Дэлхий нийтийг түгшээсэн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Монгени” цогцолбор сургуультай хамтран гэртээ байгаа тэрхүү сурагч багачуудад чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсролыг олгох зорилгоор “Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдааныг зарласан юм.
Уралдааны нэгдүгээр шатанд нийслэлийн 9 дүүрэг болон Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Архангай, Баян-Өлгий, Төв зэрэг нийт 13 аймгийн сурагч багачуудаас 5-6 насны ангилалд 26 бүтээл, 7-9 насны ангилалд 33 бүтээл, 10-13 насны ангилалд 75 бүтээл, 14-17 насны ангилалд 40 бүтээл нийт 174 бүтээлийг ирүүлээд байна. Тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид уралдаанд шүүлт хийх бөгөөд хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчид шүүгчдээс өгсөн сэдвийн хүрээнд бүтээл хийж буй видео бичлэгээ “Хамтдаа сэргийлье 2020 гар зургийн уралдаан” цахим хаягт илгээх юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд шилдгээр шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, 4 насны ангилалд 1, 2, 3 болон тусгай байранд шалгарсан авьяаслаг хүүхдүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал олгож, “Монгени” цогцлолбор сургуулийн “Урлаг-Англи хэлний” ангид 3 жил 50%, 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнаж урамшуулах юм.
Ингээд тун удахгүй “Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн авьяаслаг хүүхэд багачуудын бүтээлийг та бүхэнд танилцуулах болно.