Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-16
  • Хэвлэх

Энэхүү төсөл нь ЮНЕСКО, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол, Вьетнам, Уганда улсад хэрэгжүүлж буй “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж байна. Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг шинэ хэлбэрээр илэрхийлэн танилцуулах замаар хөхиүлэн дэмжих, төв, орон нутгийн бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөгжих боломжийг дэмжиж чадах стратеги болон практик хүрээг бий болгоход төслийн зорилго оршино.

“Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарыг 2016 оны 5 дугаар сар 31- ний өдрөөс 6 сарын 3- ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулсан бол төслийн 2 дахь жилд “Монгол Улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт, семинарыг 2017 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх, орон нутагт “Соёлын үйлдвэрлэл”-ийн бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн цаашид авах арга хэмжээг тодорхойлоход оршиж байна.

Монгол Улс 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн Конвенцид нэгдсэн бөгөөд 2008 оноос хойш БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр “Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, соёлын олон төрөл зүйл-Монголын гар урлалын үйлдвэрлэлийг чадавхижуулах нь” төслийг хэрэгжүүлсэн юм.

Бүтээлч үйлдвэрлэл нь нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, соёлын олон төрөл зүйлийг хамгаалах хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн эх үүсвэрээс гадна ядуурлыг бууруулах нэгэн арга зам болно.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах” сургалт семинарыг ЮНЕСКО-гийн соёлын салбарын олон улсын итгэмжлэгдсэн мэргэжилтэн хөтлөн нийслэл болон хөдөө орон нутгийн 50 оролцогчдийг хамруулсан. ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Төслийн баг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулж байгаа төслийн 2 дахь шатны семинарт төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёл, урлаг хариуцсан мэргэжилтнүүд, олон улсын эксперт, эрдэмтэн судлаачид зэрэг 90 гаруй хүн хамрагдах юм.

Сэтгэгдэл