БИД ХАМТДАА СЭРГИЙЛЖ ЧАДНА

Мэдээлэл, тайлан > Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан.

Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгчдийн саналаар 4 уран бүтээлчийн 3 дизайны бүтээл, 1 гэрэл зургийн цуврал бүтээл шилдгээр шалгарч өнөөдөр шагналаа гардаж авлаа.

Уг уралдааны 1-р байр "Сонор сэрэмжээ бүү алдаарай!"  бүтээлээр график дизайнер Д.Алтантулга

  

2-р байр “Тэнгэрийн нүд” бүтээлээр график дизайнер, зураач П.Алтансүх

 

3-р байр “Гэр гэртээ” бүтээлээр график дизайнер Б.Энхтунгалаг

 

Тусгай байр “Хамтдаа сэргийлье” гэрэл зургийн цуврал бүтээлээр график дизайнер, гэрэл зурагчин Б.Чадраабал

 

нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шалгарсан бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгснөөр сурталчилгааны эх болгон ашиглах эрхийг олгох юм.

Мөн тус газраас “Монгени” цогцолбор сургуультай хамтран гэртээ байгаа сурагч, багачуудад чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрүүлэх, үзэл бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх, дүрслэх урлагаар дамжуулан гоо зүйн боловсролыг олгох зорилгоор “Хамтдаа сэргийлье” цахим гар зургийн уралдааныг зарласан.

Уралдаанд нийслэлийн 9 дүүрэг болон Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Архангай, Баян-Өлгий, Төв зэрэг 13 аймгийн сурагч багачуудаас нийт 174 бүтээлийг ирүүлснээс мэргэжлийн шүүгчид шүүлт хийн хоёрдугаар шатанд оролцох оролцогчдыг тодруулсан. Яг одоо хоёрдугаар шатны шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд 05 сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдрөөр авьяаслаг сурагч багачуудынхаа шилдэг бүтээлийг зарлаж өргөмжлөл, үнэ бүхий зүйл, “Монгени” цогцолбор сургуулийн “Урлаг-Англи хэлний” ангид тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр шагнаж урамшуулна. Мөн “Хамтдаа сэргийлье” бүтээлийн үзэсгэлэнг гаргах юм.

Эдгээр уралдааны мөнгөн санг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын ажилтан, албан хаагчид өөрсдийн санаачлагаар, нийгмийн хариуцлагын хүрээнд бүрдүүлсэн болно.

2020/05/20

Хаяг

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд А.Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус




Холбоос