2021 оны 01 -р сарын 16, Бямба

НИКОЛЛО ПАГАНИНИ

Медиа > Мэдээ, мэдээлэл

СОНСОХ ТУСАМ ДАРХЛАА ДЭМЖИХ СОНГОДОГ ХӨГЖМИЙГ ТАНЫ СОНОРТ
 
Италийн суут хөгжмийн зохиолч, хийлч. 1782 оны 10-р сарын 27-нд Италийн Генуя хотод жижиг худалдаа эрхэлдэг Антонио Паганини, Тереза Боккиардо нарын 6 хүүхдийн гурав дахь нь болж төржээ. Түүний аав ачигч хийхийн зэрэгцээ найрал хөгжимд мандолин тоглож байгаад дараа нь боомтод дэлгүүртэй болсон бөгөөд Наполеоны тушаалаар явуулсан хотын хүн амын тооллогоор түүнийг "мандолинчин" хэмээн нэрлэж байв. Хүүг таван настай байхад аав нь мандолин зааж эхэлсэн ба зургаан настайгаас нь хийл сургаж эхлэв. Николлогийн дурсамжаас үзэхэд хэрэв тэр өөрөө хичээнгүйлэн зүтгээгүй бол аав нь түүнийг хатуу шийтгэдэг байжээ. Гэсэн хэдий ч Никколо өөрөө уг зэмсэгт улам бүр дуртай болж, сонсогчдыг гайхшруулах дуу чимээний хараахан үл мэдэгдэх хослолуудыг олох болно гэсэн зорилт тавьж байв. Николло ийнхүү хар багаасаа хөгжим хийл, мандолин, гитар зэрэг төрөл бүрийн чавхдаст хөгжмүүдийг сайн эзэмшжээ. Багш нар нь түүний аав болон Сан-Лоренцогийн сүмийн хийлч Жиакомо Коста нар байв.
Николлогийн анхны тоглолт түүнийг 11 настай байхад Генуя хотод болжээ. Бага байхдаа тэрээр хийлд зориулж хэд хэдэн бүтээл (харамсалтай нь хадгалагдаж үлдээгүй) бичсэн байсан нь өөр хүн тоглоход хэцүү гэмээр байсан боловч өөрөө амжилттай гүйцэтгэдэг байв. Удалгүй Никкологийн аав хүүгээ хийлч Жиованни Серветтод суралцуулахаар явуулав. Николло Паганини өөрөө Серветто дээр сурч байсан гэж хэзээ ч дурсаж байгаагүй боловч түүний намтар судлаачид Фетис, Гервасони нар энэ баримтыг дурдсан байдаг. 1793 оноос хойш Никколо Генуягийн сүм хийдүүдэд бурханлаг арга хэмжээнд тогтмол тоглодог болжээ. Николло сургуульд сурч байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд хөгжим сурсныхаа дараа уншиж, бичиж сурсан байж магадгүй юм. Насанд хүрсэн хойноо бичсэн түүний захидлуудад үг үсгийн алдаа байдаг боловч уран зохиол, түүх, домог судлалын талаар тодорхой мэдлэгтэй байжээ. Никколо 1795 оны 7-р сарын 31-нд Генуя хотын Сант'-Агостино театрт анхны уран бүтээлийн тоглолтоо хийсэн байдаг.
Түүний дараа тэр Парма руу явж, алдарт хийлч, багш Алессандро Роллад шавь орохоор болов. Тэр жилдээ урлагийн ивээн тэтгэгч Маркиз Жан Карло Ди Негро гэгч хүн Никколог аавтай нь хамт Флоренц руу авч явжээ. Флоренцын театрт Никкологийн тоглосон концерт нь Парма руу явахад шаардагдах мөнгийг цуглуулах боломжийг олгосон байдаг. Аав, хүү хоёрыг Алессандро Ролла дээр зочлох өдөр тэр өвчтэй байсан тул хэнийг ч хүлээж авахгүй байсан бөгөөд талын өрөөнд ширээн дээр хөглөрөх концертын нотнууд, Роллагийн хийлийг баахан харж сууцгаав. Никколо тэр хийлийг нь аваад нэг хэсэг нотыг тоглосон нь Роллагийн өмнөх өдөр нь зохиосон аялгуу байжээ.
Гайхсан Ролла өрөөнөөсөө гарч ирээд нэгэн жаалхүү түүний концертыг тоглож байгааг дуустал нь хараад дараа нь түүнд юу ч зааж чадахгүй юм байна гэдгээ хэлсэн гэдэг. Николло цаашдаа мөн алдарт хөгжмийн зохиолч Фердинандо Паераас зөвлөгөө авахыг хүссэн ч Паер зөвхөн Парма төдийгүй Флоренц, Венецийн театруудад асар их дуурийн захиалгатай завгүй байсан тул хичээл хийх цаггүй байсан бөгөөд залуу морин хийлч Гаспаре Жиреттид хандахыг зөвлөжээ. Жиретти Николлод хөгжмийн гармони, контрапунктын хичээл заадаг байсан бөгөөд эдгээр хичээлийн үеэр Никколо багшийн удирдлаган дор төгөлдөр хуурын тусламжгүйгээр зөвхөн үзэг, бэх ашиглан "дөрвөн хоолойн 24 фуга"-г зохиожээ. 1796 оны намар Никколо Генуя руу буцаж ирэхэд Маркиз Ди Негрогийн байшинд алдарт хийлч Родолфе Кройцер аялан тоглолтоор ирсэн байв.
Түүний хүсэлтээр Николло хамгийн нарийн төвөгтэй бүтээлүүдийг тоглоход Кройцер гайхаж “Энэ хүү бол ер бусын алдар сууг зөгнөсөн хүн байна” гэсэн гэдэг. 1797 оны эхээр Паганини аавтайгаа хамт анхны аялан тоглолтоо хийсэн бөгөөд тэдний төлөвлөгөөнд Милан, Болонья, Флоренц, Пиза, Ливорно хотууд багтсан байв. Дайн байлдааны улмаас аялан тоглолт тасалдаж гэр бүлийн хамт Польчеверийн хөндий дэх эцгийнхээ голомт руу явав. Тэрбээр энд хөгжимдөх, зохиох ур чадвараа дээшлүүлэхэд анхаарал тавьж байв. Николло өөрөө өөртөө зориулж 17-р зууны хийлч Вальтерийн дасгалуудтай адил нарийн төвөгтэй дасгалуудыг хийж байв. Өнгөрсөн үеийн мастеруудын арга техникийг эзэмшсэн Паганини шилжилт, стаккато, пиццикато, ер бусын аккорд, диссонанс, дуу чимээг хамгийн өндөр хурдаар зөв гаргахад хүчин чармайлт гарган сайжруулдаг байв. Тэрээр дасгалаа өдөрт олон цагаар хийдэг байсан тул маш их ядардаг байлаа.
Лукка хотын удирдлагаас 1801 онд түүнийг асран хамгаалах аавынх нь эрхийг цуцалжээ. Тэрээр 1800 оны 12-р сард Модена хотод бие даасан тоглолтынхоо ажлыг үргэлжлүүлэв. Сонин дээр түүний ур чадварыг бишрэн магтсан, бас өхөөрдсөн нийтлэлүүд цувран гарсаар байв. 1801 оны 12-р сард Паганини Луккагийн Бүгд найрамдах улсын анхны 1-р хийл хөгжимчнөөр дэвшжээ. Паганинигийн багын хайр дурлал нь Луккад байх үетэй холбоотой байх магадлалтай. Тэрбээр нэрийг нь насан туршдаа нууцалж байсан нэгэн язгууртан гаралтай бүсгүйтэй Тосканд байдаг эдлэн газартаа хамт байсан байдаг. Николло Паганини тэнд тусгаарлагдмал байдалтай гурван жил газар тариалан эрхэлж амьдарч байхдаа гитар тоглох донтой болж, гитар болон хийлд зориулсан 12 сонат бичсэн байдаг.
Өөрийнх нь дурсамжаас харахад бие даасан амьдралын анхны үе нь эмэгтэйчүүд рүү тэмүүлэх хүсэл эрмэлзлээс гадна хөзрийн тоглоомд дуртай байснаас бүх зүйлээ алддаг байсан бөгөөд "зөвхөн миний урлаг намайг аварч чадна" гэсэн итгэлээр мөрийтэй тоглоомоо орхиж, дахин картанд хэзээ ч гар хүрээгүй гэдэг. Их удалгүй Луккаг орхиж Генуя руу буцав. Түүнийг төрсөн дүү Напалеоны дэмжлэгээр Пьомбино, Масса, Каррара, Гарниафо хотуудыг захирч байсан Элиза Бонапарт Луккагийн хатан хаан байх үедээ Тоскан руу буцаж ирэхийг урьсан байдаг. Паганини "Ордны оргил бүтээлч" цолыг хүртэж хатны хувийн хамгаалалтын гвардын ахмадаар томилогдож байжээ. Бага цалинтай тэрээр хатны хувийн хөгжимчин болж жүжиг удирдаж, концерт тогтмол зохион байгуулж, ханхүүд хийл хөгжмийн хичээл заадаг байв.
Тэр үед Элизатай амрагийн холбоотой байсан гэдгээ хожим өөрөө ярьсан байдаг. 1808 онд Паганини урт хугацааны завсарлага авч, Италид концерт тоглож байв. Аажмаар бусад хийлчдээс ялгарах өөрийн гэсэн ур чадварыг бий болгосон бөгөөд концертын үеэр ер бусын төрх байдал, биеэ авч яваа байдлаараа алдартай болов. Түүний тоглолтын танхимууд нь зөвхөн өндөр түвшний урлагийг мэддэг хүмүүс төдийгүй гадны эффект, түүний тоглох арга техникт татагдсан үзэгчдээр дүүрдэг байв. Ливорно хот дахь нэгэн тоглолтын өмнө тэрээр хөлөө гэмтээгээд тайзан дээр гарч ирэв. Танхимд инээд цалгиж, хөгжмийн тавцан дээр байсан лаа унахад бүр найрсаг инээд болон хувирчээ. Паганини үл тоомсорлож, тоглож эхэлсэн боловч гэнэт хийлийн нэг утас тасрахад зогсолтгүй тоглосоор дуусгасан гэдэг. Зөвхөн гурван утсаар ч биш, хоёроор, тэр ч байтугай нэг утсан дээр тоглох нь түүний хувьд сандраад байх зүйл биш байв. Элиза Бонапартийн ордонд алба хааж байхдаа хийлийн ля, ми утсанд зориулан "Хайрын дүр зураг" аялгуу бичиж, дараа нь эзэн хааны төрсөн өдрөөр соль утсанд зориулан "Наполеон" сонатын аялгууг бичиж, тоглож байжээ. Паганини Турин хотод Напалеоны 3 эгчийн дундах буюу хамгийн хайртай эгч нь болох Полина Бонапартийн ордонд бас хэсэг хугацаанд амьдарч байжээ. 1808 оны хоёрдугаар хагаст Паганини Элиза Бонапартийн урилгаар Флоренцад ирээд алдарт хөгжмийн зохиолч, гитарчин, цомнолч, хөгжмийн түүх болон контрапунктийн багш, гоо зүй судлаач Луижи Пиккьянтитай танилцав.
Паганини ордныхны нэгний гэрт Гайдны сонатыг төгөлдөр хууртай хамтран тоглох ёстой байв. Тэр их оройтож ирсэн бөгөөд сонсогчдоо удаан хүлээлгэхгүйн тулд хөгжмийнхөө хөгийг шалгалгүй шууд тоглож эхлэв. Тэрээр хөгжмийг төгс эзэмшсэн Пиккьанти гайхаж байснаа “Паганини энэ сонатыг тоглох үед хоёр хөгжмийн хөгийг түүнийг хуруунууд яаж тааруулсныг үзэгчид юу ч анзаарсангүй” гэсэн байдаг. 1812 оны сүүлчээр тэр ордны албанаас татгалзаж Флоренцыг орхин явав. 1813 оны орчимд Паганини Милан хотын Ла Скала театрт Вигано-Зюсмаейерийн "Беневентогийн самар" балетын нэг тоглолтонд оролцжээ. Шидтэнгүүдийн бүжиг түүнд шинэ уран сэтгэмжийн санааг өгсөн бөгөөд дөрвөн утсан дээр бүтэн тоглогддог “Шулам” хэмээх хийлийн алдартай зохиолоо бичсэн байдаг.
Энэ бүтээл нь 1813 оны 10-р сарын 29-нд Ла Скала дахь түүний концертонд анх удаа тоглогдсоны дараа Милан дахь Лейпцигийн хөгжмийн сонины сурвалжлагч “Энэ бүтээлийг сонсоод үзэгчид маш их цочирдсон” гэж мэдээлсэн байдаг аж. 34 настайдаа байхдаа Паганини 22 настай дуучин Антония Бианкитай дотносож, бие даасан тоглолтоо бэлтгэхэд нь тусалж байжээ. 1825 онд Никколо, Антония нар Ахилл хэмээх хүүтэй болжээ. 1828 онд тэр Антониягаас салж, хүүгээ ганцаараа асран хамгаалах болсон ч шаргуу ажиллаж ээлж дараалан концертууд хийсээр байв. Хүүгийнхээ ирээдүйд зориулан өөртөө асар их шаардлага тавьснаар нас барсны нь дараа түүний үлдээсэн өв хэдэн сая франк болсон байдаг.
Тогтмол аялал, ойр ойрхон тоглолт хийх нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байв. 1834 оны 9-р сард Паганини концертын аяллаа дуусгахаар шийдэж, Генуя руу буцав. Тэрээр байнга өвчтэй байсан боловч 1836 оны 12-р сарын сүүлчээр Францын Ницца хотод гурван концерт хийжээ. Амьдралынхаа туршид Паганини олон архаг өвчин туссан ба эмнэлгийн тодорхой нотолгоо байхгүй ч түүнийг Марфан синдромтой байсан гэж үздэг.
Хийлч тэр үеийн нэртэй алдартай эмч нарын туслалцааг авсан хэдий ч өвчнөөсөө салж чадаагүй юм. 1839 оны 10-р сард өвчтэй, маш их мэдрэлийн цочролтой байдалтай байсан Паганини өөрийн төрөлх Генуя хотод сүүлчийн тоглолтоо хийв. Амьдралынхаа сүүлийн саруудад тэрээр өрөөнөөсөө гаралгүй, хөл нь байнга өвдөж, өвчнүүд нь ямарч эмчилгээнд хариу өгөхөө больжээ. Ядаргаа нь маш хүчтэй байсан тул хөгжмийн нумаа ч гартаа барьж чадахгүй байсан бөгөөд 1840 оны 5-р сарын 27-нд Ницца хотод ертөнцийн нэгэн суу билэгтэн хорвоог орхисон билээ.

2020/12/07

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос