
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар нь урлагт хайртай, урлагт дуртай та бүхэндээ Дүрслэх урлагийн тухай мэдээ мэдээлэл, гадаад болон дотоодын шинэ үзэсгэлэнгийн тухай, уран бүтээлчдийн ярилцлага, бичвэр, нийтлэлийг цувралаар хүргэхээр “Дүрслэх урлаг” буланг нээн ажиллуулж байна.
Бид “Дүрслэх урлаг” булангаа Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын Соёлын яамны санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэ Зуу музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтарсан “Урлахуй, Шүтэхүй, Гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнгээр эхлүүлж байна.
“Шүтээн зураг” нь Монголчуудын дунд шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэгдэж, эрт дээр үеэс хөгжсөөр ирсэн бурхан дүрслэлийн урлаг нь дэлхий дахинаа ТАНКА хэмээх нэрээр алдаршжээ.
Тус үзэсгэлэнд Эрдэнэ зуу музейгээс 18-р зуунд хамрагдах Гомбо Махгалын дүрүүд болон Гомбогүр, Чойжин ламын сүм музейгээс Арван хангал бурхад, Богд хааны ордон музей, Дүрслэх урлагийн музейгээс өндөр гэгээн Занабазарын хөрөг дүрүүд, XIX зууны шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаар онцлог юм. Мөн хамгийн жижиг 10см хэмжээтэйгээс 300 см өндөр шүтээн зургуудаас бүрдсэн 200 гаруй шүтээн зургуудыг анх удаа цогц байдлаар олон нийтэд хүргэж байна.
Энэхүү үзэсгэлэн нь Монголын уран зургийн галерейд 2024 оны 04 сарын 15-наас 05 сарын 01 хүртэл үзэгчдийн хүртээл болно.