
Олон улсын музейн өдрийг Олон улсын музейн зөвлөлөөс (ICOM) нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 онд бий болгосон. 2019 онд 150 орчим улсад 40 000 гаруй музей үзэгчдээ хамруулан тусгай үйл ажиллагаа явуулсан бөгөөд 78 орны Соёлын яам дэмжсэн байна.
Олон улсын музейн зөвлөл нь байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээх үүрэг хүлээсэн музей, музейн мэргэжилтнүүдийн гишүүнчлэл бүхий олон улсын байгууллага юм.
Олон улсын музейн зөвлөл 2020 оны Олон улсын музейн өдрийн “Тэгш байдлын төлөөх музей: Олон янз байдал ба тэгш хамруулах” сэдэвтээ НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн “Тэгш бус байдлыг бууруулах, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, “Энхтайван, шударга ёсыг цогцлоох” болон “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” 2030 он хүртэлх зорилгуудыг тусгасан байна.
Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хороо энэ өдрийг төрийн байгууллагууд, улс аймгийн музейнүүдтэй хамтран 16 жил амжилттай зохион байгуулсан. Олон улсын музейн өдөрт зориулсан энэ оны гарын авлагад 2017 онд Богд хааны ордон музей энэ өдрийг зохион байгуулж буй гэрэл зураг багтсан байна.
Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хороо 2020 оны байдлаар музей, соёлын өвийн байгууллагын 33 –н гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бид Олон улсын музейн өдрийн веб хуудсанд зурагт хуудсыг монгол хэлээр байршуулах, музейнүүдэд цар тахал хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаанд мэдээлэл оруулах, гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагатай зөвлөлдөх, улс, аймгийн музейнүүдэд “Олон нийттэй харилцах музейн гарын авлага. (2020 оны Олон улсын музейн өдөрт зориулав), “Үзэгчдэд хэрхэн онлайн үйлчилгээг хүргэх вэ?”, “Олон улсын музейн өдөр хүртэл нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Дижитал хэлбэрээр (тоон систем) тэгш хамруулах тухай ярилцья!”, “ОХУ-ын Эрмитаж улсын музейн цахим үйлчилгээний танилцуулгыг хүргэх, ICOM Mongolia” нээлттэй пейжэд сурталчлах зэрэг ажлыг хийж байна.
Монголын музейнүүд сэдвийн хүрээнд үзэгчиддээ олон төрлийн цахим үйл ажиллагаа явуулж, тэгш байдлын төлөөх музей болох, үүгээрээ харилцан ойлголцлыг бэхжүүлэх, сайн сайхан нийгмийг бүтээхэд оролцох өргөн боломжтой байгууллага гэдгээ харуулж байна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей Үндэсний хороотой хамтран “#Миний_ үзсэн_музей” “Challenge" –д үзэгчдийг урьж, дохионы тайлбартай сурталчилгаа явуулж, Монголын үндэсний музей бусад музейг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ хуваалцах “Challenge”-д дуудаад байна. Монгол цэргийн музей, Хөвсгөл аймгийн музей, Төв аймгийн музей Олон улсын музейн зөвлөлийн зурагт хуудас дээр ажиллуулж, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы тайлбартай цахим аялалыг санал болгож байна.
Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим “Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг багтаасан цуврал нийтлэлийг Олон улсын музейн өдрийг тохиолдуулан UB.LIFE сайтад байрлуулж байна. https://www.facebook.com/virtualmuseum.ub/ Монголын уран зургийн галарей цахим үзэсгэлэн гаргаж, Улаанбаатар хотын музей Твиттерийн “Музейн хоног” сошиал медиа фестивальд нэгдээд байна.
Баян-Өлгий аймгийн музей, Дундговь аймгийн музей, Булган аймгийн музей, Өмнөговь аймгийн музей, Говьсүмбэр Боржигон өв музей, Эрдэнэ зуу музей, Сэлэнгэ аймгийн музей, Орхон аймгийн музей, Сүхбаатар аймгийн музей зурагт хуудас дээр ажиллуулах, уралдаан зарлах зэрэг үйл ажиллагаа явууллаа. Орхон аймгийн музей “Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгтэй хамтран Эрдэнэт хотын бусад музей, соёлын байгууллага, ОХУ-ын музей, их дээд сургуулийн мэргэжилтнүүдийг хамруулсан вебинарыг 5 дугаар 18-нд зохион байгуулна.
Г.Занабазарын нэрэмжит музейн захирал У.Сарантуяагийн урилгаар тус музейн шинээр нээж буй подкастын эхний зочноор Олон улсын музейн зөвлөлийн үндэсний хорооны тэргүүний хувиар оролцсон тул Олон улсын энэ оны музейн өдрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Музейнүүд бүтээсэн зурагт хуудсаа Олон улсын музейн өдрийн веб хуудас, хаштаг, интерактив газрын зураг, Үндэсний хорооны ICOM Mongolia пейжид оруулах боломжтой.
Энэхүү Олон улсын музейн зөвлөл, түүний 2020 оны Олон улсын музейн өдрийн тухай танилцуулгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын захиалгаар боловсруулсан бөгөөд үндэсний хорооны гишүүдийн өмнөөс та бүхэнд гүн талархал илэрхийлье!
Олон улсын музейн өдрийн баярын мэндийг Соёлын өвийг хадгалж хамгаалан, нийгэмд түгээж байдаг музей, соёлын өвийн ажилтнууддаа дэвшүүлье.
imd@icom.museum, https://www.instagram.com/icomofficiel,
https://twitter.com/IcomOfficiel, https://www.facebook.com/IcomOfficiel
#IMD2020, #Museums4Equality, #MuseumsAndChill
Олон улсын музейн зөвлөлийн Үндэсний хорооны тэргүүн
Дашдэндэвийн Бумаа Ph.D, дэд проф