2021 оны 01 -р сарын 16, Бямба

Сонсох тусам дархлаа дэмжих сонгодог хөгжимийн таны сонорт

Медиа > Мэдээ, мэдээлэл

ЖОАКИННО АНТОНИО РОССИНИ

Италийн суут хөгжмийн зохиолч. Жоакино Россини 1792 оны 2-р сарын 29-нд Италийн Адриатын тэнгисийн эрэг дээр Ромын захиргаанд байсан Марке мужийн Пезаро хотод хөгжмийнхний гэр бүлд төржээ. Хотын үлээвэр хөгжимчин Жузеппе Антонио Россини, мөн сопрано хоолойтой дуучин Анна Гвидарини Россини нар гэр бүл болон цорын ганц хүү төрүүлсэн нь бяцхан Жоакинно байжээ. Ээж нь сургууль соёлд сурч мэргэжлийн боловсрол эзэмшээгүй ч, байгалиас заяасан хоолойны өгөгдөлтэй байсан тул орон нутгийн театруудад нэр хүндтэй байсан ба нөхрийнхөө ажиллаж байсан Болонья дахь "Чивико" театрт анхны уран бүтээлийн тоглолтоо хийж байжээ. Харин аав нь үлээвэр хөгжимд цар хүрээтэй, нарийн бүрээ, угалз бүрээ эзэмшдэг, тэр бүү хэл “хотын бүрээч” гэдэг хүндэт хэргэмтэй байсан нь хожим Жоакинног үлээвэр хөгжимд зориулсан бүтээлүүд олноор туурвихад нь нөлөөлсөн байх магадлалтай. Жоакинно Россини 39 дуурь, үлээвэр найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлүүдийг туурвисан байдаг. Тэрээр төрөлжсөн бүтээлийн талаар Верди, Пуччини нартай хамт ижил түвшинд яригддаг дуурийн хөгжмийн зохиолч ажээ.

"Севилийн үсчин”, “Египет дахь Моисей”, “Вильгельм Телл” зэрэг нь түүний хамгийн алдартай дууриуд бөгөөд түүний урам зориг хайрласан уран ганган хийцтэй дуу шиг аялгуунууд нь Россинигийн уран бүтээлийн гол шинж чанаруудын нэг бөгөөд энэ талаас нь түүнийг “Италийн Моцарт” хэмээн хочилдог байв. Россини Италийн дуурийг сэргээж, шинэчлээд зогсохгүй 19-р зууны Европын дуурийн урлагийг бүхэлд нь хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн хүн юм. Жузеппе Вердийг гарч иртэл Италийн дуурийн ертөнцийн гол суудал дээр Россини заларч байсан билээ. Жоаккиногийн бага нас нь Францын хувьсгалын үр дагавар, эцэг эхийн ядуурлын зовлонгоор бусадтай адилхан өнгөрчээ. Жоакинногийн аав нь хувьсгалд гар бие оролцогч байсан бөгөөд Наполеоны цэргүүдийг Италийн хойд хэсэгт ирэхэд нь угтан авч байжээ. Тэр “Эрх чөлөөний сүлд мод”-ны ёслолын үеэр найрал хөгжмийг удирдсан байдаг. 1799 онд Австри улс хуучин дэглэмийг сэргээх үеэр Россинигийн аавыг шоронд илгээж, 1800 оны 6-р сар хүртэл тэндээ байжээ. Анна Россини хүүгийнхээ хамт Болонья руу явав. Ингэснээр тэр Романья мужийн янз бүрийн театруудад гоцлол дуучнаар ажиллаж мөнгө олох боломжтой болжээ.

Аав Жузеппе Россини суллагдсаныхаа дараа Болонья дахь гэр бүл дээрээ ирэв. Жузеппе, Анна нар хэсүүл хамтлагийн бүрэлдхүүнд орж аялан тоглолтоор явах болж бяцхан хүү нь ээжийнхээ эмээ Лючия Гвидаринийн асрамжид үлдэж Болонья хотын сургуульд сурч байжээ. Тэр сургуульд байхдаа Жоакинно залхуу, дэггүй хүүгийн дүрээр дүрслэгддэг байсан тул түүнийг дархны хөөрөг дээр ажиллуулахаар илгээж нэг бус удаа шийтгэж байсан гэдэг. Эцэг эх нь янз бүрийн хотуудаар тоглолт хийж явдаг байсан бөгөөд ирээдүйн хөгжмийн зохиолч бага наснаасаа Италийн дуурийн театруудад давамгайлж байсан хуучирсан сэтгэлгээ, нэгэн хэв маяг, урлагийнхны амьдралын зуршлыг сайн мэддэг байжээ. Бяцхан Жоаккиногийн дотоод сэтгэхүйд уян хатан зан ааш, тохуурхсан сэтгэл, амьдралын хошин хөг аяз, хөгжмийн хурц хэллэг, гайхалтай сонсгол, ер бусын ой санамжтай зэрэгцэн оршиж байв. Тэрээр дэлхийн хөгжмийн зохиолчдоос хэт торгон мэдрэмжээрээ ялгардаг бөгөөд үүний тод жишээ болж түүнийг мөнхөлсөн бүтээл бол “Севилийн үсчин дуурь” юм. Энэ нь дэлхийн хошин дуурийн оргил бүтээлээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд үг, нот болгон нь утга агуулга төгс, уран хийцтэй байдгаараа өвөрмөц байдаг.

2020/11/30

Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж, Засгийн газрын II байр




Холбоос