Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

      Монгол улсын Засгийн газрын 2012 оны 262 дугаар тогтоолын дагуу Монголын оюутны спортын “Универсиад” III их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар зохион байгуулагдаж байна. Их наадмын өвлийн спортын төрлүүд болох цана, тэшүүрийн тэмцээнүүд амжилттай явагдаж өндөрлөсөн ба 2 сарын 4-ний өдрөөс эхлэн шатрын шигшээ тэмцээн явагдаж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 2 сарын 4-ний өдрийн 13:00 цагт “Хос мастер” шатрын академи дээр болох ба Соёл, спорт, аялал жуулчлалын яамны /ССАЖЯ/ БТСБХЗГ-ын дарга, их наадмын зохион байгуулах хорооны дэд дарга Д.Жаргалсайхан, ССАЖЯ-ны БТСБХЗГ-ын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцох юм.
         Шатрын шигшээ тэмцээнд нийслэл, баруун, зүүн, хангай, төвийн бүсээс шалгарсан МУИС, ШУТИС, БХИС, ҮБТДС, ХААИС, ИЗИС, Мандах бүртгэл ДС, Плехановын их сургууль, ТТДС, Шихихутаг ДС, ХСИС, МҮДС, ТЗДС, ЭМШУИС-ийн Дархан-Уул, Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Дорнод ДС, МУБИС-ийн Архангай аймаг дахь салбар сургууль зэрэг нийт 20-н их, дээд сургууль, коллежийн 50 гаруй оюутан шатарчид оролцож ур ухаанаа сорьж байгаа юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа ажиллаж байна.
       Тэмцээн ганцаарчилсан, багийн төрлөөр явагдах ба ОУОСХ-ны дүрмийн дагуу багийн дүнг өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй 3 тамирчны онооны нийлбэрээр гаргана. Тэмцээнийг 9 өрөгт багтаан швейцари системээр явуулна. Тоглолтын үеийн цагийн хяналт 1 цаг 30 минут, нэмэлт нүүдэл бүрт нэмэгдэл 30 секундээр тооцох юм.
        Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид ОХУ-ын Казань хотноо зохиогдох зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох эрхтэй болно.
БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон зуны 26 дугаар “Универсиад” наадамд ШУТИС-ийн оюутан, шатрын их мастер Б.Мөнгөнтуул оролцож мөнгөн медалийг хүртэж байжээ.

 

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл