Сонсох тусам дархлаа дэмжих сонгодог хөгжимийн таны сонорт

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Франц Петер Шуберт

Австрийн суут хөгжмийн зохиолч 1797 оны 1 сарын 31-нд Вена хотын ойролцоо төржээ. Хөгжмийн урлагт романтизмыг үндэслэгчдийн нэг гэж үздэг. Голдуу Шиллер, Гёте, Гейне нарын шүлгэн дээр дууны бүтээл 600 орчмыг зохиосноос гадна 9 симфони, цөөхүүл болон төгөлдөр хуурын гоцлолд зориулсан аялгуугаараа маш алдаршсан, романтик бүтээлүүдийг туурвин үлдээжээ. Ф. Шубертийн хөгжим бол гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр цөөн жил амьдарсан ч 1000 гаруй зохиолын өв санг үлдээсэн ажээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. Жирийн хүмүүсийн амьдрал, сонирхол, сэтгэлийг сайн мэдэрч, түүнийгээ төгс илэрхийлдэг байсанд Ф. Шубертийн уянгын реализмын онцлог оршдог. Ардын дуу, хөгжим, бүжиг бол түүний сонат, симфони, цөөхүүл хөгжмийн нь үндэс болсон байдаг. Романтикуудын хамгийн дуртай төрөл нь дуу байсан ба Шуберт ч амьдралынхаа туршид дуу бичсэн гэхэд болно. Тэрээр зарим өдөр 8 дуу зохиож байсан гэдэг. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг, дунд боловсрол ч үгүй байсан тэр хүн зөвхөн авьяас билэг, нөр хөдөлмөр хоёроороо суутны зэрэгт хүрсэн юм.
 

Бага болон идэр нас
Францын аав Теодор Шуберт нь Лихтенталийн сүмийн сургуулийн багш, хөгжимд их сонирхолтой Чех-Моравын тариачин гаралтай харин ээж Элизабет Шуберт нь Польшийн Силези мужийн слесарь хүний охин байв. Тэд 14 хүүхэд төрүүлснээс 9 нь хүн болж чадаагүй бөгөөд үлдсэн 5-аас Франц, Фердинанд 2 хүү нь хөгжмийн амьдралыг сонгосон байдаг. Ялангуяа Франц хүүгийн авьяас их эрт илэрсэн ба аав нь түүнд хийл зааж том ах Игнац нь өөрийнхөө төвшинд төгөлдөр хуур зааж эхэлсэн байдаг. Аав нь 6 настайд нь Лихтенталийн сүмийн сургуульд оруулж 7 насанд нь тус сүмийн багш М.Хольцер бадралт баг бишгүүр хөгжимд сургаж эхэлжээ. 11 настайдаа Венийн сүмийн хөвгүүдийн найрал дууны шилдэг дуучнаар тодорч дотроо шаталсан сургалттай сүмийн дээд сургуульд сурах боломж олджээ. Гэвч хөгжмийн том том сургууль дамжин, өндөр боловсрол эзэмших боломж ядуу айлын авьяаслаг хүүд олдсонгүй. Франц зөвхөн дуунаас гадна, Гайдн, Моцартын дан хөгжимд зориулсан бүтээлүүдтэй өөрөө бие даан танилцаж, Конвиктийн найрал хөгжимд сууж 2-р хийл тоглодог байв. Удалгүй 1810-аад оноос 13 орчим настайгаасаа тэр дуурь, симфони, төгөлдөр хуурын пьес болон дууны бүтээлүүдээ туурвиж эхэлсэн билээ. Тэрээр хоолойгоо гэмтээж дуулж чадахгүй болсноос 1813 онд сүмээс чөлөөлөгдөж гэртээ байх хугацаандаа Гюк, Моцарт, Бетховений бүтээлийг хувиараа судалж байв. Тэрээр анхны өөрийнхөө зөнгөөр хийсэн бүтээл болох “Тамын зугаа цэнгэлийн цайз” гэдэг дууриа 1814 онд бичжээ.


Ф. Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зөлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явсан боловч гуниг, гутралд орж байсангүй. Эцэг нь түүний сэтгэлтэй бүсгүйг нь ядуу зүдүү гэж голж, өөрийгөө яая гэж байж хэмээн үзсэн тул ганцаардахад хүрчээ. Тэрээр 1818-1822 оны үед гуйлгачин шахам болж, гэртээ тавьсан хөгжмийнхөө хөлсийг ч төлж чадалгүй болтлоо ядарчээ. Өөрөө өчнөөн төчнөөн гайхамшигт зохиол бичивч хүний амьдрал аль ч нийгэмд идэх уух, өмсөх, зүүх хүсэл мөнгөөр хэмжигдэж байдаг тул түүний эрдэнэсийг ойлгож худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Тэр 9 симфони бичсэн хэдий ч мөн л Бетховений хувь заяаг эдэлж хар залуугаараа сонсголгүй болсон тул нэгээс бусдыг нь өөрийн чихээр сонсож чадаагүй юм. Ф.Шубертийг өөрийнх нь гэрээслэлийн дагуу хөгжмийн суут зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Энэ их хүн нь романтизмын үндэслэгч Л. Бетховений суу билгийг үргэлжлүүлэгчийн хувьд түүнтэй зэрэгцэн орших тавилантай байжээ. Ф. Шубертийн “Төгсөөгүй” симфонийг “Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг” гэж урлаг судлаачид, их Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.
 

Амьдралын сүүлийн жилүүд
1826 -1828 онд Шуберт Венад амьдарч байсан бөгөөд хаа нэг Грац хот руу явдаг байв.
1826 онд түүний өргөдөл гаргасан эзэн хааны ордны сүмийн дэд удирдаачийн албан тушаал түүнд очоогүй, харин Жозеф Вайгл гэдэг хүнд очжээ. 1828 оны 3-р сарын 26-нд түүний найз нөхөд нь зохион байгуулж цорын ганц тоглолтыг хийсэн нь амьдралд нь түүнийг баярлуулсан ганц зүйл байсан бөгөөд маш амжилттай болсны дээр түүнд 800 гульдений орлого олджээ. Энэ хооронд түүний олон тооны дуу, төгөлдөр хуурын бүтээлүүд хэвлэгдэн гарсан байна. Өвчин хэнийг ч ялгадаггүйн жамаар тэр 1828 оны 11-р сарын 19-нд хоёр долоо хоног халуурсны дараа 32 хүрэхгүй насандаа хижиг өвчнөөр нас баржээ. Түүний сүүлчийн хүслийн дагуу нэг жилийн өмнө өөрийнх нь шүтдэг Бетховеныг оршуулсан Веринг оршуулгын газарт оршуулжээ. Хөшөөн дээр: “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм” гэж сийлсэн байдаг. Энэ үг бол асар их зовлон туулж, ахар богино насалж, ер бишийн ихийг туурвисан хөгжмийн суут зохиолч Франц Шубертэд зориулсан үг байлаа. Бетховен, Шуберт хоёрын хувь тавилан ижил байсан ч тэдний тэмүүлэл, зорилго тун өөр өөр байсан юм. Л. Бетховен хувьсгалыг магтан дуулж, гал дөл бадарсан бүтээлээрээ хүн төрөлхтнийг эрх чөлөө, ахан дүүгийн ёс, тэгш эрхийн төлөө уриалан дуудаж байсан бол Ф. Шуберт цоо шинэ үеийг төлөөлж, хөгжмийн романтизмын үүрийн туяа болон гийжээ.

 

2020/11/30

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос