2017-12-06
  • Хэвлэх

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлогод “4.2.1 Монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох”, 1994 онд гаргасан ЮНЕСКО-гийн "Нээлттэй удирдамж"-ийн гол санаа "Сургуулиуд бүхий л хүүхдэд хүрч үйлчилдэг байх ёстой" хэмээх боловсролд тэгш хамруулах зарчмын чухал баримтлалд тулгуурласныг үндэслэн хүүхдүүдэд чиглэсэн манлайллын хөтөлбөрийг соёл, урлагаар дамжуулан хэрэгжүүлэхээр зорьж байна.

Хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хөгжүүлэх, соёлт иргэн болгон төлөвшүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн үүрэг оролцоо чухал суурь болохын хувьд ЕБС-ийн төсөлт ажлын цагт тулгуурлан хүүхэд өөрийгөө таних, хөгжүүлэх, манлайлах боломжийг бүрдүүлэн, сурагч бүрийн тэгш оролцоог хангасан төслийг хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байна.

Уг асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн урлагийн аргачлалд тулгуурласан төсөл хэрэгжүүлэх нь нөлөөллийн чухал эхлэл болно.

Төслийн зорилго

Манлайлал юунаас эхэлдэг вэ ?

Авъяасгүй хүүхэд гэж байдаггүй, гагцхүү юунд илүү сонирхолтой гэдгийг тодорхойлж, өөрийгөө илүү мэдсэнээр, ирээдүйд Монгол улсын хөгжлийг аль чиглэлээр манлайлах, болон зорилгууд бий болох үндэс болно.

Хүүхэд хаана төрсөн болон одоогийн амьдралын нөхцөлөөс үл хамааран хамгийн чухал нь хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх чадлаараа хийж эхлэхээс ирээдүйд хэрхэн амьдрах, манлайлах, зорилгодоо хүрч чадах эсэх хамаардаг. Өнөөдөр өөрийгөө дайчлан хөгжих хүсэл эрмэлзэл, зориг байгаа юу гэдэг чухал. Байхгүй бол бий болгохын төлөө уг хөтөлбөр чиглэнэ.

Бүх хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үзэл хандлага, сургалтын орчин, багшийн сургалтын арга зүй, харилцааг өөрчлөхөд шат дараалласан алхмууд хэрэгтэй ба уг төсөл үүний нэг болж чадна.

Төслийн үр дүн

Төслийн хүрээнд явагдсан хөтөлбөрийн дүнд сурагчдын өөртөө итгэх итгэл, идэвхи санаачлагыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар ирээдүйд манлайлах нөхцөл, үндсийг тавих, хүүхэд бүрийн тэгш оролцоог хангах замаар сургуулийн тодорхой талбайг өөрийгөө илэрхийлэх, хөгжих, мэдлэг мэдээллээ хуваалцах, манлайлах орон зай болгон хөгжүүлэх эхлэл тавигдана. Үүнийг жишиг болгон бусад сургуулиудад үе шаттай хэрэгжүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах нь ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх гол түлхэц болно. Ийнхүү сурагч бүрийн тэгш оролцоог бүрдүүлж, өөрийгөө илэрхийлэх, танин мэдэх, хөгжүүлэх хэрэгцээг хангахад суурилсан хөтөлбөрийг соёл урлагийн нөлөөллөөр дамжуулан хэрэгжүүлэх уг хөтөлбөр боловсролын тэгш хүртээмжийн бодлогод нөлөөлөх, боловсролын тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэх өргөн хүрээтэй бодлогын гол цөм болно.

Төслийн үе шатууд

Төсөл гурван үндсэн үе шаттай явагдана. Эхний үе шатанд хүүхдүүдийн сэтгэлзүйн түвшин, үзэл бодол орчны тухай санаа бодлыг нээх зорилготойгоор сэтгэлзүйч багш ажиллана. Хоёрдугаар үе шатанд “Ярих ур чадварын академи”-ийн багш нарын Манлайлал гэж юу болох?, Мэргэжилээ хэрхэн сонгох?, Ярих ур чадвараа сайжруулах тухай сургалт явагдаж гуравдугаар үе шатанд хүүхдүүд өнөөдрийн сургагч багш нараас ойлгосон бөгөөд өөрсдийн үзэл бодол илэрхийллийн хүрээнд урлагийн буланг хамтдаа бий болгож “Ханын туурган зураг” бүтээхэд оролцоно.

1-дүгээр үе шат

2017 оны 12 сарын 07 нд 44 дүгээр сургуулийн урлагийн зааланд 12:30 цагт сургуулийн 10-12 дугаар ангийн 250 хүүхэд хамарсан лекц уншсанаар эхэлнэ. Лекц удирдах багш нар:

Г.Өлзийсайхан “Аз жаргалын боловсрол” ТББ

2-дугаар үе шат

2017 оны 12 сарын 07 нд 14:00 цагт “Ярих ур чадварын академи” багш нар 50 сурагчийн оролцоотой 2 цагийн сургалтыг зохион байгуулна.

- Үндэсний лектр Б.Ганпүрэв

- Ярих ур чадварын академийн тэргүүн, сэтгэл судлаач Г.Ганчулуун нар хичээл орж лекц уншина.

Сэдэв : Ярих ур чадвар, Илтгэх урлаг, Манлайлал

3-дугаар үе шат

Хүүхдүүдийн оролцоотойгоор “Ханын туурган зураг” бүтээх, самбар хийх ажиллагаагаар үргэлжилнэ. Хүүхдүүд өөрсдийн санаа бодлыг бэлдсэн цаасан дээр бичиж зурж самбар дээр наан зураг болгож бүтээл үүсгэн өөрсдийн гэсэн УРЛАГИЙН БУЛАН-тай болох юм.

СУГ-ын мэргэжилтэн Х.Одмаа

Сэтгэгдэл