Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-09
  • Хэвлэх

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, уртын дууны “Өнө” чуулга болон МУГЖ уртын дууны багш Б.Батболд нар хамтран “Үндэсний бахархалт-Уртын дуу”-ны цуврал цахим хичээлийг үзэгч олон түмэндээ бэлтгэн хүргэхээр ажиллаж байна.

 

Соёлын өрсөлдөөн идэвхжиж байгаа даяаршлын өнөө цаг үед аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалж даяаршихын тулд Монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр цахим орчин дахь агуулга, мэдээ мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулах ба ардын уртын болон богино дуу, тууль, тэдгээрийг дуулах, хайлах арга барилыг биет бус өв хэмээн тусгасан байдаг. Тийм ч учраас “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрт Уртын болон богино дуу, туульс зэрэг ардын язгуур урлагийг залуу үеийнхэнд цахим орчинд зааж сургахад зориулсан сургалтын эх бэлтгэх, язгуур урлагийн сан бий болгох ажлыг дэмжих тухай тусган ажиллаж байна. Соёлын биет бус өвийг залгамжлагчдын дийлэнх нь 50- дээш насны ахмадууд байгаа бөгөөд цөөхөн тооны идэр залуучууд байгаа юм. Нутаг нутгийн онцлог ая, аялгууг шингээсэн уртын дуу, уриа дуудлага, зан заншил, ахуйн соёлыг тэр хэвээр нь өвлүүлэх ажлыг шат дараатай эрчимжүүлэх шаардлагатай гэж харагдаж байна. Дахин давтагдашгүй өв соёлоо сураг төдий болгон орхигдуулах вий гэсэн эргэлзээ, айдас өнөөдөр бидэнд тулгараад байгаа нь бидний анхаарах ёстой асуудлын нэг мөн. Гарт баригдаж нүдэнд харагдах зүйлсийг эд баялаг хэмээн үзэж чухалчилж байгаа нь нэг талдаа биет бус соёлын өвөө орхигдуулахад хүргээд байгаа юм. Хүн мэддэг зүйлээ илүү сонирхож судлахыг эрмэлздэг нь дамжиггүй. Гэтэл англи хэл сурах цахим хичээл олноор байгаа хэрнээ үндэсний өв соёлоо түгээх, өвлөн уламжлах уртын дууг цахимаар сурах хичээл яагаад огт байхгүй байгаа нь уртын дууны цахим сургалт хийх хэрэгтэй байгааг илтгэж байна. Зөвхөн мэрэгжлийн хүмүүс, өвлөн уламжлагчид өв соёлоо тээж үлдэх ёстой гэсэн ойлголтоос салж, хаана ч явсан уртын дуугаа сурах орчныг хялбаршуулан түгээх энэ тухай мэдлэг олгох нь чухал болоод байгаа билээ.

 

Сэтгэгдэл