлжлүүлэх боломж байсан нь мэдээж. Гэвч тэгээгүй. Харин энэ нь л өнөөдөр монголын Балжирын Догмидыг онгорхой цагаан зайнд нь тоглох боломж тавьж өгсөн бололтой.


Хэлмэгдүүлэлтийн үеэр Шолоховт амь наана там цаана ч үе байлаа. Атаархал, матаасаар сүйрч балрах шахсанаа Сталинтай сүүхээчлэн уулзснаар амь гарсан гэцгээдэгсэн. Энэ ташрамд тэр бүр ч сайтар мэдэхгүй намтрын бүдэг бадаг зүйлийг өөрийн хэмжээнд цухас дурдая. Социалзмын үед төрийг барих Дээд Зөвлөлийн депутат түүний инээмсэглэсэн хөрөг зураг ном сэтгүүлд байнга нийтлэгдэж, “Би коммунист намын гишүүн биш ч, миний зүрх сэтгэл намд харьяалагдаг юм” гэсэн алдарт үгийг индэр дээрээс хэлчихээд, “Тийм ч биш дээ” гэх шиг ёжтойхон инээмсэглэж зогсдог байлаа, зохиолч, сэтгүүлчид зөвлөлт засгийн бэлгэдэл, домог болгож шаагиулж шуугиулж байв.


Түүний авьяас билэг дэндүү эрт од шиг гийсэн. Ов тов цоохор холцоруутсан нүүр царайтай, хөл нүцгэн тосгоны хувцасны тамтаг эгдэрэглэсэн сэвхтэй ядуу охин ч шохоорхон харахааргүй сөөвгөр сахалтай, өсөж томроогүй хорь ч хүрээгүй өрвийж ноолорсон шар ногоон залуу “Би роман бичиж байна, суутан болно” гэж хэлээд муу сүрлэн дээвэртийнхээ хаалгыг янгинатал цоожлоод өдөржин, шөнөжин цаас эрээчин суудаг байсан нь хожмын үнэхээр л суут мань Шолохов байсныг хэн мэдэхэв. Үеийнхэн нь тосгоноор л нэг манай агуу зохиолч...биднийгээ махоороор таслахааргүй суутан гэж элэг доог хийж байсан ” гэсэн яриаг эх оронд нь чих дэлсэж байлаа.


Манайхны тавь, жар, далаад оныхоны соёлтой сэхээлэг айл бүрт шахуу тэр зузаан романууд гал тогооны ширээ, ор дэр дээр үзэгдэж, хүмүүс нойр хоолоо умартан уншиж, үйл явдлыг бараг үлгэр шиг цээжилсэн “Дөлгөө доны” романы тав дахь ботийг үргэлжлүүлэн бичих санаа манай Догмидод хэрхэн төрж, ямар чөтгөр шулам нь өдөж хатгасныг хэн мэдлээ. “Дөлгөөн Дон” роман бол дэлхийн уран зохиолын оргилуудын нэг болж сүндэрлэсэн ч гэлээ үе цагийн өөрчлөлтөөр ханшийг нь бууруулах гэж оролдох бүр түүхэн үнэнийг үлдээснээрээ овойтол түхийгээд, үнэ цэнээ алдахгүй байдаг сонгодог зохиол бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй ээ.


