Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Монгол улсын Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн баг Их Британид болох нэгэн онц сонирхолтой фестивальд оролцох урилга аваад байна.
     Британийн Хатан Хааны цэргийн эрдмийн сүр хүчийг үзүүлэх зорилгоор анх үүсч байсан Эдинбургийн фестиваль хэмээх арга хэмжээ өдгөө онц сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон хөгжиж Шотландын нийслэл Эдинбург хотыг жил бүр сая орчим жуулчны хөл хөдөлгөөнөөр дүүргэдэг болсон ажээ. Энэ жилийн фестиваль 2013 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хоногийн турш зохион байгуулагдахаар болжээ.

     Дэлхийд алдартай, цэргийн зэвсгийн эрдмийн хамгийн том үзүүлбэрүүдийн нэг болох уг арга хэмжээнд түүхийн болон архитектурын чухал ач холбогдол бүхий Эдинбург шилтгээнтэй холбоотой Британийн зэвсэгт хүчин, хамтын нийгэмлэг, олон улсын цэргийн анги нэгтгэлүүд өөрсдийн цэргийн эрдмийн үзүүлэх тоглолтоо толилуулдаг байна.
     Анх 1952 онд Нидерландын Вант Улсын цэргийн хөгжмийн бүрэлдэхүүн оролцсоноос хойш өдгөө дэлхийн 30 гаруй орны цэргийн хөгжмийн бүрэлдэхүүн оролцох болжээ.
Энэхүү үзүүлэх тоглолтын хамгийн үзүүштэй хэсэг нь Шотландтай холбоотой хамтын нөхөрлөлийн орнууд болон Британийн армийн цэргийн нэгтгэл, мөн оролцож буй улс орны цэргийн үлээвэр найрал хөгжим, бөмбөрийн тоглолт байдаг аж.

    Зохион байгуулагчдын зүгээс жил бүр шинэ улс орныг татан оролцуулахыг эрмэлздэг бөгөөд энэ удаагийн фестивальд манай улсын цэргийн эрдмийн үзүүлэх тоглолтыг оролцуулахаар сонгожээ. Тус фестивальд Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга болон ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн баг оролцох юм. Тэд фестивалийн зохион байгуулагчдад үзүүлэх тоглолт хийж сонирхуулахад ихэд таалагдаж сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ.


    Зохион байгуулагчдын төлөөлөгч болох Эдинбургийн Хатан Хааны цэргийн сургуулийн захирал, продюсер ноён David Allfrey болон Батлан Хамгаалах яам, ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, ЦДБЭЧуулгын төлөөлөгчид ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлтэй 2 сарын 15-ны баасан гаригт уулзсан бөгөөд салбарын сайд уг арга хэмжээнд цэргийн байгууллагын уран бүтээлчдийг оролцоход нь бүх талаар хамтарч ажиллахаа илэрхийлэв.


    Дашрамд сонирхуулахад тус фестивалийг 2010 оноос хойш Хатан Хааны цэргийн буюу Эдинбургийн үзүүлэх тоглолт гэж нэрлэх болсон бөгөөд анхны албан ёсны үзүүлэх тоглолт 1950 онд найман үзүүлбэр бүхий хөтөлбөртэйгээр болж байжээ.
    Эдүгээ уг үзүүлэх тоглолтыг жил бүр 217,000 үзэгчид хүрэлцэн ирж сонирхож байгаагаас 35% нь хилийн чанадаас ирдэг байна. Эдинбургийн шилтгээний өмнөх талбайд 3 долоо хоног илүү үргэлжлэх энэхүү үзүүлэх тоглолтын тухай мэдээг дэлхийн 30 гаруй оронд телевизээр нэвтрүүлж, дэлхийн 100 сая гаруй үзэгч үздэг байна.
   Энэхүү арга хэмжээг хүмүүнлэгийн хандив цуглуулах зорилгоор зохион байгуулдаг бөгөөд жилдээ цэргийн болон хүмүүнлэгийн байгууллагуудад 5 сая гаруй фунт стерлингийн хандив үзүүлж, Эдинбург хотын эдийн засагт 88 сая фунт стерлинг оруулдаг байна.
Манай уран бүтээлчдийн баг 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр эх орноосоо мордохоор төлөвлөж байгаа юм байна.

Сэтгэгдэл