2020-09-15
  • Хэвлэх

ЭМГЭНЭЛ

ПҮРЭВЖАВЫН ХАЯНХЯРВАА

(1935-2020)

 

Монгол Улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Хаянхярваа 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.

П.Хаянхярваа нь 1935 онд Улаанбаатар хотод төрж, 1955 онд Офицерын сургууль, 1961 онд Москва хотод П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд сургуулийн Цэргийн хөгжмийн факультетад суралцан удирдаач мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1947 оноос Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн салаанд сурагч, 1950 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ хөгжмийн хөгжимчин,
1955 оноос Монголын Ардын армийн дуу бүжгийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байгаад 1957 оноос Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Туслах удирдаачаар дэвшин, офицерын албанд томилогдсон юм.

1978-1981 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран сайхны удирдагч, Улсын дуурь, бүжгийн академик театрт Уран сайхны удирдагч, 1981 онд Монголын Ардын армийн дуу бүжгийн ансамбльд Уран сайхны удирдагч, 1990 оноос Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын дарга, 1995 онд Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын даргаар тус тус ажиллаж байв.

П.Хаянхярваа нь удам залгасан цэргийн хөгжмийн удирдаач байсан бөгөөд “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”, “Дайчин алдарт эскадриль”, “Их говийн гарнизон”, “Ардын арми”, “Хонгор нутгийн түмэндээ” зэрэг түмэнд алдаршсан олон арван дууны бүтээлүүд, “Украйн бүжгийн чуулбар”, “Төрсөн өдөр”, “Анчин” зэрэг бүжгийн хөгжмүүд, “Цэргийн хүү”, “Хүндэтгэн угтах марш”, “Дотоодын цэргийн жавхлант марш” зэрэг үлээвэр найрал хөгжимд зориулсан дан марш, магтуу, удиртгал хөгжим, киноны болон циркийн хөгжим зэрэг 1000 гаруй бүтээлийг туурвиж, олон зуун бүтээлийн найруулга хийсэн бөгөөд хөгжмийн урлагийн болон бусад сэдэвт 40 гаруй ном зохиол хянан тохиолдуулж, хөгжмийн шүүмж судлалын талаар олон арван нийтлэл бичсэн нэрт эрдэмтэн байлаа.

Тэрбээр Хөгжим бүжгийн дунд сургууль, Соёлын коллеж, “Их засаг” их сургууль, “Бэрс” дээд сургууль болон “Мьюзик холл” дээд сургуульд багшилж, урлагийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг эрдэмтэн, профессор багш байлаа.

Монголын соёл урлагийг хөгжүүлэх, хөгжмийн урлагийн залгамж халааг бэлтгэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлийн урын санг баяжуулахад оруулсан түүний хувь нэмрийг төр засгаас үнэлэн Монгол Улсын Ардын жүжигчин цол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны хүндэт медаль, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиар тус тус шагнажээ.

П.Хаянхярваагийн дундаршгүй авьяас билэг, өргөн их мэдлэг, мятаршгүй дайчин чанар, хүнлэг сайхан сэтгэл, Монголын урлагийн төлөө зориулсан нөр их хөдөлмөр зүтгэл, туурвисан бүтээлүүд бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.

 

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Ж.МӨНХБАТ, С.ЧУЛУУН, Г.САЙХАНБАЯР, Л.ЦЭДЭВСҮРЭН, Ц.НАЦАГДОЛГОР

Р.ДАГВА, Ж.БАТБАЯСГАЛАН