Нобелийн сая шахам долларын шагналаар Шолохов амьдралын аз жаргалаа бүтээж, эрх тааваараа урт түрийтэй усны гутлаа өмсөөд, зузаан хөвөнтэй хүрмээр дулаалаад их дөлгөөн Доныхоо эрэг дээр загасчилж... тариа ногоо, гахай малын фермтэй, тусгай үйлчлэгчтэй тансаг орд харштай дүүрэн хангалуун жаргалтай амьдарч байсан ч дайрлага дайсагнал бишгүйдээ сонсож байсны ганц жишээ гэхэд л “Зөвлөлтийн зохиолчдын бүх холбоотын хоёрдугаар их хурал” гэсэн хатуу цэнхэр хавтастай номын 100 дахь талд манай монголчуудын эртний дотны анд К.М Симоновын хурц шүүмжлэл үлджээ. “Шолоховын хэлснээр нэмэх гурав биш, дөрөв ч биш, түүнээс илүү дүн авч байх зөвлөгөөг надад өгч байна. Миний бичсэн зүйлийн дотор өөрөө өөртөө нэмэх гурав ч тавимааргүй зохиол байгааг зөвшөөрье...Манай уран зохиолыг ”Дөлгөн Донд” маш хүчтэй сайхнаар зэмлэн бичсэн казакууд ба харь хотынхоны хоорондын дайсагнал мэтийн ялзарсан заншлаас хамгаалж чадна гэж би бодож байна. ” гэхэд хаалтан дотор “Удтал алга ташив” гэсэн үгс бишгүй үлдсэн нь мань том зохиолчийн амьдрал заримдаа ямархан зовлон зовиур, атаархал жөтөөрхөл, гуниг бэршээлээс гадуур байгаагүйг гэрчилнэ. Тэр ч байтугай Зөвлөлтийн Зохиолчдын Хорооны даргаар насыхаа хагасаасаа илүүтэй ажилласан Дэлхийн Энхтайвны Хорооны дарга гэх зэрэг нэр алдрын уурхай болж, “Ниргэлт”, “Залуу гварди” романаар шагшигдсан А.Фадеевын өөрийгөө гэнэт буудаж амийа егүүтгэсэн мэдээ олон улс даяар шуугиан тарьсан цаг бус үхэлд Шолоховыг хамаатуулж байв. Коммунист Намын ХХ их хурал дээр түүнийг хурцаар шүүмжилсэн нь түүнийг үхэлд хүргэлээ гэцгээж байлаа. В.И.Лениний намын үнэнч нөхөр Фадеев “...Зохиолчийн хувьд амьдрал минь утга учраа алдаж урвалт шарвалт, худал хуурмаг гүжир гүтгэлэгээс салж хагацахын тулд би маш баяр баясгалантайгаар энэ амьдралаас хагацаж байна. Намайг ээжийн минь дэргэд оршуулахыг гуйя” гэж ЗХУКН-ын Төв Хороонд бичсэн Фадеевын эмгэнэлт үхэлд ганц Шолоховын ширүүн хандлага шүүмжлэл ч хамаатай биш, Н.С.Хрушевын хүйтэн ёозгүй харилцаа, түүнтэй уулзах байтугай тааралдах болгондоо царайгаа хувьсхийлгэдэг үл итгэл зэрэг нэг бус хүний хатгаастай холбоотой нь мэдээж бизээ. Үг бол үхэл...үгүй бол амьдрал... Үгээр хүнийг үхүүлж чадна, бас амьдруулж чадна. Үгийн шидэтнүүдийн толхилцоон, зөрчил тэмцэл хурц ширүүн хэрүүл маргаан амь насанд биш юмаа гэхэд сэтгэл,оюуны гүн гүнзгий хямралд хүргэж болохыг эдүгээ ч санаж сэрэх ёстойсон.


Нобелийн шагнал зөвлөлтөд ерөөсөө хувь хишигүй эмгэнэл, хараал зүхэл болж байлаа. Зөвлөлтийн уран зохиол одоогийнх шигээ нам жимхэн биш, мөсөн уул хоорондоо мөргөлдөх шиг, галт уул дэлбэрэх шиг, их далай тэнгист хэдэн давхар байшингийн дайтай цунами шуурга дэгдэх шиг, аварга загасны тасар хазах шүд шиг болж, олноор төрсөн томчууд нэгэн ай савандаа багтаж ядаж байсан юм шиг санагддаг. Шведийн вангийн дэргэдэх Нобелийн шагналын хороо зөвлөлтийн уран зохиол, зохиолчдын ур чадвар, чадал чансаа, уран сайхны нээлтийг цаад талдаа зөвшөөрөхөөс өөр аргагүй ч наанаа тоомсоргүй зэврүүн царай гаргаж байсан ч анхныхаа шагналыг Лев Толстойд олгохыг хүссэн ч мань зөрүүд өвгөн “Мэдээж энэ шагнал асар их мөнгө олгодог бололтой, өвгөрсөн би тэр их мөнгийг хаанаа багтааж шингээх билээ” гэж адармаалан татгалзаж байлаа. Ер нь эх орон нь бус, коммунист Зөвлөлт засаг уранзохиолын Нобелийн шагналтанууд дотроос нам бус, олон түмэнд хүчирхэг нэр хүндтэй М. Шолоховыг аль болохоор тойглож, ая тал засаж, аядуу сэрэмжтэй хандаж байсан ч бусад Нобелийн шагналтан М.Бунин, Б.Пастернак, А. Солженицын, И.Бродский нарыг нүд үзүүрлэн, хөрөнгөтний үзэлтнүүд, эх орноосоо урвагч, тэрслүүд эсэргүү дайсан гэж жигшиж, зарим нь эх орондоо хоргодох аргагүй хяхагдан, зулбан зугтахаас өөр аргагүй байсан гашуудалт түүх бий. Ер нь Нобелийн шагнал тэдэнд нэр төр, аз жаргал хайрлахаасаа илүүтэй зовлон гашуудал эмгэнэл хайрлаж байлаа.


М.Шолохов болоод нобелистуудын хувьд нэг иймэрхүү...Эргээд Б.Догмидын нөгөөх “Дөлгөөн Доныг үргэлжлүүлэн бичиж байгаа яриа хөөрөндөө эргэж орьё. Тэрбээр энд тэнд гадаад оронд явжээ гэхийг би лав сонсоогүй, явсан нь л байлгүй. Тэр жил “Өдрийн сонинд” Улаан-Үүдэд байхаа, лав хилийн цаана нэг аятайхан орос охинтой айлд бараг л хүргэн орох шахан бужигнуулж, наргиж дарвиж явсан паянгаа нууж хаах юмгүй ил цагаанаар бичсэн байсан, арай зүүдээ хэлээгүй байлгүй. Ийм болохоор “Дөлгөөн Доны” казакуудтай төстэй ч гэмээр Улаан-Үүдийн буриад зоны амьдрал ахуй, зан араншинг Доны хасагуудын дэвсгэр дээр зовох юмгүй элбэгхэн тонгочуулж чадна, чаддагийг ч бичснээс нь харж мэдэрлээ. Түүний үргэлжлэл болсон “Дөлгөөн Доныг” биш Шолоховын “Дөлгөөн Доныг” уншиж байгаа юм шиг санагдаж байна. Энэ нь Шолоховын үг хэллэг, уран сайхны сэтгэлгээг орлож чадаж байна гэж болно. Гэхдээ л “Чиний жүжгээс Брехт үнэртэж байна гэдэг шиг эл романы үг хэллэгийн илэрхийллээс Б.Догмид үе үе үнэртэж байнаа, надад л лав....


Үгийг торгонд боож, тосонд өнхөрүүлэх шиг инжаанчлан шаглах тухайд ярих юмгүй ээ. Тэнгэрийн бошго үгийг газрын хөрсөнд буулгаж, намуун эгшиглэнт уянгалаг үгийг ч буйлуулж чадна, үүл цахилгаан харшилдах шиг аянга нижигнүүлж ч чадах цөөхөнтэй арсалдах ховор авьяастан, энэ тухайд бусдууд бүү атаархаарай. Харин ийм ер бусын юм байдагаа бас...гэж гайхшируулмаар байшгүйгээр уран чаминаар сэтгэж, энэ тэрийг наалдуулж сүлжилдүүлэн дүрийг товойлгох, уран сэтгэмжит үйл явдал, адтай адал явдал, адал явдалт санаа, өөр хэний ч зохиолд байхгүй, байшгүй үйл явдлын шугам гаргалгааг олж, сэтгэж гаргах талаар л Дон мөрний захын нимгэн усны чулуунд “хайргадаж” магадгүй. Зохиомж байгууламж, ер бусын хурц үйл явдал, үйл явдал дундаас хатгаж онцгойрсон хурц тод дүр л романы амин сүнс сүлд, дүрийн дотоод сэтгэлзүйтэй холбоотой гэдгийг хашир хандгай мэдэх газар аа.. Орос хүн, оросожсон казак, буддийн шашинт нүүдэлчний монгол хүний сэтгэл, сэтгэхүй, уламжлалт зан заншил, уугуул үзэл санааны философи, үйл хөдлөл, байгаль цаг уур, бусдад болоод өөртөө хандах хандлага, ёс дэг тэнгэр газар шиг тэс өөр...Тэнгэр газрын савслага завсар л Догмид абугай орших болж дээ. Булчин шөрмөсийг чинь тэнийтэл сунгаж өгнө дөө. Эргэж буцаад яахав...танишгүй таагдашгүй харь ертөнцийн замаар алхаад бай. “Зам чинь зөв бол алхаад бай” гэсэн үгийг манай нэгэн тод романч Д.Цэмбэл анд минь хэлж билээ.
...Тосгоны зүгээс аль эрт үүр цүүрээр босож хашгирсаар хоолой нь сөөсөн азарган тахиа хэдийгээр хөгширсөн ч гэлээ байшин хашаа,эд хөрөнгийн эзэн хэвээрамьд сэрүүн байгаагаа зарлах мэт хаа нэг залхуутайхан хашгирна...


...Михаил Кошевой Григорийн нар салхинд харласан гандмал царай, нумарсан хөмсөгтэй дээрэмчин шинжийн догшин харцтай нүд, адууны хөлс заар, сур тоногны үнэр шнгэсэн гандмал цэрэг цамц, ов товхон бууралтсан халимагүсийг хальтхан харснаа хоёр хундаганд дүүргэв...
...Танай нөхөр бид хоёр нэг тосгонд байтугай нэг тэнгэр дор агтахгүй нь бололтой...
...Багахан ч гэсэн гол үертэй үедээ ямар ч сайн усчин Доноор сал урсгах аюултуй...
...Элэг бөөр унагачихмаар ширүүн явдалтай тэрэгний морин дээр Григорий цэрэг эмээлийн хатуу суудалд бөгсөн суудалд бөгсөн биеэ янгиадуулан хаируулж явахдаа офицер эмээлийн суудал бадуушиг гэдэг хаан сэнтий шиг зөөлөн эдлэл байсныг ся л ухаарав...
...Аян дайны замын тоосонд аргаж хуурайшсан хоёр нүднээс нь цэхэр ус ч унасангүй...(Григорий Аксиньягийн шарил дээр очоод)
...гэх мэтээр нүдэнд харагдтал сэтгэлд ургатал товгор дүрсэлсэн нь өгүүлөэр бүрээс шахам өнгөө алдахгүй хүүрнэж байгааг булган малгайтай, мөнгөн товчтой, хүрэн үйтэн хуар дээлтэй Догмид шалбуур өмдтэй, украины маягийн хэлхгэр цэцгэн хээтэй урт цамцтай кинжаал хутга зүүсэн Шолоховоос ялгарахгүй шахам байна.


Үгийг сонгохдоо мяндсан нарийн мэдрэмжтэй, зүйрлэл адилтгал, өвөрмөц хэлц хэллэгийг сонгодог хөгжимчин арван цагаан хуруугаараа төгөлдөр хууран дээр хэрхэн яралзтал товшдог билээ, түүн шиг л эгшиглүүлж дүрт үг хэллэгийг та анзаарч мэдэрч байгаа гэдэгт итгэнэ. Түүний романы үргэлжлэлийг уншихад Нобелийн шагналтаас үгээр дутах юм алгаа, харин зарим газарт дүүгүүрийн чулууг арай ч хол давуулж шидаж байнаа гэхээр ч юм шиг.


Уг романыг 50-иад оны сүүлчээс орчуулж монголын уншигчдадаа хүргэсэн нэрт орчуулагч Б.Дашцэрэн гуай хэдий орос хэлний үгийн сан, найруулгад гарамгай байж болох ч Шолоховын эн хэмжээнд хүртэл Доны хасгуудын тариачны хачирхалтай үг хэллэгийн жин хэмжүүрийн зүүний заалтыг 100-д хүртэл хүргэсэн нь юу л бол??? гэхдээ 7О, 80 гаруй хувийг шингээсэн байхаа. Т.Дашцэрэн гэгч монголын томхон сэхээтэн, чадахгүй, хүрэхгүй юмгүй, билэг танхай, бэлчээр том, жинхэнэ сайн саарын дунд эргэлдэж явсан тусгайд төрсөн эр байсан юм билээ. Л.Түдэв эрхлэгч маань ингэж хэлж байсныг санаж байна. “Монголд хоёр еврей байдаг юм шүү дээ. “Дөлгөөн Доны” орчуулагч мань Б. Дашцэрэн, нөгөөдөх нь “Эдийн засаг” сэтгүүлийн эрхлэгч Д.Сүрэнжав хоёр” шүү дээ гэж билээ. Еврей гэдгийг хурц ой ухаантай, тархи толгой сийрэг, юмыг цаад углуургаар нь нарийн харагдаг, юмыг хожоотой талаас нь хардаг овсгоотой, хаа ч юунд ч хүрч шүргэж мэдэх зальжин сэргэлэн, дэлхийн чинээг санадаг хэрнээ дэргэдэхтэйгээ хэлцдэггүй шинжийн ам хатуу, ямар ч үндэстнээс тэс ангид, сайн саар бүх талаараа гаргууд хөгжсөн онцгой содон хүнийг гэдгийг хэлж байгаа хэрэг. Хосгүй ухаантантанд зүрх сэтгэл арай мөчид заяадаг ч байж магад. Гитлер “Миний тунхаг” номондоо еврейчүүдийг чөтгөр шуламын ороолон тул тэнгэрийн ташуураар ниргэтэл хайр найргүй ороолгох хэрэгтэй” гэсэн утга бүхийг олонтаа давтан бичсэн байдаг бол өнөөдөр еврей хүн энэ гарагийн хамгийн бэлгэдэлт хүн...эрдэмт ухаан тархи, оюун санааны болон ёс суртахууны үлгэр жишээ болж яригдах болсон байна. Дашцэрэн гуай эрмэг зоримог, овсгоо самбаатай, хэнээс ч дальдираггүй, манайхны доромж хэллэгээр бол увайгүй ч гэмээр болохоороо Чойбалсан, Цэдэнбал, Самбуу зэрэг томчуудад зөвшөөрөгдөн биеэ барих, айх эмээхгүйгээр ойртож шадарладаг байжээ. Брежневтэй тамхилж, Хрушевтэй жийрхэлгүй ярилцаж, М. Шолоховтой дотносож байсан хүчирхэг сэхээтэн. Шолохов 1964 онд Нобелийн шагналынхаа хүлээн авалтыг Лениний ууланд хийхэд оросын хамаг алдартнууд оролцсон найран дээр түүнийг сандал дээр гаргаж зогсоолгоод “Их монголын төлөөлөгчийг харцгаа” гэж үнсэж байсан гэдэг. Ийм хүнийг еврей гэхээс ч аргагүй юмуу?
“Дөлгөөн Дон” романыг ширээний ном болгоод зогсохгүй, түүнээс суралцан “Тунгалаг Тамир” романаа бичсэн Чадраабалын Лодойдамба гуай нэг үргэлжлүүлэн бичиж чадах аваас даанч тэр эрхэмтэний толгойд энэ мэт ад чөтгөрийн санаа орж ирэхээргүй бизээ, ирсэн ч болгоомжлон хийхгүй. “Өөрийн бодол өөртөө зөвөөр, өрөөл гуя хаадаа зөв” гэгчээр далай мэт дэлхийн том уран зохиолын өмнө, энэ даяанаас тасарч, хэн бугай нь санаснаараа хүршгүй өндөрлөг нобелиудтай монгол зохиолч өөрийгөө сорьж, хаахна яваагаа харах гэсэн ч юмуу лавтайяа нэгэн монгол “Дөлгөөн Доны” хувилбар тав дахь боть Балжирын Догмидоор нэрлүүлэн гарах бололтой.

 

Туршицад тушаа бүү болтугай, эрэлд эрлэг бүү болтугай гэе дээ. Тэрээр романгүй шиг санагдах юм, кино зохиолд сатаардан сарниад хийгээгүй ч байж магад. Уг нь Б. Догмид өөрөөсөө гаргаж байгаа, ялгаруулж байгаа энэ их оюуны эрчим хүчээ, эр бяраа, эх хэдний чадамжаа ёстой “Дөлгөөн Доныг” ч шүргүүлэхээргүй нэгэн ланжгар монгол роман хийчихсэн болоосой гэж халагласнаа шигтгэж хэлье дээ. Түүнд цаг хугацаа бий.


Дээлнийхээ товчийг тасарч унатал дэлхийн зиндаат эрэмбэтэй уран зохиолд ч байхгүй ул мөргүй замаар дорнын тэнүүн цээл говийнхоо халуун хайраг чулуу бутарган хаа тэртээх Донын хасагуудын гацаа тосгон руу, Дон их дөлгөөн мөрөн рүү уухичин довтолгож яваа энэхүү дур зоргоороо, омголон түрэмгий, халуун агсам Догмидыг цулбуурдан хоргоож тогтоох аргагүй ээ. Хонгорхон Аксиньяагийн халуун хөнжлөөс махоор үнэртүүлэн гарахдаа шавар шалбааг дундуур туучуулах жаргал ч юм шиг зовлон, зовлон ч юм шиг жаргал дунд унаж босож, буудуулж, үхэлдэж сэхэж явсан Григорийг М.Шолохов амьд үлдсэн нь мань эрд үргэлжлүүлэх олз болсон нь их хувь зохиол ч юмуу даа. Тэнэг зоригтой, хайнга бүдүүлэг ч юм шиг, сүрхий хэрсүү ч юм шиг, хүүхэнд эрлэг ч юм шиг аз эз нь арай л хулхинд нь сум зоогдоогүй тэнэсэн төөрсөн омголон Григорийн хошуу ам нимгэн, өндөр сэрвээт мориных нь дөрөөнд чирэгдүүлэлгүй давж гараасай гэж Балжирын Догмиддоо хүсэж, уран зохиолын урлангийн энэхүү “Тэмдэглэл ажиглалтаа” үлдээвэй. Гэвч бичмэл эх дээрээ байгаа романы үргэжлэлийг дүгнэх нь эрт байна. Монголчуудад олз болтугай.
2020 оны 11 дүгээр сарын 22- 23. Ням, Даваа гараг.

