2021 оны 02 -р сарын 25, Пүрэв

ЖАКОМО ПУЧЧИНИ

Медиа > Мэдээ, мэдээлэл

ЖАКОМО ПУЧЧИНИ


Италийн суут хөгжмийн зохиолч, органчин, найрал дууны удирдаач, Италийн хөгжмийн урлагт веризмийг /бодит үнэн/ хөгжүүлэхэд Ж.Вердийг залгамжлан орж ирсэн томоохон төлөөлөгч юм. Бүтэн нэр нь Жакомо Антонио Доменико Мишел Секондо Мариа Пуччини. Түүний зохиосон “Богема”, “Тоска”, “Чио чио сан”, “Турандот” зэрэг дууриуд нь дуурийн театртай улс болгоны стандарт урын сан болсон байдаг ба түүний дундаас “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари "O mio babbino caro" (Хайрт аав минь дээ гэсэн утгатай), Богема дуурийн Рудольфын ари "Che gelida manina", Турандот дуурийн Монголын ханхүү Калафын ари "Nessun dorma" (Хэн ч унтаж үл болно) зэрэг ари, бодрол дуунууд нь орчин үеийн дэлхийн соёлын нэгэн чухал элементүүд болж сонсоогүй хүн бараг байхгүй болсон байдаг. Жакомо 1858 оны 12 сарын 22-нд Италийг засаглаж байсан Тосканы их вант улс гэж байх үед Лукка хотод 5 үеэрээ хөгжимтэй холбогдолтой гэр бүлд төржээ.

Хөгжмийн зохиолч Доменико Пуччини нь түүний өвөг эцэг юм. Жакомог 5 настай байхад аав нь 6 охин, нэг хүү, жирэмсэн эхнэр Альбинагаа орхиод тэнгэрт оджээ. Альбина амьдрахад маш хүнд болсон тул бяцхан Жакомо хүүгээ өөрийн ах Фортунато Мажид хүргэн өгч, ном эрдэмд суралцуулах шийдвэр гаргасан боловч нагац ах нь түүнийг юм сурахгүй хүүхэд гэж дүгнэдэг байжээ. Хожим Пуччини сүмд орган /бадралт баг бишгүүр/ тоглодог болсон бөгөөд Жузеппе Вердийн “Аида” дуурийг анх үзээд дуурийн зохиолч болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Тэр ах Мишелтэйгээ 30 км алхаж, Пиза хот орж дуурь үзээд буцаж ирэх гэж хамаг цагаа үрдэг ч түүндээ харамсдаггүй байв. 1880 онд хамаатныхаа хүний дэмжлэгээр Пуччини Миланы Консерваторид элсч, Амилкар Понкелли, Антонио Баззини нарын хамт суралцаж байлаа.

Тэр жилээ 22 арай хүрээгүй байхдаа “Месса” хэмээх дууриа бичжээ. 1882 онд Жакомо консерваторид суралцаж байхдаа нэг үзэгдэлт дуурийн уралдаанд оролцжээ. Хэдийгээр түүний зохиосон “Виллисүүд” /охидын сүнснүүд гэсэн утгатай” дуурь нь байр эзлээгүй боловч 1884 онд “Театро Дал Верме” гэдэг театрт тоглогдох боломж олджээ. Энэ тоглолт “Ж.Рикорди & Kо“ гэдэг хөгжмийн компанийн захирал Жулио Рикордигийн анхаарлыг ихэд татжээ. Ингээд түүний дэмжлэгтэйгээр 1889 онд “Эдгар” гэдэг дууриа тавьж чадсан байдаг. Жакомо Миланы Консерваторт сурч байхдаа дипломын урьдчилгаа ажилд зориулан “симфони каприччио” нэртэй бүтээл туурвиж тэр нь Понкелли, Баззини зэрэг багш нарт нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд, Франко Фассиогийн удирдлаган дор 1883 оны 7-р сарын 14-ний өдөр Миланы Консерваторид болсон оюутны концерт дээр тоглуулсан байдаг. Пуччинигийн бүтээлийг Миланы “Персеверанза” хэвлэлд маш их нааштай үнэлсэн бөгөөд үүнээс хойш Пуччини Миланы хөгжмийн ертөнцөд танигдаж эхэлсэн залуу хөгжмийн зохиолчийн эгнээнд орж ирэв. Жакомогийн цаашдын хувь заяа Вердийн адил ихэвчлэн дуурийн уран бүтээлтэй холбогдсон байдаг бөгөөд нэг удаа “Бурхан над руу чигчий хуруугаараа заагаад “театрт зориулж бич, зөвхөн театр л зориулж бич гэлээ” гэж хэлсэн гэдэг. 1891 оноос Пуччини ихэнх цагаа Тиррений тэнгис, Массакукколи нуурын хооронд, Луккагаас 15 милийн зайд орших бяцхан тосгон Торре дел Лагод өнгөрөөх болов. Байшин түрээслэн авч, ан агнан цагаа өнгөрөөж байлаа.

1900-аад оны үед тэр газар худалдан авч, нуурын эрэг дээр тосгон байгуулсан нь өдгөө "Музео Пуччини тосгон" гэж нэрлэгддэг. 1903 онд тэрээр автомашины осолд орж үхэх дөхсөн бөгөөд 1904 оноос бараг дуурь бичихээ больсон аж. Тэр тэндээ 1921 он хүртэл амьдарчээ. Улаан хоолойн хорт хавдар тусч, эмчийн зөвлөгөөгөөр Брюссель хотод очиж шинээр туршигдаж байсан цацраг идэвхжлийн эмчилгээ хийлгэхээр болжээ. Тэрээр 1924 оны 11 сарын 28-нд мэс засал хийлгэж, дараагийн өдөр нь цус харваж нас баржээ. Нью-Йорк хотод түүний Богема дуурийг яг тоглож байх үед нас барсан тухай мэдээ ирсэн бөгөөд найрал хөгжимчид дууриа түр зогсоож, түүний дурсгалыг хүндэтгэн Ф.Шопений “Оршуулгын марш”-ийг тоглож байсан гэдэг. Түүнийг Милан хотноо чандарласан бөгөөд түүнийг нас барсны дараа “Музео Пуччини тосгон”-д бунхан баригдаж, 1926 онд хүү нь аавынхаа шарилыг Торре дел Лаго руу зөөж бунхалжээ.

Хожим тэнд түүний эхнэр, хүүг нь оршуулсан байдаг. "Музео Пуччини тосгон" одоо түүний ач охин Симонетта Пуччинигийн эзэмшилд, олон нийтэд нээлттэй түүхэн дурсгалт газрын нэг болон байдаг. Жакомо Пуччини сүүлийн дуурь болох Турандотоо дуусгаж амжаагүй байсан бөгөөд сүүлийн 2 үзэгдлийг түүний ноорогт тулгуурлан Франко Алфано гүйцээж бичсэн ажээ. Дашрамд хэлэхэд Турандот дуурийн гол дүр Калаф нь тенор /цээл/ хоолойтон дуучны төрөлх авьяас хүч, эрдэм ухааныг, хөгжмийн мэдрэмжийг сорихыг зэрэгцээ тус зохиол дотор гардаг Монголын хаан Төмөрийн хүү бөгөөд Хятадын их эзэн хааны гүнж Турандотыг эрдэм ухаанаараа ялан амласан ёсоор түүнийг эхнэрээ болгон авч байгаа ханхүүгийн дүр юм. Энэ “Нэсүн дорма” /монголоор галиглавал/ гэдэг нэрээрээ алдаршсан энэхүү арийг өнөө үед дэлхийн бүх дуучид дуулсаар байна.

2020/11/30

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос