2020-10-05
  • Хэвлэх

 

“АЛТАН НАМАР” 38 ДАХЬ УДААГИЙН

ХӨГЖМИЙН НААДМЫН УДИРДАМЖ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1       “Алтан намар” 38 дахь удаагийн хөгжмийн наадмын үйл ажиллагааг зохицуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө.

Хоёр.  Уралдааны зорилго

2.1       Монголын хөгжмийн урын санг шинэ содон бүтээлээр баяжуулах, хөгжмийн зохиолчдын бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, улсын санд худалдан авах хөгжмийн шилдэг бүтээлийг тодруулахад оршино.

Гурав. Наадмын зохион байгуулалт                                                   

3.1        Гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлийн тоглолт 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улсын Консерваторын концертын танхимд болно.

3.2          Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн тоглолт 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд Улсын Филармонийн концертын танхимд болно.

3.3       Шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол, Нэгдсэн гала тоглолт 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт болно.

Дөрөв.   Наадмын бүртгэлийн үйл ажиллагаа  

4.1       Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн бүтээл байна. 

4.2       Хөгжмийн наадмын бүртгэл 2020 оны 10 дугаар сарын 05 -ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

4.2.1   Гоцлол болон цөөхүүл хөгжмийн төрөлд орох бүтээлийг Соёлын төв өргөөнд байрлах Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны 302 тоот өрөөнд ажлын өдрийн 10.00 – 17.00 цагт бүртгэнэ. Холбогдох утас: 99132913

4.2.2   Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 128 тоот өрөөнд ажлын өдрийн 10.00 – 17.00 цагт бүртгэнэ. Холбогдох утас: 51-264944

4.3       Бүртгүүлэхдээ хөгжмийн бүтээлийн нот, дарамж, удирдварыг тус бүр 2 хувь авч ирнэ.

4.4       Симфони найрал хөгжимд зориулсан бүтээлийн удирдварыг Sibelius, Final болон бусад хөгжмийн программд бичин авч ирнэ.

4.5       Хөгжмийн зохиолч нь бүртгэлийн хугацаанд холбогдох материалыг ирүүлээгүй, хугацаа хожимдсон тохиолдолд тухайн бүтээл наадамд оролцох боломжгүй болно.  

Тав.    Шалгаруулалт

5.1      Гоцлол болон цөөхүүл хөгжмийн бүтээлийн шалгаруулалтыг зохион байгуулагч талаас томилогдсон мэргэжлийн багийн гишүүд, Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн шалгаруулалтыг Соёлын сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүд тус тус шүүн явуулна.

5.2       Хөгжмийн том хэлбэрийн болон гоцлол цөөхүүл хөгжмийн төрөлд шалгарсан шилдэг бүтээлүүдээр гала концертыг зохион байгуулна. .  

5.3       Гоцлол, цөөхүүл бүтээлийн төрөлд тус бүр эхний гурван байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналыг олгоно.

5.4       Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийн төрөлд шилдгээр шалгарсан хөгжмийн зохиолчдод хөгжмийн бүтээлийг улсын санд худалдан авах батламжийг олгоно.

5.5      Зохион байгуулагч тал нь наадмын удирдамж, дэг журам, үйл ажиллагаанд харшилсан аливаа зөрчил  гарсан оролцогчийн наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.

5.6     Наадмын зохион байгуулалттай холбогдон гарсан аливаа гомдол, саналыг бичгээр авах ба зохион байгуулах комисс эцсийн шийдвэрийг гаргана.