 

 


ДӨЛГӨӨН ДОН
/5-р хэсэг/
-Би дуртайдаа олз ашиг олох гэж хүний амь хороогоогүй. Их эзэн хааны зарлиг болон хувьсгалын нэрийн өмнөөс байлдсан. Аль аль нь Орос улсын газар шорооны төлөө тэмцэл байсан. Дийлснийх нь зөв болдог учраас ялагдсаныг нь буруутгах гэсний хэрэггүй. Цэрэгт явахгүй гэх толгой ямар бидэнд байх биш.
-Мелехов чи жинхэнэ хороо командлаж явсан боловсролтой офицер хүн шиг ухуулж байх шив дээ.
-Омск, Ростовын засаг ялбал чи бид нар хаачих вэ
-Хэн нь дийлэх нь хэнд ямар хамаатай юм, бид чинь хөдөлмөрчин ард биш үү
Дэмий юм ярьж байхын оронд хөрөө, сүх хоёроо ирлэх минь. Амьд хүнд ямар сайн хүн байх биш, Хэн маань ч үхэхээс наана цагаатгахааргүй хэрэг тарьсан гайхлууд шүү дээ та бид чинь ... гэж өгүүлээд Прохор эргэж алхлаа.
***
Улаан туг оройд нь хатгасан хувьсгалт цэргийн хорооны үүдэнд хэдэн үхсэн хүний анкет, эсэргүүнүүдийн нэрнээс өөр албан бичиггүй Михайл Кошевой ганцаараа ийш тийш харан хэн нэгнийг хүлээсэн янзтай тамхи татан зогсоно.
Түүнд нүдэндээ үзэгдсэн хүн бүрийг шалгах, цэрэгт дайчлах, шүүхийн тогтоолгүйгээр хүн буудахаас өөр ажил байсангүй. Григорийгоос болж эхнэртэйгээ хэдэн удаа тар турхийн салж сарних дээрээ тулсны дараа түүний ахыг элдэв баривчилгаа, дайчилгаанаас хамгаалагч болж хувирсан. Энэ тосгоныхон ихэнх нь өөрт нь дургүйг тэр мэднэ. Кошевойд сүүлчийн ганц сумаа ч зориулахад бэлэн хүмүүс цөөнгүй бий. Григорийг ихээхэн оролдвол Дуняшка ч түүнийг цаашаа харуулахад бэлэн. Хувьсгал гэдэг ийм ажгуу. Даруу төлөв зантай Петро, юм бүхэн дээр огцом түргэн, омголон зантай Даря-д гологдож, харин түүнд Гришка таалагддаг байсныг Наталья мэддэг байсан учраас түүнээс зай барьж нэг айлын бэрүүд шиг дотно үерхдэггүй байж билээ. Тийм ч учраас Дарья, Натальяг зовоож шаналгахын тулд хэд хэдэн удаа Гришкаг Аксинья-д дуудаж өгч байжээ.
Мелеховын хүргэн Михайл Кошевой бол хүүгий нь алчихаад гэрт нь ирж настай эхийг нь тохуурхан тоглоом хийж, нүүрээ ширлүүлсэн юм шиг төрсөн дүү охиныг нь эргүүлдэг цагаандаа гарсан алуурчин. Ханилж яваа нөхрийнхөө толгойг хэдхэн халтар төгрөгнөөс ч худалдахаас буцахгүй амьтан гэдгийг нь Дуняшка мэдсээр байж эмийн шалиг, эрийн мунаг занд автан түүнд өврөө нээсэн нь олон жилийн дараа хэрэг болж тэр араатанг номхруулан гоо үзэсгэлэнгээрээ гартаа оруулж авахын чинээ санасангүй явжээ.


Тосгоны хүүхнүүд олон ч архичин нөхрүүдээ дагаад бүдүүлэг завхай боловч бас хартай. Хүний нүд, сэтгэл булаах царай зүстэй нь ховорхон. Гэвч тэд ажилсаг хавар намрын хар бор ажилд барагтайхан эрийг дагуулахгүй, ногоо хураах өвс хадахад гялалзуур.
Фронтод, галын шугам дээр найман жил ус намаг дундуур бүс тайлах завгүй хоолтой хоолгүй зүтгэсэн Григорийд усанд ороод цэвэр даавуутай ор хөнжилд орж амар амгалан нойрсч байсан шөнө цөөхөн. Тосгондоо ирсэнээс хойш сэтгэлийн шарх нь илааршаагүй ч “бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэгчээр өдөр ажлын хүндэд хуга нуга дарагдсан ч аяга хоол идчихээд авгай, охин хоёрынхоо орон дээр хүүгээ өвөртлөн өхөөрдөж хэвтэх нь Григорийд нэгэн насны жаргал байлаа. Одоо хэн нэгэнд өс хонзон өвөрлөн өөрийгөө зовоож явахаа больё. Степантай дайралдсан ч нас тогтсон эр хүний ёсоор аяга тагш юм хуваан ууж уучлал гуйя гэж боддог болжээ. Тэр намайг ойлгоно уу байна уу, хамаагүй. Би л хэлдэг үгээ хэлж санаагаа амрааж, сэтгэлээ бага ч гэсэн ариусгавал болоо биш үү.


Тийм сайхан эхнэрээ надад булаалгасан хүн намайг уучлана гэдэг худлаа. Хүний юм хүнд наалддаггүй гэдэг энэ биз. Тэр муу сөлөрийн тэнэж төөрсөн сум Аксиньягийн оронд намайг оночихгүй яав аа гэж үе үе харамсана. Тэгсэн бол Ксюша минь өдийд амьд мэнд хөөрхөн нүдээрээ инээмсэглээд явж байхгүй юу. Григорий зөвхөн Аксиньяг дурсахын тулд аль эрт бурхан болсон өвгөн Сашкатай сэтгэлээрээ хүүрнэлддэг билээ.
Ганц хоёр хундага архинд нүд нь сэргэсэн өвгөн,


-Өвөл чи надаас морины тэжээл овьёос аваарай. Тэрэгний хатирч сайн морийг хүн сургадаг болохоос биш эхээс бэлэн төрдөггүй юм. Би армид алба хашиж байхдаа цэргийн агтнаас шилдэг хатирч морьдыг сонгож тэргэнд сурган морин тойруулгын уралдаанд түрүүлж эзэн хааны нэрэмжит шагнал мөнгөн хэрээст загалмайгаар шагнуулж явлаа гэхэд Григорий Сашкагийн яриаг таслаж:
-Та тэр шөнө Аксинья, зуутын дарга Листницкий хоёрын тухай надад яах гэж хэлсэн юм бэ. Би тэр тухай сонсоогүй байсансан бол Аксюшкагаа хаяж явахгүй өнөөдрийг хүртэл аз жаргалтай эвтэй найртай амьдрах ч байсан юм бил үү гэхэд хоёр цэхэр нүд нь ухархайдаа ширгэж, үс сахалдаа дарагдсан өвгөн цочих мэт Григорий өөд харснаа:
-Би хэлэхгүй байсан ч захын хүн тэр хоёрын тухай чамд ярих байсан. Архи уудаг ч би сул амтай хүн биш. Би шудрага хүн. Чамд хэлье л гэж хэл маань загатнаад хэлсэн юм. Чамайг хүний хүүхэд битгий тэжээгээсэй гэж бодохдоо л амаа хамхиж чадаагүй юм.
Одоо бүх юм өнгөрч улирч баларсан хойно энэ тухай дурсаад унтаж байгаа нохойг нойроос сэрээгээд яахав дээ. Хааны дарс шиг хатуу архи, гавар зандан шиг сэнгэнэсэн сайхан үнэртэй тамхи авчирч өгсөнд чинь баярлалаа. Адууг яаж тэжээхийг Сашкагаас илүү мэдэх хүн энэ хонхорт байхгүй шүү. Өвөл надад авчраад өгвөл хоёр морий чинь нүдийг нь бүлтийтэл, чихийг нь сортойтол тэжээгээд өгч чадна шүү. Одоо гарын тамир барагдаад, нүд юм үзэхээ больжээ. Түүнээс биш морины тахыг халуун төмрийн дархцуулаас дутахгүй хийдэг байлаа гэж халамцуу Сашка сайрхан өгүүлээд архинаас асган цутган хундагалалаа.


Григорий буцахдаа Жимстийн төгөлөөр орж үнэгний мөр харлаа. Эрт урьдын цагт өвгөн Пан-тай гөрөөлж явсан тэр газарт хонгор зул, нохойн хошуу, хурган чих ургаж, бутан дундаас ятуу дэр дэрхийн нисэлдэнэ.
Дээр үед олон тайган нохойнуудыг хамраар нь газар хатгаж унатал хуурч бултдаг нэг сүрхий улаан үнэг энд байж билээ. Өвгөн генерал түүнийг битгий бууд суурин газрын хуян шар усандаа баригдсан гэнэн тэнэг нохдод “хичээл зааж” анд сургаг гэдэгсэн. Бүүр дээр үед Орос, Герман, Австрийн дайны үед дивиз удирдан цэргийн жанжны авъяас нь тодорч генерал болсон өвгөн Пан бол ан гөрөө хийж амьтан алахаасаа илүүтэй салхинд гарч мориор хунгарласан их цас туучин ой дундуур үнэг, туулайхан хөөн зугаацаж Жимстийн ойд байгаа амьтадыг мөрөөр нь мөшгөн хичнээн гахай, буга байгааг тоолох дуртай сонин хүн. Пантан өвлийн ойн ган дөрөө жин жинхийн дуугаргамаар цэвэр хүйтэн агаарт гарч бага зэрэг жихүүцээд дулаацахаар халааснаас жижигхэн гоё савтай ром дарс гарган балгах дуртай эрхэмсэг чамин соёлтой жинхэнэ язгууртны удамшсан гэр бүлд өсч өндийсөн ховорхон генерал байсан юмсанж.


