УРАН БҮТЭЭЛЧ, КАЛЛИГРАФИЧ О.НЯМ-ОЧИРЫН “ЭГЧИМ” БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН МАРГААШ ӨНДӨРЛӨНӨ

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Уран бүтээлч О.Ням-Очир нь 2008 оноос хойш Монгол уран бичлэгээр дагнан бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд ХБНГУ-н “НордАрт-Олон улсын үзэсгэлэн”, БНСУ-н “Чонгжу Биенналь”, БНХАУ-н “Бээжин Биенналь”, ОХУ, БНТУ, БНЯУ олон улсын үзэсгэлэн, биеннальд амжилттай оролцон Монголдоо төдийгүй олон улсад танигдаж буй залуу уран бүтээлч билээ.

Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний тав дахь удаагийн бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд контемпорари уран бичлэгийн 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэн нийтийн хүртээл болж байна.

Үзэсгэлэнгийн нэрийн тухайд “Эгчим” гэж нэрлэсэн учир нь судрын шинэ хуудас эхлэхэд дардаг тамгыг нэрлэдэг бөгөөд түүний уран бүтээлийн нэгэн шинэ эрин үе эхэлж буйг илэрхийлэх ажээ. Тэрээр энэ удаа түгээмэл хэрэглэгдэх хар бэхэн өнгөнд баригдахыг хүссэнгүй. Зоримог шийдлээр эрэл хайгуул хийн, шунхан улаан өнгийг голчлон бүтээлүүддээ ашиглаж, уран бичлэгийн горим тэгийг огт алдагдуулалгүйгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрчимт хөдөлгөөн, хурц шийдэл арга ажиллагаатай хослуулжээ.

 

Зотон бэх хоёрын нийлэмжид харьцаанд морьтон ардынхаа уртын дуу, яруу найраг, судар бичгийн мөртүүдийг тэрлэн уламжлалт өв соёл хийгээд орчин үеийн урлагийн хослолоор өөрийн дотоод ертөнцөө нээсэн үзэсгэлэн таны мэлмий, оюун болоод сэтгэлийн чанадад хүрэх болтугай.

2024/09/30

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос