Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Соёл, урлагийн газар

2017-09-18
  • Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг 9 дүгээр сарын 22- 23-ны өдрүүдэд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулна.

 Номын баярын өдөрлөг Баасан гарагийн 11.40-18.00, Бямба гарагийн 11.00- 18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагт болно.

Энэ жилийн номын баярын гол онцлог нь  хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг,эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай тэмдэглэж байгаагийн зэрэгцээ  Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов,зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил,Төрийн шагналт,зохиолч Ч.Чимид /90/, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаа/80/,яруу найрагч Д.Нямсүрэн/70/,Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар /60/ жилийн тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийг номын сангуудтай  хамтран сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом“Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Сэтгэгдэл