Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-10-04
  • Хэвлэх

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамын Монгол хэлэнд орчуулсан Энэтхэгийн утга зохиолууд болон түүний уран бүтээлийн чуулган 21 боть номын нээлтийн ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Үндэсний номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний танхимд боллоо. “Оюун Эрдэнэ” 21 боть бүтээлийг хэвлэж олны хүртээл болгох ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам, “Ж.Гэндэндарам сан” хамтран хэрэгжүүлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар болон Үндэсний номын сан хамтран номын нээлтийн ёслол болон Монголын номын сангууд, эрдэм шинжилгээний байгууллагуудад уг бүтээлийг хандивлах ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү 21 боть бүтээлд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамын:

- хинди болон англи хэлнээс монгол хэлнээ хөрвүүлсэн Энэтхэгийн сонгодог зохиолууд

- Ж.Гэндэндарамын өөрийн бичсэн зохиол бүтээлүүд

- Мөн монголын нэрт яруу найрагчдын бүтээлийг англи хэл рүү хөрвүүлсэн /21 дэх боть / бүтээлүүд багтсан бөгөөд аймаг, нийслэлийн номын сангууд болон эрдэм шинжилгээний байгууллагуудаар дамжуулан эдгээр бүтээлүүд нь монголын уншигч, судлаачдын хүртээл болж байна.

Номын дээжсээс Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн номын сан, Төв аймгийн нийтийн номын сан болон, МУИС, Хэл зохиолын хүрээлэн, Дашчойлин хийд, Монголын соёл, яруу найргийн академи зэрэг байгууллагуудад хандивлалаа.

Уг нээлтийн ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд доктор суреш Бабу, Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Раву Шанкар Гоел, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг нарын албаны хүмүүс болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Очирбат, Академич Р.Цэрэнсодном, Төмөртогоо, Ардын багш Өнөрбаян, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо, Дашчойлин хийдийн хамба Дамбажав тэргүүтэй хүндэт зочид, төр, нийгэм, соёл урлаг, шашин, шинжлэх ухааны зүтгэлтнүүд болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, номын сангийн төлөөлөл нэрт зохиолчид, яруу найрагчид, ном шимтэн сонирхогчид оролцсон юм.

Монгол-Энэтхэгийн хоёр улсын соёлын харилцаа жилээс жилд өргөжиж байгаагийн нэг илрэл нь энэхүү арга хэмжээ бөгөөд монголын уншигч, судлаачдад оюуны хөрөнгө оруулалт хийсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам болон “Ж.Гэндэндарам сан”-д БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон үг хэлсэн зочид төлөөлөгчид талархалаа илэрхийлсэн юм.

Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын Соёл, яруу найргийн академийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарам нь Энэтхэгийн Хинди хэлнээс “Шрираамачандраан тууж оршвай”, “Махаабхарата”, “Бхагаватагийта”, “Шакундала”, “Номын мөр”, “Буддхын цадиг”, “Ядуугийн зовлон”, “Нүгэл буян”, “Төөрсөн хувь тавилан” зэрэг 15 ном, Энэтхэгийн зохиолчдын 14 шүлэг богино өгүүлэл, туужийг орчуулж “Нүдэн золио” гэдэг ном болгон хэвлүүлсэний зэрэгцээ, англи хэлнээс “Монголын байлдан дагууллын түүх”, “Эзэн Чингис хаан болон түүний үр сад”, “Орчин үеийн Монгол улс” (Феодализмээс коммунизмээр дамжин капитализм уруу), “Буддхын шашны түүх” зэрэг ном болон 11 богино өгүүлэл, тууж, мөн Ш.Сүрэнжав, Г.Мэнд-Ооёо, Ц.Бавуудорж, Ж.Дашдондог зэрэг Монголын зохиолчдын 50 гаруй шүлэг, найраглал, дуулийг англи хэл рүү орчуулж “Зуун найман тарни”, “Монголын яруу найргийн цоморлиг” гэсэн хоёр ном гаргасан нэрт орчуулагч, зохиолч юм. Тэрээр

“Гэндэндарам сан”-г байгуулж, уран зохиолын орчуулгын шилдэг бүтээлд олгох “Билэгт гүүш” шагналын санг өөрийн хөрөнгөөр бий болгож, 2 жил тутамд нэг удаа уг шагналыг олгодог юм.

Сэтгэгдэл