Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-09-26
  • Хэвлэх

Номд дуртай Монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн “Номын баярын өдөр” өргөн цар хүрээтэй болж, гэр бүлийн уншлагыг дэмжих, бүх нийтээр ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, зохиолчдыг алдаршуулах, зохиол бүтээлийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.

Номын баярт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сангууд, хэвлэлийн газар, номын худалдаа эрхэлдэг 70 гаруй байгууллага, 40-өөд зохиолч, яруу найрагч, орчуулагчид мөн хувиараа ном борлуулагчид, ном соёлоо эрхэмлэн дээдэлдэг олон байгууллага, иргэд оролцлоо. Номын баярын өдрүүдэд нийтдээ 20 гаруй төрлийн ном хэвлэлийг сурталчилсан үйл ажиллагааг зохион байгуулсан.Үүнд:

Тэгш ой тохиож буй Монголын нэрт зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, номын сангуудаас гэр бүлийн уншлагыг дэмжих чиглэлээр хийж буй үйл ажиллагааны зурагт үзэсгэлэн, яруу найрагч Д.Сэр –Одын нэрэмжит шагналтнуудын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Мөн номын санчдын дунд “Бүгдээрээ ирээдүйг бүтээнэ, нэгдээрэй” хэлэлцүүлгийг Үндэсний номын сан зохион байгуулж, Монголын номын сангийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагааг хамтдаа хэлэлцэж, зорилгоо тодорхойлсон байна. Хүүхдийн төв номын сангаас нэрт яруу найрагч Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага, “Гэр бүлээрээ ном уншдаг эцэг, эхчүүдтэй хийх уулзалт”, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” зохиолын чанга уншлага зэрэг сонирхолтой арга хэмжээ боллоо. Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэлний өдөр зарлах тухай” "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн тухай", “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулгаас гадна, уламжлалт зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, номын сангийн хууль сурталчлах, номын солилцоо, ”Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” хөтөлбөр, Ж.Золбаяр “Цаг хугацаагаар...” зэрэг шинэ номын танилцуулга, номын клубуудын уулзалт, номтой холбоотой хөгжөөнт тоглоом зэрэг ном тойрсон үйл ажиллагаа боллоо. Мөн Монгол Улсын консерватори, “Соронз” хамтлаг болон чөлөөт уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг олон түмэнд сонирхууллаа.

Нийслэлийн дүүргүүдээс “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” 9 хүүхдийг шалгаруулж, гэр бүл, эцэг эхийн хамт бүтэн жилийн хугацаанд Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын санд үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг, шинэ номоор шагнаж урамшууллаа.

Сэтгэгдэл