Тэр Григорийг Жимстээс бүрмөсөн гэр лүүгээ явсны дараа Евгений, Аксинья хоёрын нууцыг мэдсэн ч хүүгээ язгууртны ёсыг зөрчиж зарц хүүхэнтэйгээ явалдаж, нэр нүүрээ гутаав гэж зэмлэдэггүй байсны учир нь Асюшка үнэхээр эр сүвтэй болгоны дур хүслийг булаасан сайхан бүсгүй байсантай холбоотой тухай Сашка нэг удаа Гриша-д үг цухуйлгаж байжээ. Доны өндөр эргийг уруудан буусан морин харгуй, явган хүний жимээр бүсгүйчүүл ус барина. Григорий хааяа Дон руу очиж морьдоо услахдаа Аксиньяатай анх хорин хэдхэн настай байхдаа учирсан өнгөрсөн дурсамж бүхнийг нь сэдрээсэн голын эрэг дээрх модон тавиланг харахаас төвөгшөөн доошоо очиж усны урсгал ширтэн сэтгэлээ сатааруулдаг байв.
Гэтэл нэг өглөө гол руу очтол мөнөөх модон тавцан дээр яг Аксинья шиг цагаан цамц хөх банзалтай хөл нүцгэн хөөрхөн бүсгүй ус аваад зогсч байх нь тэр. Григорий нүдэндээ ч итгэсэнгүй. Би янз бүрийн юм бодсоор яваад хий хоосон юм харж байна уу гэж санаснаа тэр хүүхэнтэй уулзмаар санагдлаа.
-Сайн байна уу. Хувиндаа ус хутгахгүй яагаав
-Гол үертэй, ус булингартай болохоор нь яахаа мэдэхгүй гайхаш тасраад хараад зогсож байна
Дуняшкагийн үеийн хорь гаруйхан насны бүсгүй ажээ.
-Чи хэний хүүхэд вэ
-Та намайг танихгүй байна уу
Би таны танил тосгоны атамаан байсан Маньщковын дүү шүү дээ. Би жаахан охин байхдаа үдэш олон нийт дээр очиж таны шал дэвслэн эргэлдэн бүжиглэхийг хардаг байсан. Та үдэшлэг дээр яагаад Наталья эгчийг дагуулж ирдэггүй байсан юм бэ гэж хэзээ хэзээний танил хүн шиг палхийтэл асуух нь тэр.
-Гэр орны аар саархан ажил, хүүхдүүдээсээ илүү гардаггүй байсан юмаа.
-Одоо хүүхдүүд чинь том болоо биз дээ
-Яах вэ, нэг үеэ бодвол өсч өндийж л байна. Ээжгүй эрэгтэй хүүхэд гэдэг хэцүү юмаа. Нүүр гараа ч аятайхан угаачихаж чадахгүй юм.
-Тэгээд эхнэр аваач дээ
-Биенээс нь адуу мал, дарь хүхэр үнэртсэн намайг одоо хэн тоохов дээ.
-Толгойгоо угааж үсээ засуулаад аятайхан хатгамалтай цэвэрхэн цамц өмсчих юм бол та гуай чинь залуухан хархүү Григорий Мелехов хэвээрээ л байна шүү дээ
Намайг өөдрөг нүдээр харж тоосонд чинь чамд баярлалаа. Чиний нэр хэн билээ
-Кудковын Маринашка
Ус ууж ханасан морьд хазаарынхаа амгайнаас дусал дусал ус савируулан зогсоно. Морьдын нүдэнд цагаан цамцтай цайвар царайтай эрвэлзэж дэрвэлзсэн хөөрхөн нүд хөмсөгтэй охин Гришка-г сонирхон харж зогсоно.
Маринашка баяртай гэснээ Григорий тэнэг юм шиг маргааш чи гол дээр ирвэл миний морьдыг гэтэл...
-Үер татарвал ирж ус авнаа гэв. Григорий морьдоо хөтлөн эргэв.
Мелехов ч манай тосгоны сор болсон залуусын нэг, сайхан хархүү байсан даа. Одоо ч гэсэн өөд нь татаад авбал нүднээс гартлаа нэг их муудсанч юм алга. Өө харвал үс нь жаахан бууралтаж царай нь бага зэрэг харлаав шив дээ гэж Марина бодов.                             (Үргэлжлэл бий ...)
                                                                                                                                                                     СГЗ До.Цэнджав

2020/12/02

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос