ХӨГЖИМ СУДЛААЧ Д.АРИУНАА: УЛСЫН САНД БҮТЭЭЛ ХУДАЛДАН АВАХДАА ТОГЛОГДОХ БОЛОМЖТОЙ САЙН БҮТЭЭЛҮҮДИЙГ ШИГШИЖ АВАХ НЬ ЖУРАМД НИЙЦНЭ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Дэлхийн улс орнууд мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэхдээ сонгодог болон орчин цагийн шинэ хөгжмөө дэмжих, явцыг дүгнэх, нийт олонд түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хөгжмийн наадмуудыг зохиодог юм. Монголын мэргэжлийн хөгжмийн энэ удаагийн “Алтан намар-2019” наадам амжилттай болж өнгөрлөө. Монголын хөгжим-нийгмийн томоохон зүтгэлтэн Н.Жанцанноров анх санаачлан энэхүү “Алтан намар” хөгжмийн наадмыг зохион байгуулахдаа, монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдыг жил бүрийн намар болдог наадамдаа шинэ чансаатай бүтээл туурвихын зэрэгцээ ур чадварын хувьд гадаадын улс орнуудын орчин цагийн хөгжмийн урлагт дөхсөн, олон улсын жишигт хүрэхүйц бүтээлтэй болох, алсдаа олон улсын наадам болгон өргөжүүлж, бусад орны хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг хөгжимдөх, гадаадын алдартай удирдаачид, найрал хөгжим, хөгжимчдийг оролцуулах зорилготой байжээ.

Энэхүү наадам анх зохион байгуулагдсанаар монголын хөгжмийн түүхэнд суут хэмээн тооцохуйц томоохон бүтээлүүд зохиогдон тоглогдож, улмаар гадаадын наадмуудад тоглогдож пянз бичлэгт хэвлэгдэж, ЮНЕСКО-д бүртгэгдэж, олон улсын сан хөмрөгт орсон гэх мэт монголын орчин цагийн хөгжмийн урлагийн хөгжилд  асар их хувь нэмэр оруулсан юм. Өдгөө “Алтан пянз” нь гарч монголын хөгжмийн түүхэнд мөнхөрсөн Б.Шаравын II симфони, Ц.Чинзоригийн “Илдэн уулсын цуурай” оратори, З.Хангалын төгөлдөр хуурын II концерт, морин хуурын концерт, Ц.Нацагдоржийн симфониуд, Х.Билэгжаргалын төгөлдөр хуурын концерт гэх мэт ХХ зууны шилдэг сайн бүтээлүүд энэ л наадмыг зохион байгуулснаар л төрөн гарсан.

Ер нь “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн энэхүү томоохон наадам хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийн тайлан болдгийн зэрэгцээ Улсын санд худалдан авах шилдэг бүтээлийн шалгаруулалтын тайз болжээ. Улсын санд бүтээл худалдан авахдаа шинэ төдийгүй шилдэг бүтээл л авах ёстой учраас аливаа уран бүтээл тухайн байгууллагын урын санд орох нь ойлгомжтой, тоглогдох боломжтой сайн бүтээлүүдийг шигшиж авах нь журамд нийцнэ.Эдгээр шилдэг бүтээлүүдээс нэг ч тоглогдоогүй орхигдсон,  зарим бүтээлийн ноот удирдвар нь олдохгүй байгаа нь харамсалтай санагддаг. Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг авахдаа, дөнгөж анх удаа тоглогдож байгаа биш, харин тэр жилдээ хэд хэд тоглогдсон, нийтийн хүртээл болсон, тухайн уран бүтээлч, байгууллагын урын санд баттай орох нь тодорхой шинэ бүтээл байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Улсын санд авах шилдэг бүтээл нь “том хэлбэрийн бүтээл байх” заалттай учраас “Алтан намар” наадамд тоглуулж, симфони найрал хөгжимд л бичигдсэн бол симфони, найраглал хэмээн нэрлэж, эсвэл концерт, сонат, концертино гэж бүртгүүлж, зохиолынхоо тухай магтсан хандлагатай тайлбар маягийн зүйлс бичүүлж өгдөг болжээ.

            Энэ жилийн “Алтан намар” наадам зохион байгуулалтын хувьд тун цэгцтэй болж, хаана ч тэр бүр байдаггүй хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим судлаачид, хөгжимчид, урлагийн сургуульд суралцагч оюутнуудаас бүрдсэн “мэргэжлийн зритель” танхимд дүүрэн цуглаж, концерт маш гайхалтай яг цагтаа эхлэх зэргээр урьд өмнөхөөс дэвшилттэй хандлага ажиглагдсан юм. Мөн концертыг хөтлөгч нь хөгжмийн зохиолчид болон хөгжим судлаачдыг үзэгчдийн танхимаас босгон танилцуулж, зохиолд өгсөн шүүмжлэгчийн тодорхойлолтыг тухай бүр зах зухаас нь уншсан нь сонирхолтой байв. Монголын мэргэжлийн хөгжмийн энэхүү томоохон наадмыг зохион байгуулахад том бүтээлүүдийг хөгжимдөх гол ачаалал Улсын филармонийн яруу найрал хөгжимд ноогддог.  Ихэнх наадмуудыг эргээд санахад хэн нэгний зохиол бүтээлийг бараг сургуулилалт хийгээгүй шахуу шууд унших маягаар тоглодог тохиолдол олонтаа байсан гэхэд хилсдэхгүй. Харин энэ жилийн наадамд тоглогдсон бүтээлүүдийг зохих хэмжээнд сургуулилсан, зохиол бүтээлийн гүйцэтгэл чанарт анхаарсан байдал, тоглогдсон бүтээлүүдийг сонсоход тодорхой байсан юм. Энэ мэт дэвшилтэт ололтууд ажиглагдсан нь цаашид наадам маань сайхан зохион байгуулагдах төлөвтэй байгааг харуулж байна. Улсын санд худалдан авах шилдэг бүтээлд зүтгүүлэх зорилгоор биш зохиолынхоо чанарт анхаарч жижиг гэлтгүй дуу, аяз, дан хөгжмийн бүтээлүүдийг туурвиж наадамдаа тоглуулбал наадмын уран сайхны ач холбогдол улам  өндөрсөх бөгөөд наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж, олон улсын томоохон наадам болгохыг зорих хэрэгтэй байна.

 

Хөгжим судлаач Дашням овогтой Ариунаа /СУИС-Хөгжмийн Урлагийн Сургуулийн, Хөгжмийн онолын тэнхимийн ахлах багш/

2019/12/03

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос