Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-09-21
  • Хэвлэх

“Музей ба хөгжил-2017” музейн ажилтны нэгдсэн чуулган 2017 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын үндэсний музей, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Нэгдсэн музей хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд зохион байгуулсан юм. Чуулганд ОХУ, БНХАУ, АНУ-ын илтгэгч, зочид төлөөлөгчид, 38 музейн удирдлага, ажилтан, албан хаагчид зэрэг нийт 330 гаруй хүн оролцлоо.

Чуулганы хүрээнд:

1.    Нийгмийн хөгжилд музейн оролцоо” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “

2.   “Музейн менежмент” Музейн удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөн

3.  “Музейн сан хөмрөгт зураасан кодны систем нэвтрүүлэх нь” /сан хөмрөгийн эрхлэгч, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч/

4.  “Музейн нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл” сэдэвт сургалт, семинар /Менежер, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан/  

5.   Урлаг спортын бага наадам зохион байгуулагдав.

       Чуулганы үйл ажиллагааг дүгнэхэд:

“Нийгмийн хөгжилд музейн оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар ОХУ, БНХАУ, АНУ-ын илтгэгч, төлөөлөгчид анх удаа илтгэл, танилцуулга хэлэлцүүлж, туршлага солилцож, хурлаас Монголын музейн салбар байгууллагууд нийгмийн хөгжилд музейн оруулах оролцоог нэмэгдүүлэх өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэх зөвлөмж гаргав. Зөвлөмжид Монголын музейнүүд соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн хадгалж, хамгаалах үүргээс гадна хүний боловсрол, хөгжилд чиглэсэн олон нийтийн арга хэмжээг Монгол орны нөхцөлд тохируулан зохион байгуулахаар оруулав.

Зохион байгуулсан тодорхой сэдэвт сургалтууд музейн мэргэжилтнүүдийг чадавхижуулахаас гадна шинэ мэдлэг, мэдээлэл олгож, музейн олон талт мэргэжлийн ажлыг онол, практикт суурилсан шинжлэх ухааны үндэстэй явуулах боломж гарцыг нээж өгөв. Мөн Монголын музейн салбар 2017-2018 онуудад музейгээс нийгмийн хөгжилд оруулах оролцоог нэмэгдүүлж, музейн олон нийтийн ажлыг идэвхжүүлэх хүний хөгжилрүү анхаарч ажиллахаар чиг хандлагаа тодорхойллоо.

Түүнчлэн урлагийн арга хэмжээг дуу, шүлэг, бүжиг, хөгжим гэсэн төрлүүдээр зохион байгуулж авъяас билигээ уралдуулснаас Үлэг гүрвэлийн төв музей, Монгол цэргийн музей, Дундговь аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Дорноговь аймгийн музейн авъяастнууд шалгарлаа.

Спортын арга хэмжээг холимог багийн волейболын, дартсын гэсэн 2 төрлөөр зохион байгуулж, волейболын нөхөрсөг тэмцээнд 21 музейн баг тамирчид хурд, хүчээ сорин оролцсон бол музейн захирлуудын нэрэмжит дартсын тэмцээнд 27 музейн захирлууд оролцож шилдгүүдээ тодруулав. Хурд, хүчээ сорисон 21 баг тамирчдаас Богд хааны ордон музейн баг 1-р байр, Эрдэнэ зуу музейн баг 2-р байр, Өвөрхангай аймгийн музейн баг 3-р байранд шалгарсан бөгөөд Дартсын тэмцээнд Хөвсгөл аймгийн музей, Сүхбаатар аймгийн музей, Чойжин ламын сүм музейн тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

“Музей ба хөгжил 2017” чуулган онол, практикийг хослуулсан, судалгааны үр дүнг хэлэлцсэн, гадаадын эрдэмтдийн туршлагаас суралцсан, музейн хамт олны нөхөрсөг бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлсэн ач холбогдолтой үр дүнтэй болж өндөрлөсөн юм.  

Сэтгэгдэл