Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-17
  • Хэвлэх

Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Монголын аялал жуулчлалын форум”-ыг энэ сарын 28, 29-нд зохион байгуулах гэж байгаа билээ. Энэ талаар ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.
-Удахгүй зохион байгуулах гэж буй хуралдаанд ямар хороод оролцох вэ?
-Эхний өдөр гурван том салбар хороодын хуралдаан, 29-ний өдөр төрийн ордонд нэгдсэн хуралдааныг зохион байгуулах гэж байна. Үүнд:
1. Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт
2. Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудал
3. Аялал жуулчлалын брэндинг гэсэн салбар хороод хуралдана.
-Чуулганд хэчнээн байгууллагаас, хэдэн төлөөлөгч оролцуулахаар төлөвлөсөн бол?
-Бүх аймаг орон нутгийн төлөөлөл 150, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, багш судлаачид, эрдэмтэд зэрэг нийт 700 гаруй төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
-Дээр дурдсан гурван салбар хороо маань өөр өөр асуудлын талаар ярих байх?
-“Аялал жуулчлалын салбарын эрх зүй, удирдлага зохион байгуулалт” хороо маань дотроо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон аялал жуулчлалын салбарын удирдлага, хүний нөөцийн асуудал гэсэн дэд хороотой байгаа. “Аялал жуулчлалын тогтвортой хөгжил ба орчны бүсчлэлийн төлөвлөлтийн асуудал хороо” нь аялал жуулчлалын орчны төлөвлөлтийн тухай болон Бүтээн байгуулалт ба түншлэл сэдвээр ярилцах юм. Энэ мэтчилэн гурван хорооны зургаан дэд хорооноос гарсан санал, хүсэлтийг багцлаад Засгийн газарт яаралтай өргөн барьж, тогтоол батлуулах юм л даа.
-Тэгэхээр ямар чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа вэ?
-Манай энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудалд тусгай сонирхлын аялал жуулчлалын нэр төрөл, бүтээгдэхүүн, чиглэл тогтоох гэж байгаа. Гадаадаас жуулчид ирэхдээ зөвхөн Монгол орныг үзье гэх нь байхад, зөвхөн нүүдэлчин ахуйг ч юм уу эсвэл Монголын ан амьтан, шувуудыг үзэхээр ирэх жуулчид нэлээд байдаг. Зөвхөн сонирхсон зүйлийг тусгайлан үзэж, судлахаар ирж байгаа биз. Тэгэхээр тийм жуулчдад зориулсан, сонирхож байгаа чиглэлийнх нь аяллын маршрут байх хэрэгтэй. Ийм тусгай аяллыг хөгжүүлэх анхны алхам маань шонхор шувууг үндсэний бахархалт шувуу болгон зарласан явдал. Дэлхий дээр сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа төрөл бол шувуу ажиглах аялал юм. Манайд ч гэсэн энэ төрөл хөгжих өргөн боломж бий.
-Нүүдэлчин аж ахуй ч юм уу, шувуу ажиглах аялал манай оронд хөгжиж боломжтой гэлээ. Өөр ийм тусгай аяллын маршрут гаргаад жуулчдад сонирхуулах төрөл бий болов уу?
-Монгол оронд тусгай аяллыг ерөнхий зургаан төрлөөр хөгжүүлж болох юм. Шувуу, ан амьтан ажиглах, экстрем спортын төрлөөр, шашны аялал, түүх сонирхогчдын аялал, археологи, палеонтологийн олдвор сонирхогчдын аялал, нүүдэлчин ахуй сонирхогчдын гэсэн төрлүүдийг хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна .
Шувуу, ан амьтан ажиглах аяллыг дийлэнхдээ 40-өөс дээш насны, хөрөнгө мөнгөтэй хүмүүс л сонирхдог гэсэн судалгаа гараад байгаа. Эдгээр жуулчид шувуу сонирхогч олон арван жуулчдыг Монгол руу дагуулж ирэх нь дамжиггүй.
-Тусгай сонирхлын аялал хэр хөгжих боломжтой вэ?
- Экстрем спортын төрөл манай оронд сүүлийн жилүүдэд хөгжиж эхэлж байна. Түүнчлэн Эрдэнэзуу, Хархорин, Амарбаясгалант хийд гээд сүм хийдүүдийг түшиглэсэн шашны аяллын тусгайлсан маршрутыг бий болгох, түүх соёлын дурсгалуудыг судлан сонирхож, жуулчлал хийдэг хүмүүсийг татах боломжтой. Мөн Төв аймагт Үлэмж биетний өргөө динозаврын музей, Дундговь аймгийн Адаацаг суманд динозаврын адал явдалт аяллын парк зэргийг байгуулахаар төлөвлөж байна. Монголчууд бидний дэлхийн хэмжээнд хамгийн өрсөлдөх чадвартай тусгай аялал бол нүүдэлчин ахуй маань юм шүү дээ.
- Форумаас гарах үр дүнг та юу гэж харж байна вэ ?
- Юуны түрүүнд шинэ яам байгуулагдсанаас хойш аялал жуулчлалын салбарт зохион байгуулж буй анхны нэгдсэн хуралдаан гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Энэхүү форумын хүрээнд бид Засгийн газар, ССАЖЯ-наас ирэх жилүүдэд баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааг аялал жуулчлалын салбарын хамт олондоо таниулах, салбарын хэмжээнд гарч буй санал, санаачлагыг эрх зүйн баримт бичгүүддээ тусгах, Монгол улсын аялал жуулчлалын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зэрэг зарчмын асуудлуудыг өргөнөөр хэлэлцэх болно.

Эх сурвалж: "АРДЧИЛАЛ" СОНИН Б.ЦЭДЭВСҮРЭН

Сэтгэгдэл