2020-11-10
  • Хэвлэх

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн цаг багасч, хичээлээс гадуур олгогддог хөгжмийн төрөл бүрийн дугуйлан цөөрсөн. Хүн төрөлхтний хөгжлийн төвшинд хөгжмийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол асар их билээ. Ялангуяа хүүхдүүдэд бага наснаас нь хөгжмийн боловсрол олгож чадвал оюун ухааны өндөр төвшин, гоо зүйн өндөр мэдрэмжтэй, бүтээлч хандлагатай, сахилга баттай, тууштай , ирээдүйн амжилтын эздийг төрүүлэх юм.

Иймд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын дуу хөгжмийн багш нарын холбооноос Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний  хүрээнд хичээлээс гадуурх сургалтаар хүүхдэд хөгжмийн боловсрол олгож буй шилдэг багшийг тодруулах, Монголын хөгжмийн зохиолчдын хүүхдийн уран бүтээлийг сурталчлах, хөгжмийн багш нарын бүтээлч хандлагыг дэмжих, алдаршуулах, сурагчдын нь авьяас чадварыг олон нийтэд сурталчлах зорилгоор “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдааныг улс, орон даяар зохион байгуулан ажиллалаа.

Цахим уралдаанд аймаг, нийслэлийн сургууль, цэцэрлэг, сургалтын төвийн хөгжмийн багш, сурагч, хүүхэд багачууд маш идэвхтэй оролцсон нь энэ талын үйл ажиллагаа зорилтот бүлэгтээ чиглэсэн зөв зүйтэй арга хэмжээ боллоо хэмээн Монголын дуу хөгжмийн багш нарын холбоо, мэргэжлийн зөвлөлийн гишүүд, шүүгчид, хөгжим судлаачид ам сайтай байлаа. Уралдаанд Нийслэл, орон нутгаас 15 аймаг, 45 сургууль, 25 цэцэрлэгээс нийт 88 бүтээл ирүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэргэдэх хөгжмийн уран сайхны зөвлөлийн гишүүд /ЗГХА Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, хөгжим судлаач, доктор Б.Батжаргал, Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, УГЗ Ч.Гансүх, Монголын орчин үеийн шинэ урлаг ТББ-ын тэргүүн, продюсер, найруулагч Э.Жавхлан, МУК-ийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, төгөлдөр хуурч С.Одгэрэл, МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, ЗГХА Соёл, урлагийн газрын хөгжмийн урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Жанцансамбуу/ удирдамжид заасны дагуу Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс тоглосон байдал, бүтээлч байдал, орчин бүрдүүлсэн байдал, ур чадвар, сошиал хандалт зэрэг үзүүлэлтүүдийг тус тус харгалзан дараах байдлаар шилдгүүдийг шалгарууллаа. Үүнд:

Ерөнхий боловсролын сургуулийн шилдэг хөгжмийн багш

1-р байр Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн Айзам хамтлаг, Удирдсан багш Ө.Хонгорзул

Зохиол: Ая. Б.Энхтайван “Хүлэгийн айзам”

2-р байр Улаанбаатар хотын МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн найрал дууны дугуйлангийн сурагчид, Удирдсан багш Я.Одонтунгалаг

Зохиол: Үг: О.Сундуй, Хөгжим. Б.Цэвээнсүрэн "Хөгжмийн хичээл"

3-р байр Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуулийн бага сургуулийн хялбар хөгжмийн чуулга, Удирдсан багш Ш.Энхжаргал

Зохиол: Б. Шарав "Баярын уянга", Ж. Чулуун "Уран Хас" бүжгэн жүжгийн вальс хөгжмийн найруулга

Цэцэрлэгийн шилдэг хөгжмийн багш

1-р байр Говьсүмбэр аймгийн Сансар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн дугуйлангийн хүүхдүүд, Удирдсан багш Р.Эрдэнэбаяр

Зохиол: Ая. С.Батболд "Миний дотны найз", Монгол ардын дуу "Хэдэн гялаан хонь”

2-р байр Улаанбаатар хотын 213 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Удирдсан багш Г.Сарангэрэл

Зохиол: Ая Т.Насанбуян, үг Ж.Бадраа “Гэгээн наран”

3-р байр Улаанбаатар хотын 5 дугаар цэцэрлэгийн “Алтан жигүүр хамтлаг”, Удирдсан багш Г.Тэгшбуян

Зохиол: Ая. С.Батболд, Үг. Г.Ганболд "Таньдаггүй л гэнэ байхдаа"

“Бүх нийтийн хөгжмийн баяр 2020” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдана. Энэхүү үйл ажиллагааны үеэр “Миний дуртай хөгжмийн хичээл” цахим уралдааны шилдэг багш нарын шагнал гардуулах ёслол болох юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийн дийлэнх нь баг, хамт олноороо оролцсон , бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагыг өрнүүлсэн, шинээр хийж бүтээсэн зэрэг нь уралдааны ач холбогдол өндөр байгааг илэрхийлж байв. Энэхүү уралдаанд идэвх зүтгэл гарган санаачлагатай оролцсон нийслэл, орон нутгийн сургууль, цэцэрлэг, сургалтын төвийн багш, хамт олон, сурагч хүүхдүүд та бүхэнд талархсанаа илэрхийлье!

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР