2020-09-11
  • Хэвлэх

“НОМ БИД ХОЁР” ОЛОН НИЙТИЙН НОМ

УНШЛАГЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАМЖ

“Номын баяр-2020” арга хэмжээний хүрээнд “Ном бид-2”  олон нийтийн ном уншлагын хөдөлгөөнийг Уншигчийн сэтгэгдэл, Гэр бүл-Ном, Багшийн эрдэм шавьд, Зохиолчийн хүүрнэл гэсэн төрлүүдээр цахим орчинд өрнүүлэх гэж байна.  Энэхүү ном уншлагын хөдөлгөөнийг ард иргэд, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, эерэг хандлагыг бий болгох, ном хэвлэлийн салбарын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ нийтийн ном уншлагыг идэвхижүүлэх зорилгоор цахим орчинд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

АЯНЫ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

2020 оны 09 дүгээр сарын 18-наас 2021 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл жилийн хугацаанд үргэлжилнэ.

АЯНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТӨРЛҮҮД

“Ном бид 2” цахим аян дараах чиглэлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:

  1. УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Уншсан номын талаар тэмдэглэл хөтөлж, сэтгэгдлээ илэрхийлэх нь:

  • Уншсан зүйлээ эргэн санах;
  • Ном унших өөрийн арга барилаа олох;
  • Ном унших дадал төлөвших;
  • Өөрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авах;
  • Харьцуулан дүгнэлт хийх;
  • Ой санамжаа сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

УНШИГЧ ТА энэхүү аяны хүрээнд 2 сар тутамд өөрийн сонгон уншсан номын талаарх мэдрэмж, сэтгэгдлээ:

  • Номын тэмдэглэл;
  • Бичлэг/подкаст/-ээр илэрхийлж бидэнд ирүүлээрэй. Ингэхдээ #Ном_бид_2  ашигласан байна.
  1. ГЭР БҮЛ БА НОМ

Бага насны хүүхдэд ном уншиж өгөх нь:

  • Хэл ярианы хөгжлийг түргэсгэх;
  • Номонд дуртай болгох;
  • Үгийн баялаг нэмэгдэх;
  • Ой тогтоолтыг сайжруулах;
  • Эцэг, эх, ах эгч, хүүхдүүд, гэр бүлийн халуун дотно харьцаа нэмэгдэх зэрэг ач холбогдолтой тул эцэг, эх, эмээ, өвөө, ах эгч та бүхэн хэрхэн бага насны хүүхдүүдэд ном уншиж өгдөг талаарх мэдээллээ бидэнд илгээж өөрийн арга барил, туршлагаа хуваалцаарай. Ингэхдээ 1-2 минутын бичлэг/подкаст/-ээр илэрхийлж #Ном_бид_2 ашигласан байна.
  1. БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД

Эрт үеэс багшаа номын буян хүртээсэн ачтан хэмээн дээдэлж ирсэн ард түмэн билээ. Эрхэм багш шавь нартаа ном унших, номыг ойлгох арга дадлыг хэрхэн түгээж байгаа туршлагыг дэлгэрүүлэхийн тулд аяны нэг хэсэг болгон зохион байгуулж байна. Эрхэм НОМЫН БАГШ ТА шавьдаа ном унших урлагийг хэрхэн зааж, сургаж байгаагаа бичлэг/подкаст/-ээр илэрхийлж бидэнд ирүүлээрэй. Ингэхдээ 1-2 минутын бичлэг/подкаст/-ээр хийж #Ном_бид_2 ашигласан байна.

  1. ЗОХИОЛЧИЙН ХҮҮРНЭЛ

Эрхэм хүндэт номын зохиолч Та өөрийн туурвисан бүтээлийнхээ талаар уншигч түмэндээ тайлбарлаж, ном бичих санаа, сэтгэгдэл хэрхэн төрсөн, ямар зорилго агуулгатайгаар бичсэн тухайгаа хуваалцаарай. Таны оюуны бүтээлийг олон нийт хэрхэн хүлээн авч буй талаар сурталчлан ажиллах болно. Ингэхдээ 1-2 минутын бичлэг/подкаст/-ээр хийж #Ном_бид_2 ашигласан байна.

АЯНЫ ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛБЭР

Үндэсний номын баярын хүрээнд эхлүүлсэн “Ном бид 2” цахим аяныг жилийн хугацаанд үргэлжлүүлэхтэй холбоотой 2 сар тутамд аянд оролцогчдыг зарлагдсан 4 төрөл тус бүрээр урамшуулах юм. Урамшууллыг олгохдоо:

  1. Чанарын шаардлага хангасан бичлэг/подкаст/-ийг Odontuya@culture.gov.mn цахим хаягаар ирүүлсэн байх;
  2. Бичлэг, подкаст болон номын тэмдэглэлийг #Ном_бид_2 ашиглан илгээсэн байх;
  3. Бичлэгээ өөрийн  “Нүүр ном” /facebook, instagram/ дээрээ байршуулан хамгийн олон “like авч, “share хийгдсэн байх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэх болно.

АЯНД ОРОЛЦОГЧДЫН УРАМШУУЛАЛ

Оюунлаг хүн Таныг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, хэвлэлийн компаниудын урамшууллууд хүлээж байна.