"Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол энэ сарын 27-нд 14 дахь жилдээ Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз дэлгэцийн шилдэг 12 бүтээл, шилдэг 12 уран бүтээлч шалгарах бөгөөд тус бүрд нь “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал олгох юм.
Алдарт "Мөнгөн мод"-ны тухай түүхийн хуудаснаа:
Аугаа суут XIII зууны наран голлох үест Хархорум хот зөвхөн Монголын Эзэнт гүрний их нийслэл, улс төр, эдийн засгийн төв төдийгүй дөрвөн зүг, найман зовхисын орд улсын хаад, ноёд, сурвалжит язгууртан, эрдэмтэн мэргэд, хутагт санваартнууд, худалдаа арилжаа болон гар урлалын иргэд зочлон морилж, суурьшин амьдардаг их хөлийн газар, дэлхийн соёл, шашин номын охь чуулбар болсон өвөрмөц суурин болоод байлаа.
Эзэн Богд Чингис хааны шууд зарлигаар 1220 онд сууриа тавьж, улмаар Их хаан Өгөөдэйн үед өргөжин тэлж, Их хаан Мөнх тэнгэрлэг сэнтийд заларч ахуйд хөгжин цэцэглэсэн Хархорум хотыг тухайн цагийн бичгийн дээдэс, аянчин жуулчид судар түүхийн хуудаснаа шагшин магтсан нь олонтаа.
Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.
Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ.
2023/03/21