Соёл, спорт, аялал жуулчлалын яам, “Хөх түүх” ХХК сэргээн засварлах салбарын боловсон хүчний чадавхийг сайжруулах, үл хөдлөх соёлын өвтэй холбоотой судалгааны төсөл хэрэгжүүлэх, үл хөдлөх соёлын өвийн сэргээн засварлах аялал жуулчлалыг хөгжүүлэхээр харилцан тохирсоны үндсэн дээр уг санамж бичгийг байгууллаа. ССАЖЯ-ыг төлөөлж тус яамны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нөгөө талаас “Хөх түүх “ ХХК-ийн захирал Т.Хишигдулам нар үзэглэсэн юм.
Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж дор дурдсан арга хэмжээг явуулахаар тогтлоо.
· Сэргээн засварлах салбарт ажиллаж буй өнөөгийн боловсон хүчний нөөцөд үнэлгээ хийх, хүний нөөцийн санг бүрдүүлэх, чадавхижуулах төлөвлөгөө хийх
· Сэргээн засварлах үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн болон улсын байгууллага, музейн ажилтнуудыг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадавхижуулах төлөвлөгөөнд үндэслэн гадаад дотоодын зэрэг олгох болон сертификатын урт, богино хугацааны сургалтанд хамруулах
· Монгол улсад сэргээн засварлах дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад зөвөлгөө өгөх
· Хөдлөх болон үл хөдлөх сэргээн засварлах салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага, ажлын удирдамжийг олон улсын түвшинд дүйцүүлэн сайжруулах
Сэргээн засварлах аялал жуулчлалыг хөгжүүлэхэд:
· Соёлын өв сэргээн засварлах аялал жуулчлалын жишигт цогцолборыг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байх Өнгөтийн дурсгалт газарт байгуулах
· Сэргээн засварлах олон улсын зуны сургалтыг Монгол улсад зохион байгуулах
Соёлын өвд холбогдолтой судалгааны болон цогцолбор төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд:
· Соёлын бодлого
· Дэлхийн II дайн
· Хэлмэгдүүлэлт гэх мэт.
Дээр дурьдсан хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр компани сэргээн засварлах болон сургалтын үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, хүрээлэн, их сургуультай хамтран ажиллах юм.