Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2018-09-06
  • Хэвлэх

Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны  “Нахиа” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн зорилго нь хоёр улсын хүүхдийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уран бүтээлийг дэмжих, туршлага солилцох, харилцан хүүхдийн зохиол бүтээлийг хэвлүүлэх, хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулах явдал юм.

2016 онд ӨМӨЗО-ны  Өвөр Монголын Багачууд хүүхдийн хэвлэлийн газраас эмхтгэн гаргасан 1400 боть, 14000 ширхэг “Монгол үндэстний амьтны тухай ёгт үлгэр” номыг Монголын хүүхдийн төв номын болон  бусад номын сан, ерөнхий боловсролын сургуулиудын номын санд бэлэглэж, “Нахиа” хөтөлбөрийн ном солилцоог эхлүүлсэн.

2017 оны 5 дугаар сарын 26-нд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т   гарын үсэг зурсан бөгөөд уг хөтөлбөр нь 5 жилийн хугацаатай хэрэгжих  юм.

2017 онд “Нахиа” хөтөлбөрийн хүрээнд Хятадын талаас Монголын талд Дорно дахины 20 шилдэг үлгэр болон Дэлхийн сонгодог 20 шилдэг үлгэрүүд болох нийт 1200 ком, 56 мянган ширхэг, 1 сая юанийн үнэ бүхий хүүхдийн номыг нийтийн болон сургуулийн номын сангуудад хандивласан.

Мөн Монгол-Хятадын хүүхдийн уран бүтээлчдийн “Утга зохиол-соёлын гүүр” сэдэвт уулзалт, ярилцлага болж, хүүхдийн зохиолчид харилцан туршлага солилцож, санал бодлоо хуваалцсан юм.

2018 онд  Хятадын алдарт зохиолч Шэнь Ши Сийгийн шилдэг бүтээлүүдээс арван зохиолыг түүвэрлэн  “Дундад улсын одоо үеийн амьтны үлгэр” цувралаар ном солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, манай улсын нийтийн болон ЕБС-ийн номын сангуудад хандивлаж байна.

 Цаашдаа монголын хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийг орчуулж, хятадын хүүхэд багачуудын хүртээл болгох юм.

    Хоёр орны хүүхдэд зориулсан уран бүтээл туурвидаг уран бүтээлчдийг (зохиолч, хөгжмийн зохиолч, зураач, хэвлэлийн дизайнер гэх мэт)  харилцан солилцох, хүүхдэд зориулсан ном хэвлэлд тавигдах шаардлага, стандартыг боловсруулах чиглэлээр туршлага судлах, сургалт зохион байгуулах, хүүхдийн ном хэвлэлийн төлөөлөгчдийг харилцан солилцох, хоёр талын хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, ном уншуулах арга барил, туршлагатай танилцахад ач холбогдолтой ажил юм.

 

 

Сэтгэгдэл