Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

ЖУУЛЧЛАЛЫН ОРЧНЫ ТУХАЙ ХУУЛЬ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
         Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
         Аялал жуулчлалын салбарт олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж яваа эрхэм хүндэт бизнесийн төлөөлөгчид өө,
        Аялал жуулчлалын орчны бүсийн талаар тусгайлан ярилцах энэхүү салбар хуралдааныг сонгож оролцсонд талархал илэрхийлье. Аялал жуулчлалын орчны бүс гэдэг ойлголтоо нэгтгэх, орчны бүсийн эдийн засаг, соёл, байгаль хамгаалах эрхэм үүргийг хамтдаа ойлголцох, тийм орны бүсэд төлөвлөлтийг хэрхэн хийх, эрх мэдлийг хэн атгах, хөгжлийг яаж зохицуулах талаар өнөөдөр эс ярилцвал эргэж олдохгүй үнэт сайхан орчнууд маань үнэ цэнгүй болоход ойртоод байгаа юм.
      Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотод хөгжлийн хүчтэй давалгаанаас харамлаж хамгаалсан түүхэн бүс, түүхэн орчин гэж алга байна. Хөвсгөл нуурын орчны бүсэд хаана нь өндөр байшин барих, хаана нь гэр барих, хаана нь хогоо хаях, хаана нь усаа цэвэршүүлэхийг зохицуулсан ямар ч дүрэмгүй байна. Тэрэлжийн орчим удахгүй аялал жуулчлалын бүс биш дагуул хот болчихвий гэмээр эмх замбараагүй хөгжил явагдаж байна. Тэнд аль хэсэгт нь зөвхөн гэр байх, аль хэсэгт нь зөвхөн нэг давхар байр байх, аль хэсэгт нь олон одтой тав тухтай зочид буудлууд байх талаар хэмжээ хязгаарын хил алга. Өгий нуурын орчны бүсэд саяхан болтол олон зуун метр үргэлжилсэн хог байдаг байлаа. Түүнийг залуучууд илгээж нэг удаагийн цэвэрлэгээгээр цэвэрлүүлж дийлэхээ болиод эцэст нь амрагчдын дунд хог хаягдлын дүрэм гаргаж цэвэрлүүлжээ. Гэвч цаашид яах вэ.
      Аялал жуулчлалын орчны бүс гэдэг ойлголтыг бид хууль эрх зүйн тогтолцоондоо суулгаж, ийм зориулалттай бүсийг тогтвортой удаан хугацаанд аялал жуулчлал татах үнэ цэнтэй байлгах тусгай хууль дүрэмтэй болох шаардлагатай гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яам үзэж байгаа юм.
      Жуулчдын сонирхлыг юу татдаг вэ гэдгийг эрхэм та бүхэн хамгийн сайн мэднэ. Түүх, соёл, уламжлалт ахуй, байгалийн үзэсгэлэн, онцлог үзмэр хөшөө дурсгал, сүм хийд, соёлын бусад арга хэмжээ жуулчдын сонирхлыг татдаг билээ. Тийм ч учраас эдийн засаг хөгжиж, хөрөнгө оруулагчдын мөнгө хаа дуртай зүйлээ өөрчилж эхлэх тэр цаг үед “юугаа хуучин хэвээр нь хадгалж авч үлдэх вэ” гэдэг амин чухал асуудал тулгардаг юм.
       Өнөөдөр Монголд эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр өмнө нь ой байсан газарт хожуул үлдэж, өмнө нь гол байсан газарт уурхайн лаг шавар хөглөрч, урьд нь мал бэлчиж байсан газарт үйлдвэрийн хог хаягдал овоорч, өмнө нь эзгүй ногоон талбай байсан газарт орон сууцны байрууд сүндэрлэх боллоо. Энэ бол хөгжих гэж байгаа, хөгжиж байгаа эдийн засгийн нэг дүр төрх яах аргагүй мөн бөгөөд энэ хөгжлийг аль хүрээд зогсоох вэ, аль хилээс цааш энэ үйлдвэрийг бариулахгүй, өндөр орон сууцыг зөвшөөрөхгүй, уул уурхайг ойртуулахгүй вэ гэдгээ бид хуулиар тогтоож өгөх цаг нь болоод байна.
      Их мөнгөнөөс татгалздаг улс орон байхгүй мэт боловч, ихэнх хөгжилтэй улс орон их мөнгөний давалгаанаас өөрийн байгаль, соёл, уламжлалаа хамгаалан авч үлдэх “хамгаалалтын далан” шиг нэгэн хуультай байдаг юм. Энэ бол аялал жуулчлалын орчны бүсийг янз бүрээр тодорхойлон нэрлэсэн хууль эрх зүйн орчин.
      Аялал жуулчлал л түр зуурын хөрөнгө оруулалтын их мөнгөний өөдөөс илүү чанартай, илүү удаан хугацааны, илүү орон нутагт ээлтэй мөнгө сөргүүлэн тавьж чаддаг учраас байгаль орчны хамгаалалт болж чаддаг.
     Аялал жуулчлал л нэг удаагийн мөнгөний цунамид нутгийнхаа соёл, уламжлалыг даруулчихгүйгээр шүхэр нь болж өгч чаддаг юм. Ийм учраас аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж ярихдаа бид түүнийгээ хөгжүүлэх орчных нь тухай ярихгүй байж огт болохгүй юм.
     Тэгэхлээр аялал жуулчлалын орчны бүсийн тухай хуулиар бид юу зохицуулахыг хүсч байна вэ.
Нэгдүгээрт. Энэ хуулиар бид тухайн орон нутагт аялал жуулчлалын орчныг “түүхэн бүс”, “байгаль орчны бүс”, “соёлын бүс”, “соёлын өвийн бүс”, эсвэл зүгээр л “аялал жуулчлалын бүс” гэдэг утгаар нь тодорхойлох үйл явцыг тусгаж өгөх ёстой.
      Жишээлбэл, Улаанбаатар хотод түүхэн бүсийг тодорхойлохыг хүсвэл үүнийг хэн хийх вэ, хэний шийдвэрээр энэ бүсийг батлах вэ гэдэг асуудал тулгарна. Хилийн заагийг хэн тогтоох вэ, энэ бүс дотор хэвээр нь хадгалж үлдээх ёстой ямар ямар элемент байгааг хэн батлах вэ.
Түүхэн бүс буюу “Хисторик дистрикт” үүсгэн байгуулсан бусад хотуудын жишгээс үзэхэд эхний ээлжинд хотын хурлын байгууллага нь судалгааны хороо томилж, хотдоо түүхэн ач холбогдолтой газруудыг тогтоох, түүхэн бүсийн хил зааг, түүхэн бүс доторх барилга байгууламжийн шинж тэмдгийг тогтоож тайлан ирүүлэх үүргийг өгдөг юм байна.
       Яг ийм жишгээр аймаг, орон нутгийн хурлаар тухайн орон нутгийнхаа түүхэн, байгалийн болон соёл, уламжлалыг хамгаалах, аялал жуулчлалыг төвлөрүүлэх бүс нутгийн хилийн заагийг тогтоох, тухайн хилд заавал багтах уул ус, хөшөө дурсгал, онцлог сонин тогтоцуудыг жагсаах судалгааны хороог байгуулдаг ажээ.
        Ийм жишгийг бид хуулиндаа оруулах замаар эхний ээлжинд аймаг, сум, хот бүр өөрийн гэсэн аялал жуулчлалын орчны бүсийн тухай мэдээллийг гаргуулан авч, түүнийгээ хурлаар хэлэлцүүлж батладаг байхаар төлөвлөж байна. Орон нутгийн нээлттэй хурлаар хэлэлцүүлэх ийм хэлэлцүүлгийн явцад иргэдийн оролцоотойгоор хил хязгаарын тухай мэдээлэл өөрчлөгдөж болох бөгөөд зөвхөн нээлттэй, иргэдийн оролцоотой хэлэлцүүлгээр л аялал жуулчлалын бүс хамгийн тодорхой заагтайгаар батлагдаж чадах юм.
Хоёрдугаарт: Нэгэнт тодорхойлсон аялал жуулчлалын бүсийг цаашид яаж хөгжүүлэх вэ, ийм бүсэд хэдэн давхар, ямар барилга байшинг зөвшөөрөх вэ, энэ бүсэд гэр байх уу, байшин байх уу, эсвэл зөвхөн нэг өнгийн нэг загварын зүйлс байх уу, хогоо хаана хаях вэ, бохироо хаана цэвэрлэх вэ гэх мэтчилэн хот төлөвлөлтийн асуудлыг зохицуулах механизмыг хуулинд тусгах шаардлагатай.
Аялал жуулчлалын бүсэд амьдарч байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа бүх талуудыг оролцуулан, орон нутгийн хот төлөвлөлтийн байгууллагуудын удирдлагатайгаар тодорхой хугацаанд багтаж орчны бүсийн мастер төлөвлөгөөг хийх үүргийг хуулинд тусгахаар төлөвлөж байна.
         Энэхүү мастер төлөвлөгөө нь дээр өгүүлсэн судалгааны хорооны цуглуулж ирсэн мэдээлэлд үндэслэн, тухайн аялал жуулчлалын орчны бүс дотор байрлах үнэт зүйлийг авч үлдэх, түүндээ нийцсэн архитектурын шийдэлтэй байх, өмнө нь нэгэнт баригдсан байсан хөрөнгийн эрхийг хамгаалангаа шинээр баригдаж болох хөрөнгөд архитектурын онцлог шаардлага тавих зэрэг асуудлыг хамарсан байх болно.
Хамгийн гол нь мастер төлөвлөгөөг хийх, батлах, өөрчлөх бүх шатанд тухайн аялал жуулчлалын орчны бүсэд амьдарч байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа талуудыг тэгш оролцуулах ёстой бөгөөд зөвхөн ийм оролцоог хангасан тохиолдолд л аялал жуулчлалын бүсийн төлөвлөлт цаг хугацааны шалгуурыг дааж чадна гэж ССАЖ яам үзэж байна.
         Хуулийн төсөлд улсын чанартай аялал жуулчлалын орчны мастер төлөвлөгөөг УИХ, аймгийн чанартай аялал жуулчлалын орчны мастер төлөвлөгөөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, хот, сумын чанартай аялал жуулчлалын орчны мастер төлөвлөгөөг тухайн хот, сумын иргэдийн төлөөлөгчдийн нээлттэй хурлаар батална гэж оруулахаар төлөвлөж байна.
      Улсын чанартай аялал жуулчлалын орчны бүс гэдэгт Их эзэн Чингис хааны өв онгон, түүхтэй холбоотой газар болон улсын тусгай хамгаалалттай газар дахь аялал жуулчлалын орчны бүс багтахаар төлөвлөж байна.
        Аймгийн чанартай аялал жуулчлалын орчны бүст тухайн аймгийн нутаг дэвсгэрт буй үндэсний соёлын үнэт өв, аймгийн нутаг дэвсгэрт байгаа цэвэр ус, ойн нөөцийн орчны бүс заавал хамаарахаар төлөвлөж байна. Сум, хотын чанартай аялал жуулчлалын орчны бүсэд сум, хотын нутаг дэвсгэрт байгаа түүх, соёл, аж ахуйн онцлогийг хадгалж хамгаалах зорилготой аливаа орчны бүс байхаар төлөвлөж байна.
Гуравдугаарт: Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн газрын зураг болон мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх журмыг тус тус мастер төлөвлөгөөтэй хамт батлахаар хуулийн төсөлд оруулж байна.
         Аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн газрын зураг нь мастер төлөвлөгөөнийхөө хамт 10 жилийн турш үйлчлэх хууль зүйн баримт бичиг байх бөгөөд энэ төлөвлөгөөг 10 жил тутам хэвээр нь буюу бага зэрэг өөрчлөлттэйгээр дахин баталж байхаар төсөлд тусгаж байна.
Аялал жуулчлалын орчны бүсийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх журам гэдэг нь барилгын өндөр, өнгө, дээврийн хийц, цонх хаалганы дизайн, барилгын материал зэрэг олон янзын шийдлийн тохиолдлуудыг жагсаасан, тэр бүхний ард “болно”, “болохгүй”, “зөвшөөрлөөр болно” гэсэн хариултыг өгсөн хүснэгт байх юм.
       Жишээлбэл, Гандангийн орчмыг Улаанбаатар хотын түүхэн бүс болгохоор шийдэж, Гандангийн орчны бүсийн мастер төлөвлөгөөг гаргасан байна гэж төсөөлье. Тэгвэл тэнд 2 давхраас илүү байшин барьж болохгүй, шилэн байшин байж болохгүй, хуучны сүмийн дээврийн хийцтэй дээврийг болно гэх мэт хүснэтгээр жагсааж батладаг байх юм.
        Мөн Тэрэлж орчмын газар нутгийн 80 хувьд нь зөвхөн гэр буудал байхыг зөвшөөрсөн мастер төлөвлөгөө гарсан бол байшинг “зөвхөн зөвшөөрлөөр болно” гэсэн хүснэгтэд, гэрийг “мастер төлөвлөгөөнд тусгагдсан талбай дээр болно” гэх мэтээр журманд оруулдаг байхаар хуульчилна.
Дөрөвдүгээрт: Аялал жуулчлалын орчны бүсийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг сахиулах, орчны бүсэд барилга барих, гэр барих, орчны үйл ажиллагаанд хамрагдах зөвшөөрөл олгодог субъектын тухай хуулинд зайлшгүй тусгах шаардлагатай байгаа.
        Бидний төсөөлж байгаагаар энэ нь тухайн аялал жуулчлалын орчны бүс оршин байгаа сум, дүүргийн Засаг даргын томилсон 3 хүн, аймаг, нийслэлийн засаг даргын томилсон 3 хүн, Барилга хот байгуулалтын яамны томилсон 2 хүн, ССАЖ-ны яамны томилсон 2 хүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны томилсон 2 хүний бүрэлдэхүүн бүхий нийт 12 хүнтэй “аялал жуулчлалын орчны бүсийн хороо” байхаар тооцоолж байна. Энэхүү хороо нь шийдвэр гаргахдаа заавал 2-3 хүний саналын илүүгээр шийдвэр гаргах нь зохимжтой гэж үзэж байгаа юм.
         Мөн энэхүү хороо нь мастер төлөвлөгөө, түүнийг дагалдан гарсан журамд заасан “болно”, “болохгүй” гэсэн заалтыг өөрчлөх талаар болон мастер төлөвлөгөөг дагалдан гарсан журамд шинээр заалт нэмэх талаар шийдвэр гаргах эрхгүй этгээд байх бөгөөд зөвхөн “зөвшөөрлөөр болно” гэсэн хэсэг дээр зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг, хоёр сар тутамд нэг удаа хуралддаг, сайн дураар ажиллах, өндөр ёс зүйтэй иргэдийн байгууллага байхаар төсөөлж байна.
        Аялал жуулчлалын орчны бүсийн хорооны дор хаяж 50 хувийг тухайн орчны бүсэд үйл ажиллагаа явуулдаг, оршин суудаг иргэдээс томилох ёстой гэж үзэж байна. Ингэснээр тухайн орчны бүсэд байгаа үнэ цэнтэй түүх, соёлын өв, байгалийн өвийн тухай мэдээлэл хойч үедээ дамжин үлдэх, үнэ цэнтэй зүйлсээ хадгалж хамгаалах сонирхол удаан хугацаанд хадгалагдах магадлал илүү өндөр болно гэж үзэж байна.
Чуулга уулзалтын эрхэм төлөөлөгчид өө,
       Та бүхнээр хэлэлцүүлж байгаа энэхүү хуулийн төслийн үзэл санаа аялал жуулчлалын салбарт шинэчлэлтийг авчирна гэж итгэж байна. Өнөөдөр бид та бүхний гар дээр хуулийн төслийг бэлэн болгож тавиагүй байгаа ч гэсэн хуулийн хэрэгцээ шаардлагын талаар та бүхнээс сонсохыг хүсч байна.
Ийм хууль хэрэгтэй юу гэдэг асуултад та бүхэн хариулж өгнө үү.
Ийм хуультай байвал бид аялал жуулчлалыг цэгцтэй зөв хөгжүүлж чадах уу.
Ийм хуультай байвал Баян-Өлгийд Таван богдод аялах орчны бүс үүсч чадах уу, Ганга нуурт шувуу ажиглах орчны бүс гарч ирж чадах уу. Говь-Алтайд ирвэс ажиглах уулын дүрэм гарч ирж чадах уу? Хөвсгөл нуурын эрэг орчмын хөгжил байгальд ээлтэй болж чадах уу.
Та бүхэн энэ тухай тунгаан бодож хэлэлцүүлэгт идэвхитэй оролцохыг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгэгдэл