“МИНИЙ ГЭР, МИНИЙ МУЗЕЙ”
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Хүүхдийн өөрийгөө илэрхийлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа танин мэдэх, гэр бүлийн үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх замаар эх оронч, үндэсний ухамсартай иргэнийг төлөвшүүлэхэд уралдааны зорилго оршино.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
2.1.Монгол Улсын харьяат, эх орондоо болон гадаад улсад суралцаж, амьдарч байгаа 16-18 насны хүүхэд уралдаанд оролцож болно.
ГУРАВ. ХУГАЦАА
3.1.Уралдааныг 2024 оны 10 дугаар сарын 1-ээс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд зохион байгуулна.
3.2.Бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө info@culture.gov.mn цахим шуудангаар илгээсэн байна. Илгээхдээ эцэг, эхийн нэр, өөрийн нэр, суралцаж буй сургуулийн хаяг, өөрийн болон эцэг эх, асран хамгаалагч утасны дугаар, цахим шуудангийн хаягаа заавал бичнэ.
Бүтээлийн хариуцан хүлээн авах хаяг:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,
Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө, Г корпус
Утас: 51+264942, 51+264947
E-mail: info@culture.gov.mn
ДӨРӨВ. БҮТЭЭЛИЙН АГУУЛГА
4.1.Оролцогчид өөрийн гэрт хадгалагдаж байгаа үнэт зүйлээ сонгон авч, түүнд холбогдох түүх, хууч яриа зэргийг сурвалжлан тодруулж, өөрөө, эсхүл гэр бүлийн гишүүний хамт тайлбарлаж, видео контент хийнэ.
4.2.Видео контент хийхээр сонгон авах үнэт зүйл нь гэр бүлийн хувьд үнэ цэнтэй эд зүйл байна. /Жишээ нь гэрэл зураг, бичгийн дурсгалт зүйл, гоёл чимэглэлийн зүйлс, хувцас, ахуйн багаж хэрэгсэл, бэлэг дурсгал, урлагийн бүтээл гэх мэт/ Харин материаллаг үнэ цэнэ өндөртэй эд зүйлийг аль болох оруулахгүй байхыг эрмэлзэх.
4.3.Видео контентод үндэсний түүх соёл, өв уламжлал, ёс заншлыг үгүйсгэж гутаасан, дайн түрэмгийлэл, садар самуун болон архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх зүйлсийг сурталчилсан, угсаатны бүлгийн үнэт зүйлсийг ялгаварлан гадуурхсан үзэл санаа бүхий агуулга оруулахгүй.
ТАВ. БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА
5.1.Видео контент нь дараах шаардлагад нийцсэн байна.
5.1.1.Оролцогч нь зөвхөн өөрийн гэр бүлийн өмчлөлийн үнэт зүйлээс сонгон авч, видео контентыг өөрөө хийнэ. Контентыг хөтлөх, дүрс бичлэг хийх, монтаж хийх зэрэг ажилд гэр бүлийн нэг гишүүнээс туслалцаа авч болно.
5.1.2.Видео контентын үргэлжлэх хугацаа 2-3 минут байна.
5.1.3.Видео контентод уралдааны хугацаанд хийсэн дүрс бичлэгийг ашиглана. Дүрс бичлэгийг ямар ч техник ашиглан хийж, цахим орчинд нээлттэй программ хэрэглэн монтаж хийж болно.
5.1.4.Видео контент нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.
5.1.5.Видео контентод гэр бүлийн гишүүдээсээ оролцуулж, үнэт зүйлсээ тайлбарлаж, таниулж болно.
5.1.6.Видео контентод бүтээлийн нэр, оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалт болон талархлын үг, оролцогч өөрийгөө танилцуулсан хэсэгтэй байна.
5.2.Видео контент нь Full HD, Video resolution: 1920x1080, Dolby digital audio, 2:0 техникийн шаардлагад нийцсэн байна.
ЗУРГАА. БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ
6.1.Бүтээлийг шалгаруулахад дараах зарчмыг баримтална. Үүнд:
6.1.1.удирдамжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэх;
6.1.2.бүтээлч байдал;
6.1.3.илэрхийлэх утга санаа, өгүүлэмж, түүний гүйцэтгэл;
6.1.4.дуу, дүрсний зохицол.
6.2.Бүтээлийг дараах хэлбэрээр оноо цуглуулж, шалгаруулна.
6.2.1.бүтээлд олон нийтээс санал авч, хандалтын ихээс бага руу эрэмбэлэн жагсааж, оноо өгөх;
6.2.2.зохион байгуулагчдын зүгээс мэргэжлийн 4 гишүүнийн бүрэлдэхүүнтэй хараат бус шинжээчийн комисс томилж, удирдамжид заасан зарчмын дагуу үнэлж, оноо өгөх.
6.3.Бүтээлийг удирдамжийн 6.2-т заасны дагуу үнэлж, хамгийн өндөр оноо авсан 10 бүтээлийг төгсгөлийн шалгаруулалтад оролцуулна.
6.4.Төгсгөлийн шалгаруулалтад шалгарсан 10 бүтээлд зохион байгуулагчийн зүгээс 4 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилж, оноо өгнө. Энэхүү оноог өмнөх оноон дээр нэмж, эцсийн оноог гаргана.
6.5.Төгсгөлийн шалгаруулалтыг олон нийтэд шууд дамжуулан үзүүлнэ.
ДОЛОО. ШАГНАЛ
7.1.Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдод Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайдын “Талархал”, гарын бэлэг хүргүүлнэ.
7.2.Бүтээл нь шалгарсан оролцогчийг дараах хэлбэрээр урамшуулна.
1 дүгээр байр – 1, “Өргөмжлөл”, 3.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл;
2 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 2.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл;
3 дугаар байр – 1, “Өргөмжлөл”, 1.000.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл;
Тусгай байр – 7, “Талархал”, тус бүр 500.000 төгрөг, бэлэг дурсгалын зүйл.
НАЙМ. БУСАД ЗҮЙЛ
8.1.Нэг оролцогч нэг бүтээлийг уралдаанд ирүүлнэ.
8.2.Уралдааны талаарх тодруулгыг удирдамжид заасан хаягаас авна.
8.3.Зохион байгуулагчид бүтээлийг нийгмийн сүлжээнд байршуулж, олон нийтийн хандалт авах болон төгсгөлийн шалгаруулалтад шалгарсан бүтээлийг нийгмийн сүлжээнд байршуулж сурталчилна.
--- оОо ---