
2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн Газар, Монголын Номын Сангийн Холбоо, Америкийн Монгол Судлалын Төв хамтран “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ЗГХА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Америкийн Монгол Судлалын Төвийн суурин захирал Триша Төрболд, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа нар оролцож үг хэллээ.
Шинжлэх ухаан, техникийн дэвшил, нийгмийн мэдээллийн өсөлтөөс шалтгаалан номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, юуны өмнө номын сангийн үйлчилгээнд мэдээлэл технологийн үйлчилгээг нэвтрүүлэх, уншигч хэрэглэгчдэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран чанартай хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед “Дэлхийн номын сангуудын нэгдсэн электрон каталог” зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Уг зөвлөгөөнд дэлхийн хамгийн том номын сан болох АНУ-ын Конгрессын номын санд (The Library of Congress) Ази, Ойрх Дорнодын хэлтсийн номын санч, монгол номын мэргэжилтнээр ажиллаж буй Америкийн Монгол Судлалын Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ зочин илтгэгчээр оролцож, “Конгрессын номын сан дахь монгол ном сурвалжийг каталогжуулж буй туршлага” сэдвээр, Үндэсний номын сангийн Монгол судлал, гар бичмэл номын сан хөмрөгийн номын санч Ч.Гансүх “Дэлхийн номын сангуудын нэгдсэн каталогт Монголын номын сангуудын оруулах хувь нэмэр”, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн “WorldCat-Дэлхийн номын сангуудын нэгдсэн каталогийн танилцуулга” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Үүний зэрэгцээ АНУ-ын Колумбын их сургуулийн номын сангийн Сан хөмрөг тодорхойлох каталогийн үйлчилгээний каталогчдын багийг удирдагч, хэлтсийн эрхлэгч, Нью Йоркийн Техникийн Үйлчилгээний Номын санчдын холбооны дэд дарга, Пратт институтид каталогийн багш Дамбийнямын Энэрэл “Каталогжуулалт бол нийтийн үйлчилгээ” (Цахим илтгэл), Канад улсын томоохон номын сангийн систем болох Ванкувер Хотын нийтийн номын санд (Vancouver Public Library) дижитал болон олон нийтийн үйлчилгээний номын санч Монголын Номын Сангийн Холбоог үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мөнхчимэг “Мэдлэгийг бүх нийтэд түгээхүй: Хойд Америкийн дижитал номын сангийн туршлагаас” (Цахим илтгэл)-ийг тавьж, орчин үеийн цахим номын сан, каталогжуулалтын чиг хандлага, дижиталчлалын талаар туршлага мэдлэгээсээ хуваалцсан нь зөвлөгөөний үр дүн, онцлог байлаа.
Зөвлөгөөнд оролцогчид 4 багт хуваагдаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр номын сангийн чуулга уулзалтыг зохион байгуулах, Каталогжуулалтын Үндэсний зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, номын сангийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, каталогжуулалтын нэр томьёоны асуудлыг сайжруулах зэрэг олон чухал санал, санаачлагыг хамтран ярилцлаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын номын санд ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүд болон зөвлөгөөнд оролцсон номын санчид Монголын номын сангууд дэлхийн номын сангийн нэгдсэн каталогт нэгдэх боломж, тулгарах асуудал, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, зөвлөмж гаргалаа.
Уг зөвлөгөөнд нийтийн болон их дээд сургууль, ЕБС, номын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-дын 42 байгууллагын 54 төлөөлөл, номын сангийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Америкийн Монгол Судлалын төв зөвлөгөөнийг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажилласан юм.