“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ – СУДАЛГАА, СУРГАЛТ, ХЭРЭГЛЭЭ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг – Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал доктор, профессор Ж.Батбаатар, ЗГХА Соёл, урлагийн газрын ном хэвлэл, утга зохиолын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд, МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал, Монгол Улсын ардын багш, доктор /Sc.D/, профессор Ц.Өнөрбаян нар нээж үг хэллээ.

Тус хуралд монгол хэл бичиг, утга соёл судлалын чиглэлээр дагнасан судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагамонгол хэл бичгийн багш, мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль зэрэг монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэгч үүргийг гүйцэтгэдэг байгууллагууд оролцож, үндэсний бичгийн талаарх олон нийтийн үзэл хандлагыг сайжруулахсургалтын хэрэглэгдэхүүн, заах аргыг боловсронгуй болгоххэрэглээний хүрээг өргөтгөх асуудлаа хамтран хэлэлцэх юм.

 

 

Хуралд дараах сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэх юм. Үүнд:

“Монгол бичгийн заах аргын уламжлал” Р.Отгонбаатар /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

“Үндэсний бичгийн хичээлийн шалгалтын агуулга, арга зүй” Д.Соронзон /МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш доктор Ph.D/

“Үндэсний бичгийн хичээлийн цөм хөтөлбөрт хийсэн шинжилгээ” Л.Цэдэнсодном /Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан/

“Бага боловсролын монгол хэлний цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг онолын үүднээс шинжлэх нь” М.Хүрэлтогоо /Боловсролын хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан/

“ЕБС-ийн үндэсний бичгийн орчин ба хэрэглээ” Р.Өлзийхүү /Нийслэлийн боловсролын газрын МХБУЗ-ын боловсрол хариуцсан мэргэжилтэн, докторант/

“Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн зарим дурсгал дахь цэг, цэглэлийн үүрэг, байрын тухай” Э.Эрдэнэзуу /МУБИС –ийн Монгол судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр/

“Турфаны цуглуулгын TM (5)D130 баримтын нэгэн үгийг нягтлах нь” Ё.Мөнхбат /ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант/

“Бийрийн бичлэгийн хөгжил” С.Гандэлгэр /МУБИС-ийн Багшийн сургууль, магистр/

Энэхүү хуралд тавигдсан илтгэлүүдээр эрдэм шинжилгээний товхимол нийтлэгдэж олон нийтэд хүрэх юм.

2019/05/07

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос