Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр “Монголын аялал жуулчлалын форум”-2013 нэгдсэн хуралдаанд оролцон нийт төлөөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас энэ чиглэлээр баримталж буй бодлого, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар салбарынханд мэдээлэл өглөө.

Тэрбээр үгийнхээ эхэнд Шинэчлэлийн Засгийн газар соёл, спорт, аялал жуулчлалын үйл ажиллагааг дагнан хариуцах яам бий болгосон нь нүүдэлчин өв соёл, үүх түүхээ дэлхий дахинаа таниулахад чиглэсэн бодлогын цөм юм хэмээн тодотголоо. “Гадныханд таниулах бүү хэл өөрсдөө ч соёл уламжлалаа улирч хуучирсан, бүдүүлэг хоцрогдсон гэх маягаар харах болсон энэ үед өөрсдийн гэсэн бүхнээ өмөөрөхийн зэрэгцээ өвлүүлж, улмаар бахархан дэлгэрүүлэх хэмжээнд хүргэхээр энэ ажлыг гардан хийх “монгол яам”-ыг байгуулсан юм” хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.

Шавхагддаг байгалийн нөөцөөс олсон ашгаасаа шавхагдагдашгүй салбарт хөрөнгө оруулан хөгжүүлэхийг зорьж байна. Энэ салбаруудын нэг болох аялал жуулчлалын салбарт юуны өмнө үндэснийхээ биет болон биет бус өв соёлоо өндөр түвшинд үзүүлэн сурталчлах дэд бүтэц бий болгоно. Уламжлал, соёлоо таниулж чадахгүйгээс буруу ойлголт үлдээдгийг манай оронд жуулчлаад буцсан нэгэн итали залуугийн сэтгэгдлээр Ерөнхий сайд жишээлсэн юм. Нүүдэлчдийн соёлыг биеэр үзэхээр ирсэн итали жуулчин Монголд хийсэн аяллынхаа тухай “Хурдацтай хөгжиж байгаа Улаанбаатараас гарч Элсэн тасархайд очлоо. Тэнд өглөөний цай уухад бага зэрэг байцааны саладтай, хажууд нь дөрвөлжин хэрчсэн махтай, хоёр ширхэг хагас бөөрөнхий будаан дээр кетчуп дусаасан хоол өгөв. Үүнийг гульяш гэнэ. Аялал үргэлжилсээр Хархорин хэмээх эртний хотод очлоо. Тэндээ өдрийн хоол идэхэд дахиад байцааны саладтай, хоёр ширхэг хагас бөөрөнхий будаан дээр кетчуп дусаагаад өгөв. Харин мах нь арай нарийн байлаа. Үүнийг нарийн махан хуурга гэнэ. Цааш явсаар Архангай хэмээх хотын төвд их орой очиж, тэндээ мөн хооллов. Харчирхалтай нь, хэсэг байцааны салад, амттай боловч хатуувтар мах өгсөн бөгөөд хажууд нь дахиад л хагас дугуй хэлбэртэй хоёр будаан дээр дусаасан кетчуптэй өгөв. Үүнийг котлет гэнэ. Ер нь кетчуп дусааж будаа өгөх нь нүүдэлчдийн соёл бололтой” хэмээжээ.

“Жижиг гэлтгүй бүх зүйлээр гийчдэд онцлогоо харуулахын чухлыг, аялал жуучлал гэдэг цогц төлөвлөлт байх ёстойг энэ жижигхэн сэтгэгдэл харуулж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд аялал жуулчлалыг Монголын эдийн засгийн нэгэн чухал гарц болгохын тулд аяллын олон төрлийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг дуулгалаа.

Түүнчлэн, аялал жуулчлал ямагт тав тух шаарддаг учраас нутаг бүрийн онцлог нөөцөд тулгуурлан дэд бүтэц, барилга байгууламж барина. Тухайлбал, Хөвсгөл далайн эрэг дээрх дүнзэн байшинг дэд бүтэцтэй байлгах нь энэ салбарын чухал үзүүлэлт. Мөн зам дагуу нийтийн бие засах газар, ундаа хоолны үйлчилгээ бүхий амралтын цэгүүд байгуулна.

Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх, агаарын тээврээ өргөтгөх, шинэ нисэх онгоцны буудал барих ажлыг түргэвчилж байна.

Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том ITB Berlin үзэсгэлэнд Монгол Улс 2014 онд түнш орноор оролцохоор тохиролцсон. Олон улсын томоохон зах зээл дээр нэг удаагийн том сурталчилгаа хийгээд өнгөрөхдөө биш, үүний үр дүнд ирэх жуулчдын урсгалд бэлтгэх ажил эхлүүлснийг Ерөнхий сайд хэллээ. Энэ жил зургаан аймгийг, 2015 он гэхэд 21 аймгаа хатуу хучилттай засмал замаар холбох юм.

Өөрсдийн түүхээ гадныхны судалгаагаар харж ирснийг халж, дэлхий нийтэд нүүдэлчдийн гарвал угсаа, Монголчуудын төр улсын түүхийг илүү тодоор батлан харуулах нарийн судалгааг энэ жилээс монгол эрдэмтдийн багаар хийлгэж эхэллээ.

Тухайн нутгиин өвөрмөц үзмэр, түүхийн олдворыг дэлгэн харуулах, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах түшиц болгохоор аймаг бүрт Аяллын төвүүд нээнэ. Харин нийслэлдээ Үлэг гүрвэлийн музей байгуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан. Цаашид говийн аймгуудад үлэг гүрвэлийн цогцолбор музей, палеонтологийн лабораторийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулахаар зорьж байна.

Ирэх гуравдугаар сарын эхээр болох “Монголын эдийн засгийн чуулган”-ыг “Монгол брэнд” сэдвийн дор зохион байгуулах ба энэ үеэр аялал жуулчлалын салбарт брэнд гаргах талаар ч өргөн хүрээнд хөндөн ярилцана.

Ойрын болон дунд хугацаанд аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх эдгээр ажлыг Ерөнхий сайд дурьдаад, “Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хил гаалийн болон төрийн албаны үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох олон талт ажил аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх болно” хэмээн тодотгосон юм.

Сэтгэгдэл